Х.Энхманлай: “Korean air” компани хүний эрхийг уландаа гишгэсэн
Иргэн Х.Энхманлай Солонгосын Korean Air авиа компани Монголчуудыг хэрхэн дорд үзэж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн талаар баримт дэлгэж, үүнтэй холбоотойгоор уг компанид нэхэмжлэл гаргаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
-KOREAN AIR ХҮНИЙ ЭРХИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН-
Учир нь Х.Энхманлай гэгчийн эгч хүнд өвчтэй, тэргэнцэртэй эмэгтэйг БНСУ-дөө эмчилгээ хийлгэхээр хилээр нэвтрэх үед нь өөртэй нь ярилцалгүй, биеийнх нь нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй түр саатуулах байранд хорьжээ. Түр саатуулах байр өвчтэй хүн байхад тохиромжгүй хүйтэн, цонхгүй байсан бөгөөд 15 цагийн турш хорьж саатуулсан байна. үүний улмаас эмэгтэйн өвчин сэдэрч, биеийн байдал маш хүнд байдалд оржээ.
Нэгэнт БНСУ-руу орох боломжгүй болсон тул буцах нислэгийг Монгол руу биш, Бээжин рүү болгож өгөхийг хүссэн байдаг. Учир нь эмчилгээ хийлгэхээр явсан эмэгтэйн бие муудсан тул Бээжин дэхь эмнэлэгт очих хүсэлтэй байгаагаа “Korean air” компанид уламжилсан байна. Хүсэлтийг хүлээн авч орой явуулахаар болсон ч, 16.00 цагийн үед ээлж солигдсоноор хэлэлцээ өөрчлөгдөж Монгол руу буцаан явуулахаар болжээ.
Олон Монголчууд БНСУ-руу эмчилгээ хийгэхээр явж байна. Ахин миний эгчид тохиолдсон шиг зүйл бүү тохиолдоосой. Хүний эрхийн байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж, Монгол хүний эрхийг хамгаалаасай гэж хүсч байна. Тэд хүнийг эрхийг уландаа гишгэж байна. Өмнө нь ч ийм асуудлууд дуулдсаар ирсэн. Зөвхөн хил дээр ийм асуудал гарч байгаа юм чинь, хилийн цаана Монголчуудын эрх хэрхэн зөрчигдөж байгааг таамаглашгүй шүү дээ.
-KOREAN AIR МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ АВИЛГА ӨГСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-
БНСУ-ын иргэний агаарын тээврийн Korean Air компани Инчон-Улаанбаатар чиглэлд монополь байдлаа хадгалахын тулд Монголын эрх баригчдад авилга өгсөн байж болзошгүй тухай БНСУ-ын шудрага өрсөлдөөний хороо мэдэгджээ.
Korean Air компани Монгол руу үйлддэг нислэгийн тоогоо нэмэгдүүлэхийн тулд Монголын өндөр албан тушаалтнуудын амралтын зардалыг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 2010 онд Korean Air компанийхан Монголын засгийн газарт өндөр алба хашдаг 10 хүнийг гэр бүлийн хамт Чежү арал дээр амруулжээ. Ингэхдээ бүх зардалыг нь Korean Air даасан гэж БНСУ-ын шудрага өрсөлдөөний хороо нотлож байна.
Монголын 10 гэр бүлийг амруулахад Korean Air компани 13,5 мянган америк доллар зарцуулжээ. Үүний дараа Монголын засгийн газар Korean Air компаний талд ашигтай шийдвэр гаргаж Инчон-Улаанбаатар чиглэлд монополь байх нөхцөлийг Korean Air компанид бүрдүүлжээ.
-МОНГОЛ ЗОРЧИГЧИД 42% ИЛҮҮ ҮНЭТЭЙ ТАСАЛБАРААР ЗОРЧИЖ БАЙНА-
БНСУ-ын УИХ-ын гишүүн Пён Че Ил 2013 оны 11 сарын 3-нд нэгэн баримт дэлгэсэн. Улаанбаатар-Инчон хотуудын хооронд Монголын МИАТ, Солонгосын “Korean Air” компаниуд өөрсдийн онгоцоо нисгэдэг болсоор 14 жил өнгөрсөн бөгөөд Монголын зүгээс дээрх чиглэлд зөвхөн Солонгосын “Korean Air” компанитай л гэрээ хийдэг нь ийнхүү үнэ өндөр байгаатай холбоотой.
Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь болсон Монгол зорчигчид адил зайд нисэх бусад компанийн онгоцны тасалбараас дунджаар 42.% илүү үнэтэй онгоцны тасалбараар үйлчлүүлж байна.
Тухайлбал Инчон хотоос 2061 км зайд байх Хятадын Шимчон хот хүрэхэд 250 мянган вон, 2080 км зайд байх Гуанжоу хот хүрэхэд 270 мянган вон байдаг бол 2002 км зайд байх Улаанбаатар хот хүрэх онгоцны тасалбар 333 мянга 300 вон байдаг ажээ.Тиймээс Улаанбаатар хот хүрэх чиглэлээсээ жилд дунджаар 14 тэрбум 100 сая воны ашиг олдог “Korean Air” компани , энэхүү давуу эрхээ хадгалж байхын тулд Монгол улсын удирдах албан тушаалтнууд болон тэдний гэр бүлд үнэгүй онгоцны тасалбар бэлэглэх, Солонгос улсад үнэгүй аялуулж байсан тухай мэдээлэл өнгөрсөн 2009 онд гарч байсан удаатай.
“Korean Air” компани өөр бусад хотууд руу нисэх нэг удаагийн нислэгээс дунджаар 9~3%-ийн ашиг олдог бол Улаанбаатар хот хүртэл нисэх нислэгээсээ 19~29%-ийн ашиг олдог бөгөөд энэ нь шударга өрсөлдөөн биш тул үүнийг шалгаж бусад өөр компаниудыг уг чиглэлд ажиллах бололцоо олгож , үйлчлүүлэгчдэд хямд үнэтэй онгоцны тасалбараар үйлчлэх хэрэгтэй гэж Улсын Их Хурлын гишүүн Пён Че Ил мэдээлсэн тухай тэрээр дахин санууллаа.
http://www.tsag.mn
URL: