Гэр бүлийн хоёрыг хамтад нь сайн малчнаар өргөмжилнө


ХХААЯ-наас “Аваргуудаа сонсъё” сэдэвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат, Улсын сайн малчдын уулзалтыг зохион байгуулж байна.

Тус уулзалтад Хөдөлмөрийн яам, ХАХНХЯ, ХАА-н бирж, Мал эмнэлэг үржлийн газар, Аймаг дундын отрын бүс нутгиийн захиргаа, Мал хамгаалах сан, Удмын сангийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран оролцож байгаа бөгөөд 21 аймгаас 44 малчин уригдан ирсэн байна.

Уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэлсэн үгэндээ махны экспортын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажлынхаа талаар малчдад танилцуулж, санаа бодлыг нь сонслоо. Түүнчлэн малчдад тулгамддаг гол асуудлуудын нэг болох малын хулгайг салбарын яамны зүгээс бодлогын хүрээнд анхаарал тавих болсон гэдгийг онцолсон юм.

“Цаашид Улсын гавьяат малчин, сайн малчин зэрэг цол тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хамтад нь олгохоор ярилцаж байна. Учир нь мал маллах, малынхаа тоо толгойг өсгөх зэрэг нь малчин гэр бүлийн хамтын ажиллагаа байдаг. Тиймээс нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрт олгох зүйтэй юм” гэв. Малчдын зүгээс тус саналыг дэмжиж байна гэдгээ илэрхийллээ.

Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, Улсын сайн малчдын хувьд залгамж халаа, бэлчээрийн даац, малчдын тэтгэвэр зэрэг тулгамдаж буй асуудлуудаа сайдад танилцуулсан юм. Тодруулбал, өнөөдрийн байдлаар зарим аймаг сумдад залуу малчдын тоо эрс багассан гэдгийг ахмад малчид хэлж байна. Түүнчлэн салбарын яамнаас малын тоонд бус чанарт анхаарах бодлого явуулж байгаа нь зүйтэй гэдгийг уулзалтад оролцож буй малчид онцолж байв.


URL:

Сэтгэгдэл бичих