Б.Баттөгс : Монгол эр хүн та хаана байна?

14433502615607c6f5d2e60Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот Монгол эр хүн хаана байна?
Цэлмэг тэнгэрт сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт Монгол эр хүн хаана байна

Хазаар даран тэмүүлсэн
Хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын сүлдэн тэнгэр
Халх эр хүн та хаана байна

Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Одод доор хайр шивнэлдсэн
Орон монголын халуун ураг
Омголон зантай эр хүн та хаана байна

Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагийн харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу эр хүн та хаана байна

Ган дөрөөн дээр ээтэн гутал жийж
Гадаад далайг хүлгийн шандсаар туулж
Галав ертөнцөд өөрийн түүхийг бүтээсэн
Гартаа илд барьсан өвгөдийн удам эр хүн та хаана байна

Цал буурал аавынхаа үгэнд хүмүүжсэн хүү
Цагаан сэтгэлт ээжийнхээ хайранд өссөн үр
Царайлаг монгол бүсгүй харцыг булаасан эр
Цовоо хонгор үрийнхээ сэтгэлд мөнхөрсөн эцэг

Холын холоос шижиртэх алтан нарны цацраг
Хөх огторгуйд нумрах шим солонгын өнгө
Хосоор амьдрах тавилангийн үл тасрах амь
Ханат өргөө гэрийн хойморт залрах бурхан

Асгат өндөр сарьдгийн оргилд гөрөөлсөн анчин
Ариун тулгат төрийн голомт түшсэн түшээ
Цэцэн буу мөрөлж нүд завчаагүй хилчин
Цагийн саалтанд мөхөөгүй алтан ургийн залгамж

Бөртэ чонын уянгат улилтын үргэлжлэл
Богд Чингис хааны удам залгасан ураг
Хатан Мандухай эхийн хэвлийд торнисон удам
Хатан зоригт монгол эр хүн хаана байна

Зовсон ч жаргасан ч нулимсаа үзүүлдэггүй
Зориг зүрх тэсвэр тэвчээр чинь хаана байна
Цуснаасаа үнэтэй нулимсаач үзүүлдэггүй
Цөхөрч үзээгүй сэтгэлийн хат чинь хаана байна

Эрдүү цээлхэн хоолойгоор
Эр бор харцагыг аялаж
Нүд алдам цэлгэр талыг уяраасан
Нүдэндээ хорвоог шинжсэн ухаан чинь хаана байна

Эр хүн таныг би хайлаа
Энэ нийгмийн талбараас эрэл тавьж сурлаа
эрсэн олзооэндээс би оллоо
Элэг зүрх хоёртоо өөрийн эрхгүй харамслаа

Хөх толбот монгол эр хүнийг
Хотын гудамжнаас олсонгүй
Өргөн цээжтэй ханхар эр хүнийг
Өмссөн хувцаснаас нь хайсангүй

Уртыг дуугаа аяласан эр хүнийг
Уусан архиных нь лонхноос оллоо
Эрэл сурал болсон эр хүнийг
Эрүүлжүүлэхийн өмхий өрөөнөөс оллооо

Тал дүүрэн бэлчих сүргийн эзнийг
Таг харанхуй траншейнаас оллоо
Зориг зүрхгүй Монгол эр хүнийг
Засгийн шоронгийн хашаанаас оллоо

Нулимсаа үздэггүй эр хүнийг
Нус нулимсандаа хутгалдаж уйлж суухыг харлаа
Аугаа дайчин явсан өвгөдийнхөө удмыг
Авс шиг мөрдөнд нилдээ суухыг харлаа

Цагтаа өвдөг дээр нь сөгдүүлж явсан эр хүн
Царай алдан харийн нутагт боол болсныг үзлээ
Амьдралын төлөө хүний нутагыг зорьсон эр хүний
Авгай нь араар нь янхандаж явахыг харлаа

Аль эртний Африк тивийн боолын нийгэм шиг
Ажлын хүндийг нь нугалдаг хар арьст хүмүүс шиг
Монгол эр хүнийг бэлэгний морь шиг үнэлж
Махан бяр,эрүүл шүд,чийрэг чадвараар шинжиж

Байнд явуулдаг тарган адуу шиг харьцаж
Боол болгохоор хүний нутуг руу зөөж байхыг харлаа
Гадааадад ажиллах хүч гаргах нэрийдлээр
Гал цогтой Монгол эр хүнийг минь авч явахыг үзлээ

Холын холоос гүйх унаган хүлэг морь шиг
Хүн хүний нутгаас амьд ирсэн эр хүний
Хөлс хүчээр зүтгэж олсон хөрөнгө нь
Хүндрүүлж өвддөг зүрх эрүүл бус бие нь болохыг үзлээ

Ойн согоо шиг бүсгүйн халамжит ханий нь оронд
Орон хөнжил дотор нь харийн хөгшин Ли овогт орлож
Харийн хүнд өвөрөө нэжж үзээгүй хатан эхийн сэтгэлийг умартан
Халх хүүхэн бөгсөөрөө амьдрахыг үзлээ

Морин дэл дээр хийсч явсан эр хүн
Машин тэргэнд хүүхэн шиг дурлаж
Мал харахаараа айж зугтдаг
Маяг ихтэй Монгол залууг өрөвдлөө

Хүдэр чийрэг аргил бадируун гартаа
Хат сайтай ган сэлэм барьж явсан эр хүн
Хүүхэн шиг тэгш хуруутай болж
Хуримын бөгж нь мултарч унахыг үзлээ

Өргөө цагаан гэрийн хойморт
Өлгий дотроо сүүл хөхөж өссөн эр хүн
Өөх иддэггүй холестрин ихтэй гэж
Өөлж маяглаж цэмцэгнэж байхыг хараад гутлаа

Алд биеэ алжаахаас айхгүй
Ахуй төрдөө зүтгэж явсан эр хүн
Ард түмэн байтугай хоёр алхамын цаадахыг харахгүй
Авилгад живж арчаагүй царайлахыг үзлээ

Царайлаг бүсгүйг гуйж биш гуйлгаж явсан эр хүн
Царай алдан гундаж уйлж явахыг үзлээ
Цөхөрч үзээгүй эр хүний тэвчээр
Цагийн саалтанд үгүй болсныг мэдэрлээ

Өөхөнд ороовч нохой тоож идэхгүй
Өвсөнд хучивч үхэр тоож зажлахгүй
Өлбийсөн амьтад үр хойч минь болох вий гэж
Өгөдэй хааны холч ухааныг аргагүй үнэн биширлээ

Хайж сурсан эр хүнээ би
Хар архины лонхон дотор харлаа
Харь орны боолын хөдөлмөрөөс оллоо
Харанхуй шоронгийн хашаан дотор үзлэээ.

Эрээд сураад байсан Монгол эр хүнийг би
Энэ нийгмийн амьдралаас оллоо
Эр зориг тэсвэр тэвчээр ухаан бодол нь
Элэгдэж алга болсныг мэдээд үнэндээ би гутлаа

Монголоо танихгүй морь унаж чадахгүй
Морин хуур тоглохгүй монгол бичгээ мэдэхгүй
Харь орны хэлийг хагас дутуу мэдсэн
Хүүхэн хүн шиг эр хүйстнийг харин ихээр үзлээв,,,

Арван түм хүрэхгүй эр хүн
Ариун монголын түшиг эр хүн
Амьдралд нуруу бөхийдөггүй эр хүн
Асаж дүрэлзсэн монгол эр хүн

Сайхан эр хүн үнэхээр ховордсоныг
Санаа бодлоосоо би нэхэн асуулаа
Осолдохгүй би эр хүнийг ааваараа төсөөлдөг
Орон улсынхаа дүр төрхийг ааваасаа би сонсдог

Монголд үлдсэн цөөхөн эр хүнийй нэг нь
Магад миний хайрт аав минь юм
Эр хүний үнэн чанарыг өөртөө тусгасан
Эцгээрээ би үнэхээр бахархдаг

Сэтгэлийн гүнд амилах дотоод ертөнц
Сүнс сүлд бурхан чөтгөр савдаг
Хэлгүй байгалийн хэлмэрч болсон шүтээн
Хэрвээ чи байдаг юм бол эр хүнийг АВАР

Босоо удамтай монгол овгийн
Бяр хүчтэй монгол бөхийг минь ивээ
Эр хүний дээд хийморь болсон
Эрхэм Монгол бөх эрчүүдийг минь авар

Зодгондоо өндийсөн Монгол эр хүнийг
Заяа тавилантай нь тэнгэр минь даатгаж ав
Зүүн барууны соёл нэвт шингэсэн нийгэмд
Зориг зүрхтэй Монгол эр хүнийг үлдээж хайрла

Ядуурч ядарч зовж явсан ч
Ямартаа ч Монголоосоо зугтаагаагүй
Ялж дийлдэж явсан Монгол эр хүнийг
Яс цусыг нь бүрэн бүтэн байлгаж хайрла

ТЭНГЭР МИНЬ НАДАД ХҮСЭХ ӨӨР ЗҮЙЛ ӨЧҮҮХЭН Ч АЛГА…

Батсайханы Баттөгс


URL:

Сэтгэгдэл бичих