Ерөнхийлөгчийн эрх + Парламентыг тараах
УИХ, Засгийн газартай харьцуулбал өнгөрсөн 25 жилийн хугацаанд хамгийн тогтвортой, тасралтгүй, гацаагүй ажиллаж ирсэн институц бол Ерөнхийлөгчийнх хэмээн судлаачид онцолж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Германы Ханнс Зайделийн сантай хамтран зохион байгуулсан “Үндсэн хуульт ёс ба Ерөнхийлөгчийн бүрэн эрх” олон улсын онол- практикийн бага хурал өчигдөр болсон юм.
Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц, түүний эрх үүргийн хүрээнд зохицуулсан хууль байдаг ч, зарим зүйл заалтыг өөрөөр тайлбарлах боломж байгаа нь улс төрийн хүрээнд маргаан дагуулдаг гэж эрдэмтэд үзэж байна. Тухайлбал, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөхөд Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө хэмээн Үндсэн хуульд тусгасан. Гэвч зөвшилцөх гэдэг үгийг УИХ танилцуулах мэтээр тайлбарлаж, бас мөрдөж байгааг судлаачид шүүмжилж байв.
Түүнээс гадна шинээр боловсруулж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаж, үүргийг нь хумих зохицуулалт нэлээн бий. Жишээ нь, парламентын засаглалаа сонгодог утгаар нь ажиллуулахын тулд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах. Түүнээс гадна Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй, ҮАБЗ-ийг тэргүүлэхгүй, гадаадын улс орнуудад улсаа төлөөлж олон улсын гэрээ хэлэлцээр байгуулахгүй байхаар төсөлд тусгажээ. Тэгвэл энэ талаар Удирдлагын академийн багш, доктор Ч.Энхбаатар “Ерөнхийлөгчийн институц зарчмын хувьд болж байна. Гэхдээ Монгол Улсын удирдлагын хэлбэрт жаахан дөхүү болгох үүднээс боловсронгуй болгох шаардлага бий. Тодруулбал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдийг хасах биш, харин ч шаардлагатай бол парламентыг тараах хэмжээний эрх мэдлийг өгөх ёстой юм. Тэр эрхийг өгснөөр Ерөнхийлөгч хэт хүчтэй хүн болчихгүй. Яагаад гэвэл парламентыг тараах эрх нь Засгийн газрын хүсэлтээр хэрэгждэг юм” хэмээв.
П.ЦАГААН: ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ЯЗГУУР УТГААРАА ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас дараах тодруулгыг авлаа.
-Бага хурлын үеэр Үндсэн хуульд байгаа “Ерөнхийлөгчтэй зөвшилцөх” гэдэг үг үндсэн утгаараа хэрэгжихгүй байгаа талаар судлаачид хэлж байна. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?
Парламентын буюу сенатын танхимын зөвшилцөж, зөвшөөрснөөр Элчин сайд, Засгийн газрын гишүүн, төрийн өндөр албан тушаалтнуудыг томилдог гэдэг заалтыг судалж байж Монгол Улсын Үндсэн хуульд тусгасан. Ер нь анх Үндсэн хуулийг баталж байхад “Ерөнхийлөгчийн зөвшөөрснөөр” гэсэн утгатай байсан. Гэхдээ сүүлд нь “зөвшилцөнө” гэж өөрчилсөн байдаг.
-Анхны хувилбарыг солих болсон шалтгаан нь тухайн үед юу байсан юм бэ?
-Энэ үгийн язгуур утга нь “зөв” гэж тайлбарласан. Зөв гэж дэмжсэн буюу зөвшөөрсөн тохиолдолд дээрх албан тушаалтнуудыг томилоод явна гэсэн утга санаагаар туссан юм. Харамсалтай нь, УИХ, шүүх, бүр Улсын дээд шүүх хүртэл санал авах төдийг “зөвшилцсөн” гэж үзнэ хэмээн сулруулж тайлбарласнаас болоод өнөөдрийн энэ байдал үүсч байна. Одоо бол зөвшилцөх гэдэг үгийг гурван янзаар тайлбарлаж байгаа шүү дээ. Тухайлбал, зөвшөөрвөл томилно, татгалзвал томилно, сүүлдээ санал авбал томилно гэж хэлж байна л даа. Энэ бол Үндсэн хуулийн зарим зүйл заалт анхны язгуур утгаараа хэрэгжихгүй байгаагийн илрэл.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн түвшинд боловсруулсан төсөл бий. Уг төсөлтэй та танилцсан уу. Өөрчлөлтийн саналуудын талаар ямар бодолтой байна вэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн байгууламж бол Франц, Германыхтай төстэй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын институци нь байна. Гэхдээ 1992 оны шинэ Үндсэн хууль бол тухайн үедээ төрийн эрх мэдлийг хуваарилах онол дээр суурилж, Монголын түүхийн алдаа оноо сургамж, нийгмийн сэтгэлзүйг харгалзан байж баталсан юм. Аливаа зүйлийг өөрчлөх амархан. Гэхдээ тэр өөрчлөлт зөв байх ёстой.
Б.Энхжаргал
Засгийн газрын мэдээ
URL: