Хан-Уулчууд хамтарсны дүнд газрын гэрчилгээгээ баталгаажууллаа
УИХ-ын гишүүн Л.Болд 2015 оны есдүгээр сарын 8-ны сайд нарыг томилсон чуулган дээр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт нэгэн асуудал тавьсан юм.
Тэр нь нөгөөх л Зайсангийн иргэдэд газрыг олгох тухай байв. Тэрээр төрийн залгамж чанар байх ёстой гээд “…Өмнөх сайдын үед 600 өрхөөс 300 гаруй иргэдэд газрын гэрчилгээг нь олгох ажлыг зохион байгуулсан” гэдгийг онцолсон. Үүнд Н.Батцэрэг сайд төрийн залгамж чанарыг хадгалж ажиллах болно гэж байв.
Үүний дараа энэ сарын 14-нд УИХ-ын гишүүн Л.Болд, ХУД-ийн иргэдийн төлөөлөгчид, Зайсангийн 4, 11 дүгээр хорооны Засаг дарга нарын хамт БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгтэй уулзсан юм. Уулзалтаар Зайсангийн иргэдийн газрын гэрчилгээг хэрхэн олгох талаар ярилцсан.
Ер нь Зайсангийн иргэдийн газрын асуудал өнөөдөр яригдаж байгаа юм биш. Амьдарч буй газраа баталгаажуулах гэсэн иргэдийн хүсэлт, өргөдлүүд олон ч сайдын чихнээс хонх уяж, олон даргын ширээний нүдэнд тоосонд дарагдан хэвтсэн түүхтэй. Төрийн тусгай хамгаалалтын бүсэд амьдарч байгаа гэх шалтгаан Арцатын амны иргэдийг амьдралын баталгааг хангахгүй байгаа атал тансаг харш, өндөр барилгууд уугуул иргэдийн хашаатай хаяа дэрлэн босч байсан. Тэд тэмцээд тусыг эс олсон жишээ олон бий.
URL: