Оюутнууд есдүгээр сарыг дуустал шар визагаар зорчих эрхтэй

Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлтэй ярилцлаа.

-Оюутны эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг Монголын оюутны холбоо хичээлийн шинэ жилийг угтаж ямар ажил хийж байна вэ?
-Энэ оны хичээлийн шинэ жилийг МОХ-ноос “Оюутны хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, төлөвлөгөөгөө боловсруулаад байна. Энэ ажлын эхнийх нь есдүгээр сарын 1-нд Сүхбаатарын талбайд “Оюутны тангаргын баяр” гэх арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Тус арга хэмжээ 11.00 цагт эхэлнэ. Энэ өдөр Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон бусад холбогдох албаны хүмүүс ирж оюутнуудын талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулж, нийт оюутнуудад хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ. Энэ үеэр оюутан сурагчдын хичээлийн шинэ жилд зориулсан урлагийн тоглолт болох юм.

-Жил бүр оюутнууд билет захиалах гэж МОХ-ын үүдэнд урт дараалалд зогсдог. Энэ хүндрэлийг арилгах боломжтой юу?

-Хувийн болон хувьсгалын их, дээд сургуулиудад 170 гаруй мянган оюутан суралцдаг гэсэн тоо бий. Үүнээс 96 мянган оюутан бүтэн жилийн турш нийтийн тээврээр хөнгөлөлтэй зорчихоор боллоо. Учир нь оюутны шар виза картан дээр наалт наах юм. Тэр нь жилийн турш нийтийн тээврээр үнэгүй зөрчих эрх нь юм. Мөн шар виза нь харилцагч байгууллагуудад хөнгөлөлт эдлэх хөнгөлөлтийн карт мөн тул оюутнууд “Голомт” банкны харилцах дансаар төлбөр тооцоогоо хийх боломжтой. Мөн хүсвэл гэнэтийн ослын даатгалд хамрагдаж 100 мянга хүртэлх мөнгөн дүнгийн туслалцаа авах боломж бүрдсэн. Одоогоор шар виза картан дээр наалт наах журам гараад захиалга явагдаж байна.

-Оюутнууд виза картаа хаанаас, яаж авах вэ?
-Өмнөх жилийн цахим карт нь амархан хугардаг, өнгө нь хуурч арилдаг, захиалахын тулд хүндрэл, чирэгдэл үүсч, хүлээлт үүсдэг байсан. Мөн цахим карт үйлдвэрлэгч нь 1500 төгрөгөөр үйлдвэрлэдэг байсан бол үнээ нэмж 3500 төгрөг болгочихсон. Үүнээс гадна хуучин цахим карт нь төгссөн болон одоо суралцаж буй оюутнуудыг ялгах техникийн өгөгдөлгүйн дээр автобус бүрт шалгах машин байхгүйгээс асуудал тасардаггүй байлаа.

Оюутнууд 2012 он хүртэл хүчинтэй шар визагаа энэ хичээлийн жилд ч ашиглах боломжтой. Хэрэв шинээр виза авах бол заавал МОХ гэлтгүй сургуулийнхаа билет хариуцсан оюутанд 2900 төгрөг тушаагаад захиалж болно.

-Оюутнууд хэзээнээс эхэлж картаа ашиглаж болох вэ?
-Нийтийн тээврээр бүтэн жил үнэгүй зорчих наалт нь 3200 төгрөг. Есдүгээр сарын 15-наас наалтыг нааж эхэлнэ. Тэр хүртэл оюутнууд яаж том оврын автобусаар зорчих тухай бид Нийтийн тээврийн газартай зөвшилцлөө. Оюутнууд аравдугаар сарын 1-нийг хүртэл шар виза картаар зорчиж болох шийдэлд хүрлээ. Тиймээс есдүгээр сард шар виза картаа үзүүлээд нийтийн тээврээр зорчиж болно.

Өнгөрсөн жил цахим карт захиалж нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог 80 гаруй мянган оюутан байсныг энэ жил 96 мянгад хүргэлээ. Энэ нь нийт оюутны тоотой харьцуулахад хангалтгүй ч бололцоот тоо нь л энэ юм. Карт захиалга  явагдаж  дууссаны дараа дээрх тоог нэмэх талаар дахин ярилцана.

-Оюутны дотуур байрны хангалт хэр байна вэ?

-Жил бүр орон нутгаас 85 мянга гаруй оюутан хотод ирж суралцдаг. Одоогоор нийслэлд оюутны 44 дотуур байр бий. Эдгээр байр 13 мянган оюутан хүлээн авах боломжтой. Энэ тэнгэр газар шиг зөрөөтэй тоог арилгах үүднээс МОХ болон БСШУЯ-ны хамтарсан санаачилгаар МУБИС-ийн I байр болон Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутны дотуур байрны дунд 500 оюутны байр, МУБИС-ийн II дотуур байр болон Анагаах ухааны сургуулийн I байрны дунд 500 оюутны 10 давхар байр
баригдаж байна. Энэ байр ирэх жилийн есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно.

Мөн Налайхад ШУТИС-ийн оюутны хотхоны байр хөрөнгө төвлөрлийн болон хот төлөвлөлтийн ажил дээрээ явагдаж байна. Дотуур байрны үнэ инфляцийн өсөлтөөс хамаарч 50-80 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Тиймээс дотуур байрны үнэ дунджаар 180-250 мянган төгрөг болсон.

-Салбарын сайдын тушаалаар улсын сургуулиуд төлбөрөө нэмэх шийдвэр гарсан. Үүний сургаар хувийн сургуулиуд төлбөрөө хэт өндөр нэмэх вий гэсэн хардлага иргэдэд төрж байна. Үүнд “Монголын оюутны холбоо” хяналт тавих уу?

-Төрийн хэвшлийн сургуулиуд инфляцийн өсөлтөөс үүдээд 9.4 хувиар төлбөрөө нэмж болох тухай тогтоол гарсан. Хувийн сургуулиуд ч мөн энэ чиг үүргийг анхаарч сургалтын төлбөрөө үндэслэлгүй хэт ихээр нэмж болохгүй юм. Хэрэв хувийн сургуулиуд 10-20 хувиар төлбөрөө нэмж байгаа бол энэ талаар МОХ-нд мэдэгдэж болно. Бид ямар үндэслэлтэйгээр нэмсэн болохыг холбогдох албаны хүмүүстэй хамтарч шалгана.

Д.Батбаяр http://www.niigmiintoli.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих