Б.Урангоо: Дутуу амьдарсангүй хоёулаа
Дуулж, уйлж тайтгараад сурчихаж дээ, хоёулаа
Дутуу амьдарсангүй
Инээж, учирлаж суусаар дасчихаж дээ, хоёулаа
Илүү амьдарсангүй
Нулимсгүй он жилүүдийг өнгөрөөсөн байвал уйтгартай
Насаараа давсгүй цай шиг амтгүй л байхсан биз
Дурсамжгүй хоног өдрүүд урссан байвал бүр дундуурхан
Дуулж, уйлахгүй л юм бол амьдрал өөрөө утгагүй биз
Өндгөө нуусан шувуу эргэж дандаа хоргоддог шиг
Өнөө болтол хоёулаа хэн хэнээсээ уйдсангүй ээ, хань минь
Өөр өөрийн ертөнцийг нэгэн саванд багтаах гэж
Өдөр өдрийн нарыг аргадаад сурчихжээ, хоёулаа
Халхын бүсгүйчүүд чамаас минь нүдээ нуухгүй явахад
Харамлах эрх ганцхан надад л байгаад баярласан
Хайр болоод зүсний минь сүрэнд олон олон бүсгүйчүүд дарагдаж
Харчуудын зүрхний ард сэмхэн нуугдчихаад гарч ирээгүй
Хартай явсан минь залуу насных л байлаа
Чи минь сайхан эр болоод л тэр
Зөрөөд л өнгөрөх залуус харцаа унагаасаар холдоход
Зөвхөн сэтгэл дотроо нураад л үлддэгсэн, миний хань
Хардаж л байгаа нь тэр, чи минь
Би чинь сайхан хүүхэн болохоор л…
Ар халхын Юндэн минь
Ардын дууны гудиггүй сайхан залуу минь
Амиа даатгаж, заяагаа холбосон хань минь
Амьдралаа нэгтгэж, дэрээ хуваасан амраг минь
Чи минь л үгүй бол
Дэлхий хэдүй том байгаад ч хэрэггүй ээ
Чи минь л үгүй бол
Амьдрал хэдүй баян байгаад ч яахав ээ…
Намтар сөхөөд хуучилсан ч сайхан, муухайтайгаа байг
Надад ганцхан чи минь л байхад болно
Насаараа давсгүй цай шиг байсан ч хамаагүй
Нулимстай хоцорсон он жилүүддээ би хайртай, хань минь
2010. 08. 20.
Улаанбаатар хот
URL: