Хар тамхины хэрэгт 18-25 насны иргэд гол төлөв холбогддог

Орхон аймагт сүүлийн 3 жилийн хугацаанд хар тамхины хэргээр нийт 12 холбогдогчтой 4 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.Энэ оны байдлаар хар тамхины төрлийн нэг хэрэг шалгагдаж эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзсан байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн 18-25 орчим насны иргэд холбогддог байна.
өвс
Дээрх 4 хэргийн холбогчид нь 18-25 насны Орхон аймгийн харьяат иргэд байсан бөгөөд хэрэгт холбогдсон иргэдийг  хар тамхины төрлийн Ургамалыг олж авсан, тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр хуулийн хариуцлага хүлээлгэжээ.
Тодруулбал Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-р зүйлийн 192.1 хар тамхи мансууруулах төрлийн өвс Ургамалыг хадгалсан, тээвэрлэсэн тохиолдолд 3-5 жилийн хуулийн хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу хариуцлага тооцжээ.Харин энэ гэмт хэрэгт насанд хүрээгүй хүнийг оролцуулсан, худалдсан тохиолдолд хүнд гэмт хэрэгт тооцогдож хүлээх хариуцлага өндөр болдог байна.
Энэ гэмт хэрэгт ихэнхдээ оюутан залуус холбогдож байгаа нь хар тамхины хор хөнөөлийг ойлгож ухамсарлаагүй, мэдээлэлгүй байгаа нь гол нөлөө үзүүлж байна.Аймгийн цагдаагийн газраас урьдчилан сэргийлэх чиглэлд ЕБС-иудад сургалт сурталчилгаа хийхээс гадна, Орхон аймгийн газар нутаг орчимд ургаж байгаа мансууруулах төрлийн Ургамалыг устгах ажлыг Эрдэнэт үйлдвэрийн гэрээт цагдаагийн тасагтай хамтран жил бүр зохион байгуулдаг байна.
Гэсэн хэдий ч тухайн өвс ургамал нь нөхөн сэргэж ургах нь амархан тархмал байдаг гэнэ.Таны хүүхэд хэн нэгэнд уруу татагдах, аль эсвэл өөрийн сонирхлоор мансууруулах төрлийн бодис хэрэглэж болзошгүй учраас багш эцэг эхчүүдийн оролцоо, анхаарал чухал үүрэгтэй гэдгийг сануулж байна. Хар тамхи нь архи тамхинаас хэд дахин илүү хор хөнөөлтэй бодис бөгөөд цаашлаад сэтгэцэд нөлөөлдөг. Сэтгэцийн хамааралтай болгодог гэдгийг анхааруулж байна.

URL:

Сэтгэгдэл бичих