Б.Аз: Аав нь охиндоо


Аав нь анх алгаа тосч охиноо тэвэрчихээд зовлонд нугарч, бэрхшээлд сөхрөөгүй өвдгөөрөө сөгдөж “Аль байдгаа зөвхөн чиний л төлөө зориулна” гээд нус, нулимстайгаа холилдоод баярлаж байсныг ээж, эх барьж авсан эмч хоёр нь шоолдог л юм. Алганд багтаж ирсэн аз жаргал өвдөг сөхрүүлэхийн чинээ хүндийг аав нь охиноо тэврэхдээ л мэдсэн юм.

Үсэнд хяруу унахгүй юм шиг өдөр болгон самнаж, үрчлээ сууж, өвгөн болохгүй юм шиг гангалсан насандаа намайг хайрласан бүсгүйн гомдож хэлсэн гуравхан үгийг чихгүй юм шиг өнгөрөөж, чийгтэй сормууснаас нь дуслах нулимснууд газарт шингэж ч амжаагүй байхад орхиод явсан залуу байлаа. Амьдрал хариуг нь надаас нь биш алсдаа үр хүүхдээс минь, авах авахдаа охин үрээс минь арав нугалаад авчихвал гэж айхдаа, айлын охидод амсуулсан гунигийг аль байдгаа зориулж, хайрлаж, нандигнаж өгсөсөн охинд минь амсуулчихвы гэж эмээхдээ ахиад нойтон сормууснаас нулимс унагахгүй гэж, аавын охин үрсийг гомдоохгүй гэж аав нь чиний л төлөө бүсгүй хүнийг хүндлэх ухаан суусан. Үр нь тариа мэт арвин байж, өгөөж нь нарны илч мэт охиныг минь ивээж байг.

Чи л намайг орхихгүй бол би чамайг хэзээ ч орхихгүй гэсэн үгэнд нь бардаж, нэрт зохиолчийн хэлснээр олбол алдаж л болдоггүй юм шүү гэсээр байхад нь хожмын турш харамсахаа мэдсээр байж хүйтэн мөс шиг хагацлын үгийг халуун сэтгэл рүү нь цутгаж, хайрлаагүй юм шиг хайрлаж, хайргүй юм шиг хагацаж явсан үе аавд нь бий. Эрүү толгой хүртэл салдаг хорвоод ханилсан хосууд ч салдаг нь гашуун боловч үнэн шүү охин минь. Хатуу үнэнтэй хорвоо гэлээ гээд өөрийн минь үргэлжлэл, өтөл болсон хойно чинь ч өлгийтэй үеийнх нь хайраараа хайрласаар байх, олж хайрлаагүй, бий болгож хайрласан охиноо л аав нь өөр нэгэн үнэнд гүйцэгдтэл салахгүй, орхихгүй хайрланаа.

Аргадалгүй хэлсэн хэдхэн үгэнд нь сагсалзаж ээжийнхээ өөдөөс хэзээ ч хэлэх ёсгүйг хэлж хаалга савж гарчихаад гэмээ ухаарсан ч эвлүүлээд эвтэйхэн “Уучлаарай” гэж элгийг нь дэвтээгээгүй аав нь үгэндээ харамч байсан. Хэлд орж, хэлээ хазаж ярихыг нь сонсож өсгөсөн охиноо хүний зэрэгт хүрч, хэзээ урьд ээждээ гаргасан занг минь эргүүлээд надад гаргахад чинь эмгэн болсон хойно нь ч ээждээ хэлээгүй үгээ хэдэнтээ хэлж, хатуурхаж чадахгүй “Уучлаарай” гээд өөрийгөө буруутгах аавынх нь өршөөлд хязгаар байхгүй шүү охин минь. Нуруун дээр минь суугаад тоглож өссөн охиндоо номхон морь шиг насаараа ноолуулах гэж, ноолуулах тоолонгоо зовлон нэртэй жаргалд тооцох гэж аав нь охиноо хайрладаг юм шүү.

Үгэнд орсонгүй гэж өрөвдсөөр байж дүү нараа шийтгэчихээд, өөрсдийнх нь төлөө юм даа гээд хөмхийгөө зуун байж хатуурхаж чаддаг ах шүү аав нь. Хүйтэнд даарчихвы гэж халуун энгэртээ тэвэрч дулаацуулсан, харанхуйгаас айчихвы гэхдээ хамт хэвтээд бүүвэй аялж өгсөн, хүнээс дутаачихвы гэж биш хайраар дутаачихвы гэж өсгөсөн охиндоо хатуурхаж аав нь даан ч чаддаггүй болохоор хоёр талдаа өрөвдөж, хатуугаар биш аргаар өсгөсөн шүү. Ах байгаад дүү нараа өрөвдсөөр байж хатуурхаж чадсан ч аав нь охиндоо л чаддаггүй юм.

Айлын хүүхдэд шоглуулаад аавдаа ховлож өмөөрүүлдэг байсан балчирхан охин минь айлын эхнэр болохоороо аавдаа битгий нөхрөө ховлоорой. Аяндаа охин минь чи өр нимгэн эмэгтэй хүн болохоор уучилчихна. Аав нь харин хэзээ ч уучлахгүй болохоор аавдаа л битгий ховлоорой.

Аав ээж хоёроо намайг хайрлах ёстой гэж өссөн болохоор аав нь охиндоо илүү хайртай. Ах нь дүүгээ асарч, хамгаалах ёстой гэж өсгөсөн болохоор аав нь охиндоо илүү хайртай. Анх сайхан учирсан шигээ ханиасаа хагацаж болдог болохоор аав нь охиндоо илүү хайртай. Аав нь охиноо олж биш бий болгож хайрласан болохоор хэнээс ч илүү хайртай байдаг юм аа. Аав нь охиноо гүнж шиг танхил өсгөж, хатан хаан шиг ихэмсэг хүмүүжүүлсэн ч хамгийн чухал нь хайраараа өлгийдөж хүн сэтгэлтэй хүн болгох гэж хичээсэн юм шүү.

Аавынх нь хайр эд эс бүхэнд нь шингэсэн болохоор миний охин харц өөдөө, нуруу тэнэгэр, сэтгэл тэнүүн, аз жаргалаар дүүрэн амьдарнаа. Алганд багтаж, өвдөг сөгдүүлж ирсэн аз жаргал минь. Аав нь охиндоо хэнээс ч, хэнээс ч, хэнээс ч илүү хайртай.

Б.Аз Япон. Фукуока. 2015.05.09


URL:

Сэтгэгдэл бичих