АМГ-ын сервер дахин гацлаа


Сар гаруйн өмнө дөө, Ашигт малтмалын газраас зүүн аймгуудын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох ажил эхлээд л сервер нь гацсан. Шалтгааныг тодорхойлж чадаагүй байтал энэ сарын 21-нд дахин гацжээ.

Эхний “гацалт”-ын учир шалтгааныг олохоор Тагнуулын ерөнхий газар, хөгжүүлэгч компани зэрэг олон байгууллагын төлөөлөл нэгдэж ажлын хэсэг томилж ажиллуулсан тухай сүртэй мэдээ дараахан нь ирж байв. Гэсэн ч яагаад, юунаас болов гэдгийг тэд олж чадаагүй бололтой.  Ингэж байтал сервер дахин гацаж Ажлын хэсгийнхэн дахиад ажилтай болох нь тэр. Тэд хэдэнтээ хуралдаж энэ асуудлыг хэлэлцжээ. Хамгийн сүүлд өчигдөр хуралдсан байна. Ажлын хэсгийнхэн хэрхэн дүгнэж буйг АМГ-ын хэвлэлийн төлөөлөгч н.Бямбадоржоос тодруулахад “Тодорхой мэдээлэл байхгүй” гэв.

Уг нь  ашигт малтмалын хай­гуулын тусгай зөвшөөрлийг шударгаар, шуурхай олгоно гээд ийн цахимжуулж эхэлсэн юм. Гэтэл бүртгэл эхлээд хоёр минутын дараа сервер нь гацчихдаг. Учрыг нь олж, шуурхай арга хэмжээ авч чадаагүй байтал дараагийнх нь…

Ерөөс энэ бүхнийг гаднын халдлага гэж үзэж болох тухай эх сурвалж хэлж байна. Учир нь энэхүү цахим санд Монгол Улсын ашигт малтмалын талаарх мэдээлэл тэр чигтээ багтсан. Тиймээс хамгаалалт хамгийн чухал байх учиртай ажээ. Гэтэл иймэрхүү байдалтай байдаг. Нөгөө талаар Монгол Улс кибер аюулгүй байдалдаа анхаарах цаг болсныг энэ бүтэлгүйтэл сануулж байгаа бус уу?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих