Б.Цогтгэрэл: Төсвийн мөнгийг буруу зүйлд зарцуулсан гэдгээр Э.Бат-үүлийг шүүхэд өгнө
Сүүлийн өдрүүдэд НИТХ-ын төлөөлөгчид маш их хэмжээний урамшуулал авдаг талаарх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоо- той болон шилэн дансаар төсөв хөрөнгийнхөө задаргааг нийтэлсэн байгууллагуудаас маш олон зөрчил дутагдал илэрч байгаа талаарх баримтыг иргэн Б.Цогтгэрэл твиттер хуудсаараа дамжуулан олны анхааралд хүргээд байна. Үүнтэй холбогдуулан түүнтэй ярилцлаа.
-НИТХ-ын төлөөлөгчидтэй холбоотой маш олон мэдээллийг та олны анхааралд оруулаад байна. Өөрийн олж харсан баримтаас манай уншигчдад танилцуулна уу?
-Шилэн дансны тухай хуулийн есдүгээр зүйлд иргэний хяналтын талаар бий. Тодруулбал, Монгол Улсын иргэн шилэн дансны мэдээллийн талаар хүссэн байгууллагадаа өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Түүнийг нь тухайн байгууллага гомдол гаргагчид саадгүй гаргаж өгнө гэж заасан. Миний хувьд Шилэн дансны хууль дээр хуулийн дагуу иргэнийхээ хяналтыг тавьж байна. Шилэн дансны мэдээллийг шалгах явцад маш олон зөрчил, дутагдал гарч байна. Нийслэл, дүүрэг, аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид бүгд мөнгө хуваарилж өгч байгаа. Миний харж байгаагаар Чингэлтэй, Багахангай дүүрэг л мөнгө төгрөг авсан, хуваасан гэдэг зүйлийг шилэн дансандаа бичээгүй байна. Бусад бүх дүүрэг өгсөн, авсан асуудал байна.
-Тухайлбал?
-Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид улиралд гурван сая 900 мянган төгрөгийн урамшуулал авч байна. Жишээ нь, Сүхбаатар дүүрэг гэхэд 135 сая төгрөгийг урамшуулал нэрийн дор төлөөлөгчдөдөө тараасан. Дүүргийн болон нийс- лэлийн төлөөлөгчид бидний хэлж заншсанаар бүгд “давхар дээл”-тэй. НИТХ 45 төлөөлөгчтэй. Тэд сүүлд улирлын урамшуулал гэж тус бүртээ 27 сая төгрөг авсан. Э.Бат-Үүл, Д.Баттулга нар ч авсан. Харин энэ мөнгийг нэг сард хуваавал дөрвөн сая 500 мянган төгрөг болж байна. Харин жилээр тооцвол 45 төлөөлөгчийн урамшуулал хоёр тэрбум 500 сая төгрөг болж байх жишээтэй. Гэтэл энэ мөнгөөр томоохон хэмжээний хоёр ч сургууль барих бололцоотой.
-Төлөөлөгчид энэ урамшууллаасаа гадна үндсэн цалин гэж авдаг биз дээ?
-Тэгэлгүй яахав. ИТХ- ын дарга, Засаг дарга ч бай урамшууллаасаа гадна өдөр тутамд хийж байгаа ажлынхаа хөлс буюу тогтмол цалин авдаг. Бүр ингээд зогсохгүй АН-ын төлөөлөгчид бүгд нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газарт буюу нийслэлийн харьяаны байгууллагын даргын албан тушаалтай. Үндсэндээ “давхар” дээлийн хажуугаар давхар хангамж, цалин авч байх жишээтэй. Улс эх орон эдийн засгийн хямралтай үед энэ хүмүүс урамшуулал нэрийн дор авч байгаа их мөнгөө болих хэрэгтэй.
-Ийм их хэмжээний давхар хангамжийг ганцхан АН-ын төлөөлөгчид аваагүй биз дээ?
-АН, МАН, МАХН, ИЗНН- ынхан бүгд авч байгаа.
-Төлөөлөгчдийн урамшууллын асуудал сүүлийн үед олны анхааралд байна л даа. Гэтэл нэг төлөөлөгч “Тэртэй тэргүй журамдаа ийм цалин, хангамж, урамшуулалтай байна гээд заачихсан учраас бид авч л таарна” гэдэг агуулгатай зүйл ярьсан байна лээ. Нээрэн л журамд заасан юм чинь авахаас яах билээ гэж харагдаад байна л даа?
-Урамшуулал авахгүй гэж хэлсэн хүн байвал сайн байна. Ийм хүн нийслэлээс өгч байгаа мөнгийг ил тод зарлаад буцаагаад дансанд нь түүнийгээ өгч болно. Харин нийслэл авахгүй байгаа хүнд хүчээр мөнгө өгөх эрх зүйн орчин байхгүй шүү дээ.
-Гэхдээ энэ урамшууллын системийг НИТХ-ын төлөөлөгчид өөрсдөө тойрч суугаад баталдаг биз дээ. Тэгэхээр энэ тогтолцоог өөрсдөө өөрчилье, урамшууллаасаа татгалзъя гэж иргэний зориг гаргаж чадах юм уу. Угтаа тогтолцоонд л өөрчлөлт оруулмаар юм биш үү?
-Монгол Улсын төсвийг нийслэл гэлтгүй өөрсдийнх нь оруулж ирсэн саналаар УИХ батлаад өгчихдөг. Жишээ нь, нийслэлд 100 төгрөг баталлаа гэж бодоход үүнийхээ хэдийг нийслэлийн байгууллагад өгөх, хэдийг нь үйл ажиллагаа, төлөөлөгчийн урамшуулалд өгөх вэ гэдгийг НИТХ дотооддоо шийддэг. Тэгэхээр урамшууллын систем бий болгодог нь нийслэлийн болон дүүргийн ИТХ-ын өөрсдийнх нь дотоодын шийдвэрлэх асуудал мөн.
-Давхар ямба эдэлж байгаа байдлыг болиулахын тулд яах ёстой юм. Уг нь энэ ажиллагааг Э.Бат-Үүл дарга өөрөө эхлүүлэх ёстой юм биш үү?
-НИТХ-ынхан урамшуул- лаа саа татгалзсан тогтоол, шийдвэр гаргах учиртай. Эдийн засаг хүнд энэ үед улс төрийн намууд болон төлөөлөгчдийг санхүүжүүлэх нь буруу гэдэг шийдвэр гаргаад төсөвтөө хэмнэлт хийе гэвэл НИТХ хоёр тэрбум төгрөгөө ухамсраараа танах боломжтой. Өөрсдийнхөө саналаар танаад төсөв хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа бусад салбартаа шилжүүлмээр байна шүү дээ. 2.4 тэрбум төгрөгийг ядаж л нийслэлийн томоохон асуудал болсон цэцэрлэг барихад зарцуулбал тавын таван цэцэрлэг барих хэмжээний мөнгө.
-Хэдэн тэрбумаар урамшуулал авдаг тогтолцоо хэзээнээс бий болчихсон юм бэ. Өмнөх жилүүдэд төлөөлөгчид ийм их хэмжээний мөнгө авдаг талаар сонсоогүй санагдах юм?
-Энэ систем өмнө нь байсан л даа. Гэхдээ ийм өндөр хэмжээний урамшуулал авдаг жишиг байгаагүй юм. Харин энэ системийг АН-ынхан бий болгосон. 2012 оноос эхлээд жил бүр шат дараалан өсгөж байгаа.
-Энэ байдалд тэгээд хэн хяналт тавих ёстой юм бэ?
-ИТХ өөрсдөө л хяналт тавих ёстой. ИТХ-ын төлөөлөгчид өөрсдөдөө хяналт тавих ёстой. Гэхдээ ашиг, сонирхлын зөрчлийн үүднээс эд өөрсдөө хяналт тавихгүй байгаагаас иргэд Шилэн дансны хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хяналтаа тавимаар байна. Жишээ нь, миний бие энэ асуудлыг гарган ирж, олон нийтийн сүлжээгээр цацаагүй байсан бол төлөөлөгчид хэдэн давхар ямбаа чимээгүй эдлээд л явах болно. Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хуулийг батлуулаагүй бол энэ асуудал хуйвалдааны байдалтай байх байсан. Харамсалтай нь бид энэ асуудлыг дөрвөн жилийн дараа мэдэж байна шүү дээ.
-Хэдий олны анхааралд орсон ч төлөөлөгчид дотроосоо санал гаргаад хэдэн давхар ямбаасаа татгалзана гэдэг эргэлзээтэй санагдаад байна л даа?
-Ийм боломж бүрэн байгаа. Үүнийг гаргаж ирэх ч ёстой. Хэрвээ гаргаж ирэхгүй бол Э.Бат-Үүл дарга төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг үндэслэлээр сайн дураараа ажлаа өгөх ёстой. Гэхдээ түүнд энэ чинээний эр зориг байхгүй, ийм шийдвэр гаргаж чадахгүй гэж бодож байна.
-Таны хувьд хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс энэ асуудлыг олны хүртээл болгож байна уу. Цаашдаа төлөөлөгчид энэ их эрх ямбаасаа татгалзахгүй, хотын дарга нь асуудлыг авч хэлэлцэхгүй бол ямар нэгэн алхам хийх үү?
-Намрын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Энэ үеэр нийслэл, дүүрэг хуралдаж, төсвөө тодотгох ёстой. Энэ үеэр хэрвээ нийслэл, дүүргийнхэн өөрсдөдөө зориулаад урамшууллын мөнгө оруулаад ирвэл би хувьдаа “Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон улсад их хэмжээний хохирол учруулж байна” гэдэг үндэслэлээр хотын дарга Э.Бат-Үүлийг АТГ-т шалгуулах хүсэлтээ өгнө. Ганцхан төлөөлөгчийн урамшууллын асуудал биш. Хэдхэн жишээ татахад ногоон уут байна. Улсад асар их хэмжээний хохирол учруулсан, рэйлбус гэж өндөр өртөгтэй автобус байна. Мөн автобусны цахим картаар асар их хэмжээний үргүй зардал гаргасан. Энэ бүгдийг нийлүүлж, материалаа бүрдүүлээд АТГ болон шүүх, цагдаагийн байгууллагад албан ёсоор хандана. Ингэхээс ч өөр арга алга. Шилэн дансны хуулиар иргэний хяналтаа тавих эрхийг бидэнд олгосон. Үүнийг идэвх санаачилгатай иргэд аваад явах ч үүрэгтэй.
-Төлөөлөгчдийн урамшууллаас гадна хотын даргыг шүүхээр шалгуулах өөр шалтгаан байх нь ээ?
-Олон бий. Жишээлбэл, шилэн дансыг шалгаж байх явцад ТОСК- иас хэвлэл мэдээллийн маш олон байгууллагад онц их хэмжээний мөнгө тараасан байна. Мөн Баянзүрх дүүргийн ИТХ болон Засаг даргын тамгын газар 140 сая төгрөгөөр 50 жилийн ойн медаль хийлгэж байх жишээтэй. Бас “ИТХ-ыг хэн сайн мэдэх вэ” сэдэвт болзолт уралдаан зохион байгуулсан. Энэ нь ямар үр ашигтай, хэнд үр дүнтэй юм бүү мэд. Дээр нь “Чингис” бондоос санхүүжиж байгаа “Гудамж” төслийн долоон хүнийг Европын орноор 10 хоногт 90 сая төгрөгөөр зугаалуулсан байх жишээтэй. Энэ нь шилэн дансанд бүгд баримт болоод үлдсэн. Шилэн дансны өнгөн хэсгийг харахад л ийм олон хууль бус зүйл гарч байна. Энэ бол шилэн дансанд мэдээллээ оруулж байгаа компаниудаас гарч байгаа ноцтой алдаа дутагдал шүү дээ. Цаашлаад нийслэлийн данснаас иргэн С.Болормаа гэдэг хүн асар их хэмжээний бэлэн мөнгийг удаа дараа гаргуулж авсан. 7-9 сая төгрөгийг олон удаагийн давтамжтайгаар авсан байгаа юм. Гэтэл төрийн мөнгийг яагаад ийм их хэмжээгээр хувь хүн авдаг нь сонин биз дээ. Загварын агентлагийг нийслэл санхүүжүүлж байсан юм биш үү. Мөн “Хурд” ХХК-ийн ажилтанд 10 сая төгрөгийн дэмжлэг нийслэлээс үзүүлсэн байна.
-Энэ мэтээр та маш олон жишээ дурдах нь ээ дээ?
-Маш олон баримт байна. Бас нэг ноцтой жишээ дурдахад, Э.Бат-Үүл дарга Москва, Сөүл хотод төлөөлөгчийн газраа байгуулчихсан байна. Монгол Улс эдгээр газарт Элчин сайдын яамтай юм, уг нь. Гэтэл ингэж төлөөлөгчийн газар байгуулаад санхүүжилтийг нь мөн л нийслэлээс гаргаж байна. Асар их хэмжээний мөнгө урсч байгаа биз. Үнэндээ үүний цаана “Монгол Улс нэг цонхны бодлоготой” гэж Гадаад хэргийн сайд нь яриад байхад хотын дарга нь давхар татаас өгдөг газар ажиллуулж байх жишээтэй. Мөн “Мобиком” корпорацид нийслэлээс долоон сая гаруй төгрөгийг утасны төлбөр гэж шилжүүлсэн байна. Яахаараа ийм өндөр төлбөр нийслэлийн Засаг дарга төлж байдаг юм. Эдгээр жишээ бол бүгд НИТХ болон Засаг даргын тамгын газраас гарч байгаа хөрөнгө. Үүгээр ч зогсохгүй асар олон томилолт, визийн зардал гэх мэтээр санаанд багтамгүй их хэмжээний мөнгийг зарцуулж байна. Зөвхөн хэвлэлийн хурал хийхэд л 22 сая төгрөг зарцуулж байна гээд бод доо. Бас “Улаан автобус” гэж нэвтрүүлэг хийдэг юм байна, түүндээ 30 саяыг өгсөн. Мөн Баянгол дүүргийн АН-д сар бүр 15 сая төгрөг өгчихсөн байх юм. Тэр ч бүү хэл, Хан-Уул дүүргийн ИТХ-аас нь иргэдэд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Дандаа л хандив, гадаадын байгууллагаас гэж бичсэн. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагад асар их хэмжээний мөнгийг зарцуулж байна. Жишээ нь, МҮОНРТ-д тал бүрээс асар их хэмжээний мөнгийг шилжүүлдэг. Нийслэлийн соёл, урлагийн газарт “Венийн үдэш” зохион байгуулсан гээд хоол, оройн зоог, хүлээн авалтын зардал зургаан сая, гадаадын уран бүтээлчдэд 13 сая, уран бүтээлчдэд 12 сая гэх мэтээр тансаг найр наадам зогсоо зайгүй л хийж байна.
-Энэ байдал зөвхөн нийслэлийн хэмжээнд л гарсан байх юм уу. Орон нутагт ямар байна вэ?
-Орон нутагт бүр замаа алдсан. Ганцхан жишээ татахад, Өмнөговь аймаг ХБНГУ-д төлөөлөгчөөр суудаг Батсүх гэдэг хүнийхээ үйл ажиллагааны зардалд мөнгө шилжүүлээд сууж байх жишээтэй. Мөн сайдын айлчлалд зориулаад есөн сая төгрөгөөр аяга авч өгсөн байна. Э.Бат-Үүл дарга “Ардчиллын боловсрол” гэдэг төвд 12 саяыг өгсөн байна гэх мэт хууль бус асуудал хэдэн зуугаараа байна. Гэхдээ эдгээрийн цаана шилэн дансыг огт ажиллуулахгүй газрууд бий. Тиймээс эдгээр газрын төсөв таг хаалттай байна. Тиймээс шилэн дансаа хөтөлдөггүй бай- гууллагуудад хариуцлага тооцмоор байна. Хаалттай байгаа газруудын мэдээлэл ил болоход үүнээс ч аймаар зүйл олон гарах нь тодорхой.
URL: