Эрүүл мэндийн үзлэг нэрээр мөнгө ”сааж” байна
Монгол улсын их сургууль шинээр элссэн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэг оруулж байна гэх сургаар тус сургуулиар очлоо. Гэтэл ганц МУИС ч биш МУБИС, ШУТИС гээд манай улсын томоохонд тооцогддог их сургуулиуд бүгд эрүүл мэндийн шинжилгээ авч байна. Өмнө нь дотуур байранд орох оюутнууд эрүүл мэндийн үзлэгт заавал хамрагдах ёстой байсан бол энэ жилээс шинээр элссэн оюутан бүрийг хамруулж байгаа гэнэ. Солонгос явж ажил хийх хүмүүсийг л энэ мэт эрүүл мэндийн үзлэгт оруулдаг гэсэн үгүй аж.
Дээд боловсрол эзэмшихийн тулд элдэв янзын өвчтэй байж болохгүй цаг иржээ. Уг нь оюутнуудын эрүүл мэнд талаас нь үзлэгт оруулж байгаа бол сургуулийнхаа бүх багш, оюутнаа хамруулмаар юм. Нэгдүгээр курсэд элсэгчид өвчтэй байх магадлалтай. Харин багш, бусад дамжааны агаа, ажаа нар эрүүл гэж тооцдог юм байлгүй. Тэднийг шинжилгээнд хамруулахгүй байгаа гэнэ. Эсвэл шинээр элсэгчид гэдэг юмны наад цаад учрыг тунгаадаггүй “хөдөө”-ний голдуу хүүхэд байдаг болохоор ингээд байна уу, бүү мэд. Энэ үзлэг нь МУИС-ийн оюутны I байрнаас өргөтгөсөн “Dankook Dental Clinic” нэртэй шүдний эмнэлэг гэх байранд болж байлаа. Эмнэлгийн хаалгаар ороод хамгийн түрүүн мөнгөө хураалгах ёстой. Төлбөр нь 4500 төгрөг. “Эрүүл мэндийн даатгалтай бол яах вэ” гэвэл “Тэр хамаагүй, энэ бол манай сургуулиас авч байгаа учраас Эрүүл мэндийн даатгал үйлчлэхгүй” гэнэ. Харин шинжилгээний хариугаар тухайн оюутны эрүүл мэнд муу дүнтэй гарах тохиолдолд хэрхэхийг үзлэг хийж буй сургуулийн эмч “Би мэдэхгүй, зөвхөн сургууль мэднэ” гэлээ. МУИС-ийн үзлэг өнөөдрөөр дуусах бөгөөд өчигдрийн 13:00 цагийн байдлаар гэхэд шинээр элсэн орсон 2200 гаруй оюутан хамрагджээ. Үзлэг шинжилгээний өртгийг нийлүүлээд тооцоод үзвэл нэг сургуулийн оюутнуудаас л гэхэд арав орчим сая төгрөг цугласан гээд бод доо.
Тэгэхээр бусад сургуулиуд ч мөн өдий хэмжээний мөнгөн хуримтлуулж байгаа юм. Үзлэгийн мөнгө шууд сургуулийн санд төвлөрнө гэж үзлэг хийсэн эмч нар хэлж байсан.
Энэхүү эрүүл мэндийн үзлэгийн хамгийн хачирхалтай нь сургууль бүр харилцан адилгүй үнэтэй байгаад оршино. Яамнаас албан ёсоор явуулж байгаа бол нэгдсэн нэг үнэтэй байх учиртай. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын чанарын удирдлагын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Х.Батсайхан “Би энэ асуудлыг хариуцахгүй. Өөр хүн хариуцдаг” гэлээ. Ингээд түүнээс өөр хариулт өгөх хүн олдсонгүй.
МУИС-ийн эрүүл мэндийн үзлэгийн 4500 төгрөгт чих, хамар хоолой, шүд амны хөндий, дотор, арьс өнгөний шинжилгээ орно. Харин ШУТИС хичээлийн I байран дээрээ дээрх шинжилгээнээс гадна биеийн жин, өндөр, нүдний харааны оношлогоо нэмэгдсэн тул 5000 төгрөгөөр үзэж байна. Бодвол, ШУТИС оюутнууддаа биеийн өндөр, жин шалгуур тавьдаг болсон бололтой юм.
Нөгөө сургуулиудаа бодвол эхогоор цээжний зураг авч буй МУБИС IV байранд 5500 төгрөг үзлэг шинжилгээ хийж байх жишээтэй. Эдгээр эрүүл мэндийн үзлэг гээд байгааг харахад цэрэг татлагын үеэр болдог эмчийн үзлэгээс ялгаа бараг алга. Ялгаатай нь гэвэл нэг нь үнэгүй, нөгөө нь үнэтэй л байх.
Гэхдээ оюутнуудыг яагаад эрүүл мэндийн үзлэгт зайлшгүй хамруулах ёстойг ерөөсөө ойлгосонгүй. Цэрэг бол өөр асуудал. Адаглаад бие бялдарын тогтоосон хэмжээнд хүрч байх ёстой. Хэрэвзээ ноцтой өвчтэй бол цэргийн албанаас чөлөөлөх үүднээс тийм үзлэг хийдэг. Оюутан эрүүл байна уу, өвчтэй байна уу гэдгийг нь яагаад хүчээр тогтоох ёстой юм.
Тэглээ гэхэд оюутнууд эрүүл мэндийн даатгалын хураамж гэж төлбөр дээрээ нэмж 6000 төгрөг төлдөг. Үзлэгт оруулах болсон тухай БСШУЯ болон их, дээд сургуулиуд ямар ч мэдээлэл өгөөгүй атлаа ингэж “шинээр элсэгч”-дийг хэмээн тодотгосон нь ямар шалтгаантай юм бол. Төрөөс сургалтын төлбөрийг Монгол улсын инфляцитай тэгшитгэж байна гээд 9,4 хувиас хэтрүүлэхгүй байхыг үүрэгдчихээр өөр аргаар мөнгө олох гээд байна уу? Энэ мэтчилэн асуултад удахгүй хариулж оюутан болсон та бүхний эрүүл мэндийн төлөө санаа тавьдаг “ачит” сургуулиараа бахархах нэгэн өдөр ирнэ биз ээ.
Өглөө хичээлд ирэх бүрд нь үүдний зарлалын самбарт мөнгө төгрөгний агуулгатай зар бүү байгаасай. Сурахын хажуугаар ажил хийж мөнгө олох боломжгүйгээс хямралд хамгийн их өртдөг хүмүүс чинь оюутан шүү дээ. Тэгээд ч хэн нь арьс өнгөний өвчтэй, аль нь амьсгалын замын үрэвсэлтэй байх нь сургуулийн захиргаанд огт падлийгүй санагдах юм.
Б.Ойнбилэг
“Ардын эрх” сонин
URL: