Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батааг шалгая
НИТХ-ын төлөөлөгчид энэ нэг, хоёрдугаар улирлын урамшуулал хэмээн 27 сая төгрөг халаасалсан баримт хэвлэлээр цацагдан, олон нийтийн дунд шуугиан тариад байгаа.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулж нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэр шударга хүн бэ гэдгийг хөндөх хэрэгтэй болж байх шиг. Учир нь, тэрбээр нийслэлийн 2015 оны төсөв батлагдах үед “Төсөвт урамшлууллын мөнгө гэж нэг ч төгрөг тусгагдаагүй” хэмээн тов тодорхой ярьж байсан. Гэтэл өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчид хоёр улирлын урамшуулалдаа 27 саяыг халаасалж, хэнэг ч үгүй “Тойрогтоо сургалт, зөвлөгөө өгөхөөр зарцуулсан” гэж ярьж сууна. Орлогч дарга Н.Батаагийн ярьсан үнэн бол төсөвт суулгаагүй тэр их мөнгө хаанаас гарчихав. “Урамшууллын нэг ч төгрөг суулгаагүй” гэсэн орлогч дарга өөрөөсөө гаргаад өгчихсөн хэрэг үү.
Ямартай ч, өнөөдөр төлөөлөгч тус бүр 27 сая буюу нийт 1.2 тэрбум төгрөгийг урамшуулалдаа авчихлаа. Тэгэхээр нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн ярьж, хэлж байсан үгнээс хариуцлага нэхэх учиртай биз. Тэр зөвшөөрөл өгч, гарын үсэг зурснаар л төлөөлөгчдийн мөнгө дансанд нь төлөрсөн байх учиртай. Нөгөөтэйгүүр 27 саяыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга Д.Баттулга нар хүртсэн учир тэд төсөвтөө тусгагдаагүй мөнгийг хаанаас бүрдүүлж авсан гэдэг нь асуудал. Тиймээс нийслэлийн удирдлагуудыг шалгахын хамт санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээх болоод байна.
Төрийн байгууллагынхны хэн, юу идэж байгаа нь Шилэн дансны хуулиар илэрч, эхнээсээ “но” нь дэлгэгдэж байгаа нь сайн хэрэг. Харин жиргээч Б.Цогтгэрэл НИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулал авсан баримтыг анхлан дэлгэж, Э.Бат-Үүлийг АТГ-аар шалгуулахаар болоод байгаа. Түүний дэлгэсэн баримтаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид улиралд 3,9 сая төгрөгийн урамшуулал авсан байх юм.
Тухайлбал, Сүхбаатар дүүрэг гэхэд 135 сая төгрөгийг урамшуулал нэрийн дор төлөөлөгчдөдөө тараажээ. НИТХ нь 45 төлөөлөгчтэй. Тэд сүүлд нэг, хоёрдугаар улирлын урамшуулал гэж тус бүртээ 27 сая төгрөг авсан. Жилийн эцэст төлөөлөгчдийн урамшлуулалд хоёр тэрбум 500 сая төгрөг зарцуулах тоо гарч байгаа юм. Гэтэл энэ мөнгөөр томоохон хэмжээний хоёр ч сургууль барих бололцоотой байхад төлөөлөгчид нь хэвлэлийн зардал, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх төдийнхнөөр зарцуулж байгаа нь арай дэндүү хариуцлагагүй хэрэг биш гэж үү.
А.БИЛГҮҮН
http://www.newscom.mn
URL: