Зориггүй УИХ, эрх мэдэлгүй Засгийн газар

uihСар шинийн өмнөхөн эхэлсэн “Хүннүгийн булш” нэртэй үлгэр “хууль үйлчилдэггүй” нинжа нарын ялалтаар төгсөх нь өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлаас бараг тодорхой болоод байна.
2008 оны Олимпоос хойш “Монгол” гэх бахархал дор нэгдэн нийлээгүй удсан монголчуудыг өвөг дээдсийн маань энэхүү “булш” хоёр дахиа омогшуулсан билээ. 2225 жилийн түүхтэй Хүннү гүрний үеийн эхэс дээдсийг нутагшуулсан байх магадлалтай гэгдэх Ноён уулыг хамгаалах хөдөлгөөн хүртэл байгуулагдаж, амь насаараа дэнчин тавьсан хэсэг хүмүүс нийгмийг хоёр талцуулсан. Үүнд нь төр, засгийн эрх баригч УИХ, Засгийн газрын гишүүд хүртэл татагдан оролцож, стратегийн ордод нэгэнт оруулчихсан Гацууртын ордыг эргэлтэд оруулж чадахгүй олон сарын хугацаа алдлаа. Үүний үр дүнд өнөөдөр нэгэнт их хэмжээний алттайг нь Монгол даяар зарлачихсан Гацууртын орд газар болон Ноён уулын ойр орчмын газарт нинжа нар хэдэн зуугаараа бүлэглэн дайрч орсноос болоод Хүннүгийн булш байтугай алт нь хяналтаас гарахад хүрээд байна. Ийм үед өнөө өвөг дээдсийн булшаа хамгаалахын төлөө амь биеэ огоорон тэмцэхээ илэрхийлж байсан иргэний хөдөлгөөнийхөн байтугай “эх оронч” шийдвэр гаргасан хэмээн сурталчлуулж амжсан эрхэм гишүүн-улстөрчид чихээ бөглөн нүдээ тагласан мэт үл тоон суугаа нь төртэй, хуультай улс орны эрх ашигтай нийцэхгүй байна.
Гацууртын орд дахь төрийн хувь эзэмшлийг тогтоох асуудлыг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны хоёрдугаар сард “Гацууртын ордын түүх, соёлын үл хөдлөх дурсгалд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, мэргэжлийн дүгнэлт гаргах” Ажлын хэсэг байгуулсан. БСШУ-ны дэд сайд Б.Тулгын ахалсан уг Ажлын хэсэгт багтсан ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийнхэн энэ оны тав, зургадугаар сард Ноён уулын Гацууртын аманд ажиллаж булш, бунхан, түүх соёл, археологийн дурсгалт зүйлсийн хайгуул судалгааг хийж, 80 гаруй хуудас дэлгэрэнгүй тайлан бичиж, холбогдох хүмүүст хүргүүлжээ. Гэвч өнөөдрийг хүртэл Ажлын хэсгийнхэн нэгдсэн дүгнэлт гаргаагүй, Засгийн газарт хэзээ танилцуулах эсэх нь ч тодорхойгүй хэвээр байна.
Хамгийн сүүлд буюу энэ оны зургадугаар сарын 18-ны өдөр дэд сайд Б.Тулга УИХ-ын чуулган дээр Ажлын хэсгийнхээ явцыг танилцуулахдаа “2015 оны тав, зургадугаар сард 180 км квадрат талбайг хамарсан газарт судалгааны ажил хийлээ. Судалгааны үр дүнгээр есөн дурсгал шинээр олсноос Гацууртын орд дотроос тавыг нь олсон ч ордоос илэрсэн чулуун байгууламж нь эвдэрсэн, он цагийг тогтоох боломжгүй байсан” хэмээн мэдээлж байсан. Энэ мэдээллээс үзвэл Ноён уул болон Гацуурт орчмоос иргэний хөдөлгөөнийнхний хамгаалаад байгаа шиг Хүннүгийн булш, бунхан олдоогүй. Ямар ч байсан олдвор олджээ. Гэхдээ олдвор гэдэг нь булш бунхан биш бөгөөд ваарны хэлтэрхий, гуталны өөдөс байсан ч ийнхүү олдвор хэмээн тэмдэглэдэг юм байна. Харамсалтай нь энэ олдвор нь 15 жилийн өмнө шороон ордыг ашиглах үед ч юм уу эвдэрсэн бололтой юм. Өөрөөр хэлбэл Ноён уулын Гацууртын ам буюу Гацууртын ордыг ашиглахад тэр хавьд Хүннүгийн булш, бунхан байхгүй гэж ойлгож болохоор байна. Ийм байтал Гацууртыг өнөөдрийг хүртэл тодорхойгүй байдалтай байлгасаар, нинжа нарыг шунан тачаадуулсаар байх нь хэний эрх ашгийг нууж, хамгаалж, цаг хугацаа хожсоор байна вэ?
Гацууртын ордыг УИХ-аар хоёр дахиа хэлэлцэхийн өмнөхөн “Монголын алт үйлвэрлэгчдийн холбоо” нэртэй төрийн бус байгууллагаас нэгэн мэдэгдлийг хэвлэлүүдээр гаргасан. Уг мэдэгдэл нь Гацууртын ордын 50 тонн алтыг гадны компани биш үндэсний компаниуд эзэмшиж, ашиглах ёстой гэсэн утга агуулгыг улайн цайм илэрхийлсэн байсан. Энэ нь эрүүлээр сэтгэдэг олон хүнд “Хүннүгийн булш”, “Ноён” уулыг “аврагчдын” ард алтны компанийн эздийн ашиг сонирхол нуугдаж байсан юм биш биз гэсэн хардлагыг төрүүлсэн билээ. Өнөөдөр манай УИХ-аас баталсан нэр бүхий олон хууль, шийдвэр энэ мэт эздийн захиалгаар гардаг болсон. Үүнийг ч төрийн шударга түшээд эхнээсээ ил тодоор зарлаж буй. Энэ бол УИХ-ын 76 гишүүд дотор болдог “захиалга”. Харин одоо төрийн шийдвэрт гаднаас нь нөлөөлдөг, 76 гишүүнийг саналыг “дарамтад” оруулдаг аргыг Гацууртаас харж болохоор болжээ.
Өнөөдөр Гацууртын байдал хүндэрсээр байгаа. Гэвч Засгийн газар нь ч , салбарын сайд нь ч, Ажлын хэсгийн ахлагч нь ч Гацууртын асуудлыг оруулж ирэхээс халширч байгаа дүр зураг харагдаж буй. Энэ нь Гацууртыг ашиглахыг эсэргүүцэгч – иргэний хөдөлгөөнийхөн өөрсдийгөө дэмжсэн гишүүдийг эх оронч, эсэргүүцсэн нэгнийг нь урвагчид хэмээн цоллож буйтай холбоотой. Хувь хүний санал өгөх эрх тэртусмаа УИХ-ын гишүүн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ санал өгч, шийдвэр гаргах нь хэн нэгний, ямар нэгэн нөлөөллөөс ангид байх ёстой. Гэтэл энэ эрхэнд нь хөдөлгөөн нэртэй хэсэг бүлэг хүмүүс халдаж, нийгэм даяараа “эх оронч”-дын нөлөөнд автсаар байх нь цаашид улс орны эрх ашигтай холбоотой шийдвэрт сөргөөр нөлөөлдөг байдал газар авч мэдэхээр байна.
Зөвхөн Гацуурт төдийгүй чухал ач холбогдолтой олон мега төслүүдийг Засгийн газар цаашид хэрэгжүүлэх нь тодорхой. Тэр бүхэнд нь УИХ оролцож, нэгбүрчлэн хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах нь ард түмэн, сонгогчдын нэрээр бамбай хийсэн “дарамтлагчдын” нөлөөнд гишүүдээ оруулаад байна. Тиймээс цаашид манай улстөрчдөд зориг хэрэгтэй байна. Буух эзэнтэй буцах хаягтай Засгийн газар тэртусмаа салбарын сайдад бүрэн эрхийг нь олгосон шиг олгоод, УИХ хариуцлагыг нь тооцсон шиг тооцдог больё. УИХ, Засгийн газрын гишүүд нь олгогдсон тус тусын эрх, үүргийн хэмжээнд шийдвэрээ зоригтой гаргадаг больё. Хэрэв улстөрчид “зоригтой” байж чадвал цаашид УИХ, Засгийн газрын бодлого шийдвэр “Хүннүгийн булш” хэмээх үлгэрээр Гацууртыг гацааж, улстөрчдийг эх оронч, урвагчдаар нь хуваан “ялладаг”, хамгаалагч нэртэй энэ мэт гар хөлүүдийн ашиг сонирхлоос ангид байж чадна.

Нийтлэлч С.Оюун-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих