А.Гансүхийн зарцуулсан “Чингис бонд”-ын мөнгөнд М.Зоригт шалгалт хийнэ
Одоогоос гурван жилийн өмнө олон улсын зах зээлд борлуулж овоохон мөнгө босгосон “Чингис” бондын зарцуулалтын үр ашгийн тухай нийтлэлч Л.Болормаа тун дориун нийтлэл бичжээ. Тэрбээр хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцоход гурван жил гэдэг хангалттай хугацаа гэж үзсэн бөгөөд эдийн засаг хүндэрч, бараа бүтээгдэхүүний борлуулалт унасны улмаас үйлдвэрлэлийн шинж чанартай зарим төслийг хүндэтгэн үзэх шалтгаантай хэмээжээ.
Гэхдээ “Чингис” бондын төслүүд дунд хүндэтгэх шалтгаангүй, тун нухацтай авч үзэх, хариуцлага нэхэх нэгэн төсөл буй. Энэ бол 267 км урттай төмөр замын ажил. Энэхүү замыг Тавантолгой ордын нүүрсний экспортын зам гэх бөгөөд төмөр замын нийт өртгийг эхэн үедээ 700 сая ам.доллар хэмээн тооцоолж 200 сая ам. доллар гаргаж өгсөн байдаг аж. Харин 200 сая ам.долларын ажил хийх Ерөнхий гүйцэтгэгчийг тендергүй шалгаруулаад, гарын үсгээ зурсан хүн нь тухайн үеийн Зам, тээврийн сайд А. Гансүх юм. Мэдээж Х.Баттулга ч үүнд хамаатай.
Гэтэл замын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг тойрсон их хэмжээний мөнгөний зөрүү гарч ирж байгаа бөгөөд энэ талаар хэвлэлээр шуугих тоолонд сайд асан А. Гансүх “БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанитай марга, надад хамаагүй” гэх маягаар хандаж ирсэн байна.
Цаашлаад замын ажил дээр Самсунг СТ-ийн охин компанийн нэг ажилтан өдөрт 400 ам.долларын дундаж ажлын хөлстэй байсан бол монголчууд 45 долларын үнэлгээтэй. Нэг куб метр газар шорооны ажлыг 9.9 ам. доллараар бодож Чингис бондоос 11.7 сая куб метр газар шорооны ажлын мөнгө авсан бол газар шорооны ажил хийсэн Монголын 13 компанид 5 доллараар бодож хөлсийг нь өгчээ. Дундаас нь унах энэ их мөнгө Чингис бондынх. Та бид эргээд төлөх өр гэдгийг сэтгүүлч Л.Болормаа тодруулсан байна.
Асуудлын гол нь дөнгөж 2012 оны арванхоёрдугаар сард Улсын бүртгэлээс компанийн гэрчилгээгээ авсан Самсунг СТ-ийн охин компанитай 480 сая ам.долларын ажил хийлгэх гэрээг Монголын төмөр зам компани байгуулж, “өндөр итгэл” хүлээлгэсэн байгаа юм. Харин анхнаасаа бондын мөнгөний төлөө байгуулагдсан гэлтэй энэ компанийн өөрийн хөрөнгө тухайн үед дөнгөж 140 мянган ам.доллар байжээ. Тэгэхээр Засгийн газрын мөнгөний зарцуулалтыг хийсэн тухай үеийн сайд нар их хэмжээний мөнгө хэрхэн “цавчсан” талаар сэрдэж болохоор байгаа юм.
Тиймээс одоо яаралтай бондын зарцуулалтыг доллар, цент бүрээр тооцох, салбар салбарт шүү. Ингэхийн тулд Тагнуулын Ерөнхий газар болон бусад үүрэг хүлээсэн газрууд сайн ажиллах шаардлагатай гэжээ. Наад зах нь гэрээний зүйл заалт бүрээр, нийт арван удаа гарч зарцуулагдсан гэх гүйлгээ тус бүрээр аудит хийх шаардлагатай аж. Гэхдээ саяын “Нүүрс” хөтөлбөрт аудит хийж улс төрийн захиалагчдадаа үйлчилдэг шиг хулхи гаруудыг оруулбал бодитой дүгнэлт хэзээ ч сонсохгүй гэж Л.Болормаа бичсэн байна.
Ямартаа ч их мөнгө, эрх ашгийн дундах энэ том дуулиан Монголын улс төрчдийг будаан дээр нь баахан зодолдуулахыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах гуравдугаар ээлжийнхэн хэдийн Намрын чуулганаар хийх нүүдлээ бодчихсон бөгөөд дахин бонд гаргаж, сонгууль болтол аргацаах мөнгө атгахыг хүсэж буй бололтой. Магадгүй шинэ Засгийн газар байгуулах хүсэлтэй гуравдугаар ээлжийнхэн Монгол Улсын өрийг хамгийн ихээр зузаалж, хамгийн том асуултын тэмдэг барьсаар сонгуультай золгох нь.
Л.Болормаагийн нийтлэлийн хариуд М.Зоригт сайд яаралтай газар дээр нь очиж, ирэх амралтын өдрөөр шалгахаа мэдэгдлээ.
Т.Бэх
URL: