Эрдэнэ бишрэлт мэргэн бандида гэгээнтэнийг Энэтхэг улсад номын өргөөнд зална
Манай оронд бурханы шашин орж ирсэн цагаас хойш даруй 500 гаруй жил өнгөрсөн. Энэ цаг хугацаанд манай орноос нэлээдгүй олон тамгатай хутагт, хувилгаад тодрон гарсан байдаг. Гэвч харамсалтай нь хэлмэгдүүлэлтийн үеэр хутагт хувилгаадын залгамж халаа бага зэрэг тасалдсан юм. Харин сүүлийн жилүүдэд аймаг бүрт хутагт хувилгаад нь дахин төрж байна.
Сүм хийддээ дахин төрж буй хутагт, хувилгаадын нэг бол Өвөрхангай аймгийн Арвайн хүрээний Эрдэнэ бишрэлт мэргэн бандида ламтаны зургаадугаар хувилгаан дүрээр Данзанжамъянлодон гэгээнтэн юм. Тэгвэл тун удахгүй гэгээнтнийг номын өргөөнд нь залах ёслол Энэтхэг улсад болох гэж байгаа аж. Тиймээс дээрх үйл ажиллагаатай холбогдуулан хандив өргөх аян болох гэж байгаа юм байна.
Сүсэгтэн олон дээрх хандивын аянд нэгдэхийг хүсвэл Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн 5007904887 тоот дансанд хандив өргөх боломжтой юм. Дээрх мэдээллийг лавлахыг хүсвэл 99118997 дугаарт хандаж болно. Мөн 99118997 гэсэн утсаар холбоо барих боломжтой ажээ.
Эрдэнэ бишрэлт мэргэн бандида ламтаны зургаадугаар хувилгаан дүрээр тодорсон хувилгаан нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин ард Лувсандагвын ууган хүү болон мэндэлжээ.
Ламтан 2014 оны есдүгээр сард Ганданпунцоглон хийдэд анх үсэг заалгаж, уншлага номд суралцаж байгаад 2015 оны хоёрдугаар сараас тус хийдэд шавилан суусан юм. Дээрхийн гэгээн XIV Далай багш энэ оны гуравдугаар сарын 17-нд Лувсандагвын Ойдов нь Бандида ламтны хойд дүр мөн болохыг тодруулсан тамгатай бичгийг ирүүлсэн юм.
Г.Ган
URL: