Л.Гансүх нарт шүүхээс ял оноов
Шинэ долоо хоногийн эхэнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлын шийд гарлаа. Нийт таван өдөр үргэлжилсэн шүүх хурал Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган 4.6 жилийн хорих ял оноох шийдвэр гаргав. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас Л.Гансүхийг шууд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачив. Харин “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох шийдвэрийг гаргасан юм. Түүнчлэн Л.Гансүхийн төрд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, харин н.Даваахүү, н.Мөнгөнуяа нарын төрд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргав. Мөн Л.Гансүх нараас 2 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, Багануур ХХК-д өгөхөөр болов. Харин шүүх хурлын дараагаар Л.Гансүхийн өмгөөлөгч мэдээлэл өгөхдөө “Анхан шатны шүүх хурлын шийд эцсийн шийдвэр биш. Давж заалдана” гэсэн юм. Ямартаа ч иргэн Л.Гансүх нарт холбогдох хэргийг эхний байдлаар шүүх дүгнэлээ. Шийдвэр нэгэнт гарсан. Харин дараагийн шатны шүүх хурал хэрхэн үргэлжилж, ямар шийдвэр гаргах нь сонин байна. Мөн тус шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тав хоног дамжуулсан нь шүүхийн хараат бус байдалд халдлаа эсвэл шүүхийн үнэн нүүр царайг харлаа гэх зэргээр иргэд янз бүрийн өнцөгөөс хүлээн авч байсан юм.
Төсвийн тодотголын төслийг Их Хуралд өргөн барихад бэлэн болов
Оны өмнө Засгийн газар огцорсон үед хийсэн 2015 оны төсвийг баталсан. Гэхдээ нэр төдий л гүйцэтгэсэн гэхэд хэлсдэхгүй. Оны дараа Сангийн яамнаас төсвийн тодотголыг хийсэн. Тэгвэл энэ намрын чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудлаар энэ оны төсвийн тодотгол орлоо. Товчоор хэлбэл төвсөө дахин тодотгох нь. 2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай. Харамсалтай нь оны эхэнд тооцоолж байснаас эдийн засгийн нөхцөл амаргүй, хүнд боллоо. Түүхий эдийн үнийн бууралт гол нөлөөллийг үзүүллээ. Түүхий эдийн үнэ өндөр байсан 2009-2012 онд манай улсын төсөв огцом тэлсэн. Энэ оны төсвийг нэлээд танаж баталсан боловч дахин хумих шаардлага гарч байна. Засгийн газар хуулийн дагуу аравдугаар 1-нд ирэх оны төсвөө өргөн барих ёстой. Төсөв, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч зөв зохицуулалт хийж, орлого нэмэх ямар боломж байгааг судалж ажиллах учиртай. Зэс, алт, нүүрсэн дээр бид алдаж байгаа ч шатахууны үнэ буурч байна. Тодорхой, багахан хугацаанд шатахууны үнийг буулгах уу, төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр сонголт бидэнд байна. Төсвийн тодотгол оруулж ирэх үед шатахуун дээр онцгой болон бусад татварыг нэмж төсөвт орлого бүрдүүлэх чиглэлээр ажиллах нь зөв гэж бид үзэж байна. Шатахууны үнийн түр зуурын бууралтын оронд хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавьж өгөх нь бидний үүрэг, хариуцлага. Энэ чиглэлд ажиллах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
НИТХ-ын гишүүд их хэмжээний мөнгөн урамшуулал авдаг нь ил боллоо
Өнгөрч буй долоо хоногт олон нийтийн сүлжээ сайтаар НИТХ-ын гишүүд урамшуулал авдаг гэсэн мэдээлэл цацагдсан юм. Тус тайланд дурдагдснаар НИТХ-ын гишүүн Ж.Амарсанаа 27 сая, Б.Бадарсан 27 сая, Д.Оросоо гээд бүх гишүүд нь 1,2 дугаар улирлын урамшуулал гэж 27 сая төгрөгийг гаргуулж авсан байна. Төлөөлөгчдөөс дээрх мөнгийг юунд зарцуулдаг эсэхийг тодруулахад бүгд л “тойрогтоо зарцуулдаг” гэсэн хариултыг өгч байлаа.
Мөн НИТХ нь 45 төлөөлөгчтэй нэг хүн жилдээ 54 сая авах бөгөөд үүнийг 45-аар үржүүлбэл багагүй тоо гарахаар байна. Эдийн засаг хямарч, улс орон, албан газар, айл өрх төсвөө танаж, ард иргэд “бүсээ” чангалсаар байхад нийслэлийн удирдлагуудад энэ хямрал мэдрэгдэхгүй байгаа бололтой.
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайллаа
Өнгөрсөн долоо хоногт спорт сонирхогчдыг алмайруулсан нэгэн үйл явдал болсон юм. Тэр нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодог тайлж, их спорт дахь бөхийн замналаа өндөрүүлсэн тухай мэдээлэл байлаа.
Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Дэлхийн аваргаас эх орондоо ирээд энэхүү шийдвэрээ гаргалаа. Х.Баттулга ерөнхийлөгч, О.Балжинням багш гурвуулаа энэ талаар ярилцсан. Өөрийнхөө авч чадаагүй олимпийн аварга цолтон төрүүлэхийн төлөө хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдсэн. Зодог тайллаа ч татамигаасаа холдохгүй учраас хүнд шийдвэр биш байлаа” гэсэн байна.
Хөдөлмөрийн баатар маань Астана хотноо болсон ДАШТ-д өөрийн хуучин жин болох -66 кг-ын жинд барилдсан ч харамсалтайгаар хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын жүдочид ялагдсан юм. Тэрбээр, зодог тайлсан даруйдаа дасгалжуулагчийн албанд томилогдож ажилласан бөгөөд цаашдаа дасгалжуулагчийн хувиар их спортдоо хүчин зүтгэх юм байна.
Г.ГАН /ZALUU.COM