Цус харвах өвчин удамшдаггүй


Халууны улиралд настай хүмүүсийн даралт ихсэх нь эрс нэмэгддэг. Даралт ихсэх нь мэдээж олон сөрөг нөлөөтэй бөгөөд хамгийн түрүүнд цус харвалт буюу тархинд харвалт өгөх магадлалыг нэмэгдүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд манай оронд цус харвалтаар өвчлөгсдийн нас залуужиж байгаа бөгөөд хэдэн жилийн өмнө 40 настай хүн цус харвах нь залууд тооцогддог байсан бол одоо энгийн үзэгдэл болсон.

Цус харвалт өвчин нь тархины цусны эргэлтийн цочмог хямралаас тархины үйл ажиллагааны хэсэгчилсэн болон бүрэн дутлын шинжээр илэрдэг. Өөрөөр хэлбэл, тархины цусан хангамж дутагдсан үед асар богино хугацаанд ухаан санаа, хэл яриа өөрчлөгдөх, гар хөл, нүүр ам саажих, толгой өвдөх шинжээр илэрдэг өвчин юм.

Харвалтыг тархинд цус харвах, тархины шигдээс, холимог, хавсарсан гэж ангилдаг. Үүнээс тархинд цус харвах, тархины шигдээсээр хүмүүс ихэвчлэн өвчилдөг. Тархинд цус харвах үед судасны бүрэн бүтэн байдал алдагдаж эдэд цусан бүлэн үүсдэг бол тархины шигдээсийн үед судас бөглөрсөн буюу бусад шалтгаанаар тархинд хүчилтөрөгч, тэжээл дутагдаж үхжил үүсдэг аж.

Манайхны нэг дутагдалтай тал бол даралт багассан үед эм уухаа болиод дахиад ихсэхээр нь хоёр, гурваар нь давхарлаад уучихдаг явдал юм. Энэ нь хамгийн буруу бөгөөд даралт хэл бэлзүүлдэг эрсдэлтэй аж. Харин эмчийн зөвлөснөөр даралт бууруулах эм ууж байгаа тохиолдолд эмчилгээ болдог байна.

Цус харвах өвчин нь удамшдаггүй бөгөөд зөвхөн таны эрүүл мэндээ хэрхэн хамгаалахаас шалтгаална. Иймд хүмүүс маань даралт бууруулах амьдралын зөв хэвшилтэй болох нь чухал бөгөөд заавал эмэн эмчилгээ хийлгүйгээр хөдөлгөөнөөрөө даралтаа зохицуулж болдог байна.

“Х” зарчим буюу хоолны дэглэм, хөдөлгөөнийг эрхэмлэх, хорт зуршлаас татгалзсанаар цус харвалтаас төдийгүй бусад өвчнөөс  ч урьдчилан сэргийлж чаддаг байна. Түүнчлэн давс багатай хоол идэх, суугаа ажил хийдэг хүмүүс автобуснаас нэг буудлын өмнө буугаад алхаж байх зэрэг идэвхтэй хөдөлгөөн нь тустай аж. Энэ мэтчилэн өөртөө цаг зарцуулж, эрүүл мэнддээ анхаарч байгаарай.

 


URL:

Сэтгэгдэл бичих