“Хавар шалгалтандаа уначихсан найз чинь намар нэг ангид суралцвал гайхах хэрэггүй”

-Дансанд ордоггүй хандив буюу хахууль-

Багш нарын бизнес эхэлчихжээ. Хүүхэдтэй хүн бүр наймдугаар сар гарав уу, үгүй юу “Мөнгөтэй ч болоосой” гэж мөрөөддөг болчихож. Зарим нь бүр “Эрх мэдэл, танил талтай ч болоосой” гэж бодоод бүтэн нойртой хонож чадахгүй байна гэх юм. Сургууль, цэцэрлэг, сургалтын төлбөрөөс болоод тэр шүү дээ.

Хүүхэд нь МУИС-д шалгалт өгөөд уначихсан гэх нэгэн ээжийн ярьж буйгаар “Одоо мөнгө л байвал бүхнийг шийдэж болно. Өвчин л биш бол бусдыг нь зохицуулж болдог болсон” гэж байна. Хэн эрх мэдэлтэйд нь хэдэн төгрөг атгуулж орхивол бүх асуудал нааштайгаар эргэнэ гэх яриа хэд хоногийн өмнөөс бүр ч ихээр чих дэлсэх болов. Хөдөөгийн нэгэн бүсгүй хоёр сая төгрөг ах, дүүгээсээ асууж яваатай тааралдав.

Тэр ээж “Хүүхдээ Төмөр замын дээд сургуульд оруулах гэсэн юм” хэмээн ярьж явна. Улсын нэр хүндтэй томоохон сургуульд хүүхдээ оруулж чадаагүй зарим эцэг, эх боловсролын байгууллагад үйлчилдэг энэ хачирхалтай “хууль”-иар асуудлаа шийдэх гэж бас л ядаж яваа бололтой. Хэдэн төгрөгтэй, боломжийн амьдралтай гэх зарим нь хичээлийн эрхлэгчтэй нь ээж, аавыгаа уулзуулна.

Танил хүнээр нь бас хэлүүлнэ, шийдвэрийг хэн гаргадаг, түүнийг хэн таньж болох вэ зэргээр “тагнуулын ажиллагаа” явуулж байна. Тандаж дууссаныхаа дараа шат шатных нь дамжлагаар эрхэм дарга нарт хүссэнийг нь өгдөг гэнэ. Өвлийн идэш, өөхтэй тарган мах, сүү цагаан идээ гээд өгөх зүйлийн нэр, хаяг хөвөрч өгдөг юм байна. Гарыг нь хүндрүүлж болно, гадаадад амрах эрхийн бичиг ч бас өгч болно гээд туршлагатай нэг хахууль нь нөгөөдөө бас зөвлөгөө өгч байна.

ЗАРИМ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ХАНДИВ ТОГТСОН ХАНШТАЙ

Эцэг, эхчүүд үүнийгээ хахууль биш, “хандив” хэмээн зөөлрүүлж хэлдэг аж. Зарим их, дээд сургуулийн эрх мэдэлтэнд өгөх хандив бүр тогтсон ханштай болсон байна. Тухайлбал, төрийн өмчийн их, дээд сургуульд хүүхэд оруулах бол танд 1-1.5 сая төгрөг хэрэг болох гэнэ. Улсын сургуулиудаас хамгийн өндөр ханштай нь ЭМШУИС. Энэ сургуульд орж, эмч болохыг хүсвэл хэн нэгний халаас руу хоёр сая 500 мянган төгрөг хийхэд болно гэж байна.

Хэрэв танай хүүхэд хувийн сургууль сонирхож буй бол ханш нь арай хямд юм. Хавар элсэлтийн шалгалт өгөөд, оноо нь хүрээгүй ч гэсэн 1-1.5 сая төгрөг байхад тухайн сургуульд орж суралцах эрхтэй болно гэсэн үг. Хандивын мөнгийг хэтэвч рүүгээ хийж буй хүмүүсийн тавьдаг шаардлага бараг л адилхан. Хүүхэд чинь бүрэн дунд болон суурь боловсролын гэрчилгээтэй, элсэлтийн ерөнхий шалгалтад орсон бичигтэй л бол дээрх асуудлыг шийдвэрлэж болдог гэнэ.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХАНДИВ 20-50 МЯНГАН ТӨГРӨГ

Хүүхэдтэй хүн бүрийн амнаас ийм хов зөөсөн бор шувуу их, дээд сургууль гэлтгүй цэцэрлэгийн үүдээр ч бас эргэлдэж байна. Хоёр, гурван хүүхэдтэй айл цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж хонон өнжин дугаарлаж байхад танил сайтай зарим нь цэцэрлэгийн багш нарыг ийм бизнест уруу татсаар байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгийн олонхи нь харьяа газрынхаа хүүхдийг авна гэдэг ч бүртгэлийн үеэр энэ нь бизнес болж хувирдаг байна. Харьяа дүүргийнхээ хүүхдийг тэд 20 мянган төгрөгөөр, харин өөр дүүргийн хүүхдийг 50 мянган төгрөгөөр авдаг юм байна. Энэ мөнгийг ангийн багш нь, аль эсвэл цэцэрлэгийн эрхлэгч авдаг ажээ.

ХАНДИВЫГ ХЭН Ч, ХААНА Ч ӨГЧ БОЛНО

Хавар элсэлтийн шалгалтад уначихсан ангийн анд чинь намар, хичээл эхлэхэд юу ч болоогүй юм шиг нэг ангид хамт суралцвал гайхах хэрэггүй. Учир нь хандив өгөх, авах нь хуулиар зөвшөөрөгдсөн зүйл бөгөөд сургуулиудын санхүүжилт авах эх үүсвэрийнх нь аль нэгэнд албан ёсоор багтдаг аж. Хамгийн гол нь хандив нэрээр өгч буй өнөөх мөнгө тухайн сургуулийн дансанд биш, хэн нэгэн эрх мэдэлтний халаасанд орж буйд хамаг учир буй юм. Холбогдох байгууллагууд нь үүнийг хянаж шалгадаг ч хоёр тал хэн, хэнийхээ хэрэгцээг хангаад, зохицчихдог учир ил өрнөдөг ч энэ бизнес барагтай л бол илэрдэггүй юм байна.

Зарим нэр хүндтэй томоохон сургуулийн багш нар элсэлтийн шалгалтын комисст багтах гэж улайран хөөцөлддөг нь уг бизнес хэчнээн ашигтайг харуулж буй хэрэг юм. Албаны хүнээс энэ тухай лавлахад “Хандив авахыг зөвшөөрсөн байдаг ч үүнийхээ хариуд шалгалтгүйгээр оюутан элсүүлэх нь буруу. Одоогоор энэ явдлыг хориглосон хууль зүйн зохицуулалт байхгүй. Гэхдээ шударга бус байдлыг үүсгэж, хувь хүн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж болохгүй” гэсэн юм.

Э.Бэрцэцэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих