11 барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг шалгажээ
Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас анх удаа нийтийн зориулалттай орон сууцыг үнэлэн, паспортжуулах ажил эхлүүлээд байгаа.
Мэргэжилтнүүд Баянгол дүүргийн тав, Баянзүрх дүүргийн ес, Сүхбаатар дүүргийн нэг, Чингэлтэй дүүргийн нэг гээд нийтдээ 11 барилгыг чичирхийллийн тусгай багажаар хэмжиж, гадна төлөв байдалтай нь танилцжээ.
Ажлын хэсгийнхэн манай улсын барилга, байшин ямар түвшинд баригдсаныг тогтоох нэгдсэн тайлангаа 45 хоногийн дараа гаргах гэнэ. Манай мэргэжилтнүүд оросын эрдэмтэн, инженерүүд хамтран нийтийн зориулалттай орон сууцны газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг судлах, паспортжуулах ажлыг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ.
Эхний удаа барилга байгууламжуудыг газар хөдлөлтийн шаталбараар урьдчилан ангилж, микросейсм хэлбэлзлийн үед жишиг барилгын динамик итгэлцүүрийг багажны тусламжтайгаар бүртгэх гэнэ.
Мөн эрсдлийн загварыг ашиглан нийслэлийн нутаг дэвсгэр, хүн ам, барилга байгууламжийн газар хөдлөлтийн аюулын түвшний урьдчилсан үнэлгээ хийж, дүгнэлт гаргах аж. Барилга хот төлөвлөлтийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсээс энэ жил 40 барилгад шалгалт хийх бөгөөд үлдсэн 2460 гаруй барилгад манай мэргэжлийн байгууллагууд дүн тавих гэнэ.
О.Бүрнээ
URL: