Улаанбаатарт байгаа миний Төрзасагт
Таны маань ажил бие данги, хуучин хэвийн мэнд сайн буйз аа.
Манай энд бараа элбэг, хүн амьтан тоо бүрэн, толгой мэнд ээ. Аргагүй шүү дээ, хямралаас болоод хүмүүс юм худалдаж авахаа больчихоор дэлгүүрийн бараа дундрахаа байчихдаг юм байна. Аа тийм, өнөө хулгар Гонио маань малын хулгайгаар ачигдаж байгаа сурагтай. Гэвч түүний том ах хулхи Донио нь өршөөлөөр суллагдаад ирэхээр хүн амын тоо нь ноднингийн мөн үеийнхтэйгээ мөргөх юм гэсээн. Хаанаас нь ч харсан эд бараа элбэг, амьтан хүн бүрэн байгаа нь ийм нигууртай ажаам.
Олон түмний санаа сэтгэл амгалан тайван байна аа. Харин хүүхдүүдээ дээд сургууль төгсгөөд ирэхээр нь ямар мэргэжил эзэмшүүлдэг юм билээ гэж санааширсан эцэг эхчүүд л их байх юм.
Танай тэрүүгээр сайхан намар болж байна уу.
Манай энд сайхан намар болж байна аа. Удахгүй намрын дунд сарын 17-нд найр хурим болно гээд л.
Зун ч сайхан болсоон. Сониноос тариа ургаагүй гэсээн. Засаг мөнгө өгөхгүй гэсэн чинь буудайны заяа гомдоод цухуйгаагүй гэнэ лээ. Зарим нь болохоор “үр суулгахгүй бол тариа чинь угаасаа ургадаггүй юм” гэж ирээд л цуурах юм, мэдэхгүй ээ мэдэхгүй.
Тарианаас бусад нь сайн ургасан болохоор хүн малгүй зэгсэн таргалсан шүү. Сониноос илүүдэл жинтэйчүүд нь “даралт ихэдлээ эмчилгээ хийлгэнэ” гээд хотыг зорихдоо аль л таргалсан малаа унагаж замын зардал хийгээд явсан болохоор туранхай хэд нь нутгаа сахиж үлдэх шив дээ. Малын буян барагдах биш дээ, сайхан эмчлүүлж эдгэж ирээд л малаа таргуулна шүү дээ.
Олон жилийн өмнө манай нутгийн “Үхэр буу” Долдой гуай мал туувраар хот орохдоо “Намзасаг гэдэгтэй чинь уулзаад ирлээ. Том хар дээлтэй хүн байна” гэж ярьж ирснээс хойш олон жил өнгөрчээ. Тэрнээс хойш таныг нэрээ сольж, намзасаг байхаа болиод төрзасаг болсныг амьтан ах дүү нараас дуулсан. Гэвч бурхан болооч Долдой гуайгаас хойш танайхаар очсон, уулзсан хүн манай энд байхгүй ээ. Харин танд захиа занаа бичээд, юмаа хөөцөлдүүлж, ажлаа бүтээсэн улс амьтан зөндөө л дуулдах юм.
Уул нь та нартайгаа уулзаж танилцахыг их бодох юмаа. Авгай ч гэсэн “Төрзасгийндаа нэг очооч, өдий олон жил болоход ганц ч удаа золгосонгүй. Дотроо бол гомдоод л байгаа” гээд л үглэх юм. Даанч зав болдоггүй ээ.
Өнгөрсөн намар оюутан хүүхдээр гурвын бидон жимс явуулсан, аваа л байлгүй. Гэрийг чинь “Элбэгдоржийнтой хамар хашаа, хашаа ч гэж дээ хүүхдүүд нь дүрсгүйтээд хамаг хашаагаа нураачихсан айл байдаг гэсэн” гээд л тодорхой заасан юмсан. Жимс авсан бол савыг нь эргүүлээд явуулчихвал их сайн байна аа, манай энд чинь бидон сав ховор оо. Заавал дотор нь юм хийх гээд яах вэ, өөрөө л мэднэ биз, хэ хэ.
Ёслуулсан монголын Төрзасаг.
Ёсолсон. Өнөө муу Цэнддоо.үнэн.
Дараа баяртай уулзъя.
Жич: Дээрхэн үүгээр явсан нэг даргаар орон сууц хүссэн өргөдөл дайлгасан юмсан. Биевтэр хүнээр явуулсан юм чинь очоо л бол уу. Бүтээгээд өгнө гэдэгт итгэл дүүрэн хүлээж суунам.
URL: