Хорооны хөгжлийн тухай бодлогоо эргэн харах хэрэгтэй гэв


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр “Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, нийслэлийн болон Орхон аймгийн баг, хороодын Засаг дарга нар болох 100 гаруй хүн оролцсон юм. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах талаар тус байнгын хорооноос хийж буй ажлын талаар мэдээлэхдээ, “Манай байнгын хороо өнгөрсөн хугацаанд жилдээ 3000-4000 өргөдөл иргэдээс хүлээн авч шийдвэрлэж ирсний 95 орчим хувийг хувийн буюу ахуйн шинжтэй хүсэлтүүд эзэлдэг байсан. Харин 2015 он гарсаар 30 гаруй мянган иргэн 2000 орчим өргөдөл гаргасны 25 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн өргөдөл болж чанарын хувьд өөрчлөлт гарсан” хэмээн онцлоод “Энэ нь иргэд Өргөдлийн байнгын хорооны чиг үүргийг ойлгох ойлголт сайжирснаас гадна хамтран эрх ашгаа хамгаалах, хууль тогтоох үйл ажиллагаанд зөв хэлбэрээр оролцох хандлага нэмэгдсэнийг харуулж байна” гэв.

Байнгын хорооны дарга мөн “Өргөдлийн байнгын хорооны үндсэн зорилт нь иргэдийн санал, хүсэлтийн дагуу амьдрал дээр хэрэгжихгүй байгаа хуулийн хэрэгжилтийг шаардаж, шаардлагатай бол боловсронгуй болгох ажил зохион байгуулж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бодитоор хангах явдал” болохыг тэмдэглээд “Он гарсаар боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, нийгмийн халамж, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг салбарыг хамарсан тулгамдсан асуудлуудыг иргэдийн өргөдлөөр хэлэлцэж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Засгийн газар, эрх бүхий байгууллагуудад чиглэл, санал хүргүүлэх тогтоол, тэмдэглэл гаргаж шийдвэрлэсэн. Тухайлбал, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах зорилгоор нээлттэй сонсгол зохион байгуулж, байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон. Байнгын хорооноос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг Засгийн газраас тогтмол шаардан ажиллаж байгаа бөгөөд энэ оны 1-9 сарын байдлаар Ерөнхий сайдад явуулсан тогтоолын хэрэгжилтийн талаар 5, хариутай албан бичгийн 4 бичгийнх нь хариуг ирүүлээгүй, агентлагуудаас 7, нийслэлийн Засаг даргаас 2, аймгуудын Засаг дарга нараас 16 албан бичгийн хариу ирүүлээгүй”-г дурдлаа.

Түүнчлэн “Мөнгөн тусламж, эмчилгээний зардал, сургалтын төлбөр, ажилд оруулах зэрэг асуудлыг УИХ-ын гишүүн шийдвэрлэх боломжгүй, хууль тогтоох эрх хэмжээнд нь хамааралгүй учраас эдгээр асуудлаар ирүүлсэн өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн цаг хугацаа алдаж, олон шат дамжлага дамжин иргэдэд хүндрэл учруулж, өргөдөл доод шатандаа бүрэн гүйцэд шийдвэрлэгдэхгүй байгаагаас УИХ-д шууд хандах, эргээд л дамжин цохогдох байдалд хүрч байна. Тиймээс цаашид иргэдийн хувийн асуудлаарх өргөдлүүдийг засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хороодоос эхлэн шат шатандаа бүрэн судалж, зохих ёсоор шийдвэрлэх, энэ талаар иргэдийг үнэн зөв мэдээллээр ханган ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан ““Шинэ хороо” хөдөлгөөн” сэдвийн хүрээнд оролцогчидтой санал бодлоо хуваалцахдаа хорооны хөгжлийн асуудлыг нийгэм-эдийн засаг болон улс төрийн бодлого талаас нь хөндөж, “Гурван мянга хүрэхгүй оршин суугчтай нэг суманд эмнэлэг, сургууль, зам харилцаа, засаг захиргааны бие даасан нэгж зэрэг эдийн засгийн төв болох бүх боломж байдаг. Дээрээс нь “Шинэ сум” төсөл нэрийн дор тэрбум тэрбумаар нь мөнгө цацдаг байдалтай байхад 15 000 гаруй оршин суугчтай хороог 100-150 сая төгрөгөөр хөгжүүлнэ гэж төсөвлөдөг засаг, төртэй байж арай ч болохгүй. Хороогоо өөрчилж чадвал Монголоо өөрчилж чадна. Хорооны хэсгийн ахлагч нар буюу хорооны гол ажлыг нугалдаг хүмүүсийн цалин хангамж муу, амьдрал ахуй баталгаагүй зэрэг нь төр, засгийн үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй хүргэхэд нөлөөлж байна. Тэднийг төсвийн ерөнхийлөн захирагч болгож, хороог эдийн засгийн хувьд бие даалган хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд нэн даруй өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

Сүүлийн жилүүдэд Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гаар дамжуулан улсын төсвөөс жил бүр багагүй мөнгө хороодын хөгжилд зориулан хуваарилж байгаа. ОНХС бол хороод, иргэдэд зориулсан хөгжлийн сан юм. Тэд мөнгөө юунд зарцуулахаа шийддэг, өөрсдөө бүтээн байгуулалтанд гар бие оролцдог бас хийж бүтээснээ хянаж хамгаалдаг байх ёстой. Төсөвгүй хорооноос хөгжил, хариуцлага нэхэх нь зөв үү? Улсын маань нийт иргэдийн 50 гаруй хувь нь оршин сууж байгаа хорооны асуудлыг шийдэхгүйгээр Монголын асуудал шийдэгдэхгүй.  Тиймээс “Шинэ хороо” хөтөлбөрийг санал болгож, Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолыг манай байнгын хорооноос гаргана.

Миний сонгогдсон нийслэлийн Баянзүрх дүүрэг буюу 50 жилийн өмнөх Найрамдлын район 7 900 өрх, 35 000 оршин суугчтай байжээ. Одоо 50 жилийн ойгоо хийж байгаа энэ дүүрэг өнөөдөр 79 000 өрх, 330 000 гаруй оршин суугчтай болоод байна. Оршин суугчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээ шийдэх асуудал нь 10 дахин томорсон байтал шийдэл нь хэд дахин багасжээ. Хороог хөгжүүлэх арга зам, бодлогоо эргэн харах хэрэгтэй байна” гэлээ.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн асуудал хариуцсан референт Х.Наранцацрал “Иргэний танхим ба баг, хороодын удирдлагууд”, ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны референт Д.Бямбадулам, шинжээч И.Давааноров нар “Иргэдээс төрийн байгууллагуудад гаргасан өргөдөл шийдвэрлэлтийн үр нөлөөг сайжруулах нь” сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлж оролцогчдын асуултанд хариулсны дээр Нийслэлийн ЗДТГ-ын Иргэдийг хүлээн авах төвийн дарга О.Мөнх-Оргил иргэдээс өргөдөл гомдол хүлээн авч, шийдвэрлэж буй байдлаа танилцууллаа.

 


URL:

Сэтгэгдэл бичих