Чононд хонио өгөөгүй байж зуданд чамайг өгөхгүй

1993 онд 084 дүгээр ангид байхдаа Марзын онгоцны эрэлд явсан минь огт мартагддаггүй юм. Манай бүлэг Марзын яг хажууханд очсон. Оройдоо биш бэлдээ овоотой хайрхан. Хүн битгий хэл нохой ч гардаггүй байх. Нутгийнхан их сүжиглэдэг юм билээ.

Бид тэр харагдаж байгаа хавтгай оройтой ууланд гарья гээд явсан. Үүлэнд орчихсон учраас хавтгай юм шиг харагджээ. Буцаж яваад би уулын голд уначихсан. Танкийн хар хувцастай явсан. Хамаг хувцас норчихсон. Холбоонд орох гээд хэсэг амарсан. Босоод явах гэсэн чинь хамаг бие халуун оргиж хөл гар хөшөөд нэг л биш. Осгож байснаа мэдээгүй байгаа юм. Голд унаснаас хойш хувцас гаднаа хатаад эвэрчихсэн хэрнээ дотор тал нь бие хайраад байж л дээ.

Хөлөө жийгээд үзэхэд огшчихсон юм шиг эвгүй оргиод байна. Гадуур хувцсаа тайлах гэсэн чинь манайхан битгий хувцсаа тайлаад бай гээд болдоггүй. “Би явж чадахгүй нь ротын дарга аа” гэж хэлсэн. Бие халуун оргиод, өөрөө мэдэхгүй жаахан дэмийрсэн юм шиг байгаа юм. Нөгөө хэд л дараа нь хэлж байсан. Цасан шуурга нүдгүй шуурч байдаг. Манай хэд намайг ээлжилж үүрээд явлаа. Марзаас бууж явахдаа тууварчид хоёр хурга, нэг эм хонь үлдээчихсэн байсан. Бид олж аваад тууварчдад хүргэж өгсөн юм. Ротын захирагч, ахмад Я.Баярсайхан “чононд хонио өгөөгүй байж, чамайг зуданд өгөхгүй” гэсэн.

Би “Та нар ядарч явж намайг үүрээд яахав. Намайг үлдээчихээд айл хунар олоод эргэж ирээд авчих” гэсэн. Чоно идчихвэл яахав гэсэн. Би “буу, сумтайгаа үлдье” гэсэн боловч ротын дарга зөвшөөрөөгүй. Би үүрүүлж явахаасаа ичээд байсан юм л даа. Нохой л хуцвал айл олдоно гээд намайг цааш нь үүрээд явсан. Ядахад нөмөр болох хад ч тааралддаггүй. Тэгж яваад сандлын дайтай хад тааралдаж нөмөрт нь намайг хэвтүүлээд “Унтаж болохгүй шүү. Осгосон хүн унтвал дулаанаа алдаад нэг мөсөн осгочихдог юм гэсэн” гээд бүгд сахиж хоносон. Манайхан ойр ойрхон гүйгээд гимнастик хийгээд хоносон. Өглөө үүр цайх үед бүгд нойрондоо дарагдаад тал тал тийшээ тараад унтчихсан.

Өглөө нь холбоонд орох гэтэл батарей суучихжээ. Арга байна уу? гэсэн чинь манай холбоочин Жанчивдорж “нэг л удаа холбоонд орно. Цаашаа байхгүй” гэсэн. Ротын захирагч “Гурван хүн осгосон. Бүлэг цааш үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж дамжуул” гэсэн. Жанчивдорж сайн холбоочин тулдаа батарей руугаа “морь харж” байгаад ёстой нэг удаа холбоо барьсан даа. Тэгэхэд холбоо барьж чадаагүй бол байдал улам хүндрэх байсан шүү.

Онгоц ирж бид суугаад явж байхад ротын захирагч “Г үнээ, тэрнийг харж байна уу” гэж байна. Харвал миний вагондоод буучих уу гэсэн газар доошоо 20- 30 м-ийн гүн хавцал байгаа харагдсан. Бид гулгаад буусан бол хаана нэгэнтэй хад мөргөж үхэх байсан байна лээ. Би ротын захирагчдаа баярлаж явдаг юм. Хүн удирдаж яваа дарга хүн алхам тутамдаа хариуцлагатай, эгзэгтэй мөчид зөв шийдвэр гаргах мэдрэмжтэй байдаг юм билээ.

Хошууч Б.Батгүн (016 дугаар анги

URL:

Сэтгэгдэл бичих