Намрын улстөр
Намрын улс төр эхэлжээ. Сонгуулийн өмнөх жил болоод ч тэрүү улстөрчид, улстөрийн намын нөхдүүд хэвлэлээр нэгийгээ намнаж эхэлсэн байна. Намын гишүүнээсээ эхлээд даргаа хүртэл мөнгөөр зодож намнуулж байгаа нь халуухан намар болохын дохио.
Наадам, наргиа дуусангуут 2012 он толгойд нь эргэлдэж сэтгэлийг зовоогоод байгаа хэсэг нь тоглолтдоо түүз атгачих гээд зүтгэснэ. Тавантолгой, Засгийн газрыг огцруулах, Оюутолгой, Цөмийн хаягдал булшлах, агаарын бохирдол, тэтгэмжийн зөрүү арилгах, цалин нэмэх гээд аль боломжит моднууд эзнийхээ гарт хүрсэн. Эдгээрийг атгасан хэсэг нь тоглолт эхлэнгүүт гол дүрийн баатар болж рейтингээ өсгөчихнө хэмээн маадгар байх.
Ээлжит бус чуулган хуралдуулж төсвийн тодотгол, сонгуулийн хуулийг хэлэлцэх хэрэгтэй. Цаг явах тусам том модтой нөхдүүд байдлыг улам ээдрээтэй болгоно. Парламентын гаднаас салж нийлсэн бусад намуудаас ямар ч тоглолт орж ирэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр эрх барьж байгаа парламентад олонхийн суудалтай хоёр намын хувьд сонгуулийн хувиа цаг алдалгүй шийдэж өрх тусгаарлах хэрэгтэй байгаа. Үүний дараа нам доторхи асуудлууд нь ч жигдэрнэ. Улс төрийн хамгийн гол зангилаа сонгуулийн хууль болчихоод байгаа. Хаврын чуулганаар ажил хаялт зарлан төрийн ажлыг гацаасан АН-ын бүлгийн зүгээс дахин ямар ч авир гарахыг үгүйсгэхгүй.
МАН мажоритари давамгайлсан хувилбар дээрээ гэдийгээд намрыг өнгөрүүлбэл АН-ынхан бууж өгөхгүй байхаар тохиролцож байгаа аж. Эцсийн мөчид 38/38 хувилбарыг санал болгоно. МАН хүлээж авахгүй бол бүлгийн гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж болно гэжээ. Ийм хатуу тулгалтыг сонссон зарим гишүүн нь бүрэн эрхээсээ татгалзана гэдэг арай дэндэнэ. Хэл амаа ололцох хэрэгтэй. Үнэхээр болохгүй бол Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнээр огцруулж болно гэсэн өөр хувилбарыг гаргаж ирээд байгаа юм байна.
Энэ мэтээр АН-ынхан сонгуулийн хуулийг хэлэлцэх үеийн тактикаа боловсруулаад үгээ нэгтгэж хараахан амжаагүй байна. Үүний хажуугаар хоёр намаас нийлсэн хэсэг нөхөд намрын чуулган эхлэнгүүт Засгийн газрыг огцруулж тоглолтыг эхлүүлэхээр зэхэж суугаа. Зуны саруудад Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах хөрөнгө оруулагчдыг тодруулах асуудлыг Засгийн газар эцэслэж чадахгүй эргэлзэж тээнэгэлзсээр байгаа.
Тавантолгойн ордыг тав хуваагаад эзэмшчих гэсэн сонирхолтой их гүрнүүдийн сонирхол ил гарч ар аарсаа айлчлан ирж хамтын ажиллагаа, хөнгөлттэй зээл амлаад буцав. Энэ айлчлалын цуваа намрын өдрүүдэд ч үргэлжилнэ. Энэ байдал нь Засгийн газрыг оргцруулах сонирхолтой байгаа улстөрчдийн хувьд томоохон боломж. Ээдрээ нь яаж тайлагдах эсэх нь эргэлзээтэй байгаа үед элдэв судалгааны төвүүдийн судалгааны үн хачир нэмж байна. Парламентын гадна намууд судалгаагаар сонгогчид шинэ улстөрчдийг хүсч байна.
Одоогийн 76-гийн 90 хуввьд итгэхээ больжээ гэсэн пиарыг хийх. Улстөрийн намууд өөр өөрсдийнхөө рейтингийг өсгөсөн судалгааны дүнг зарлах. Тэр бүрийг харж толгойгоо эргүүлж байхаар сонгуулийн дүндээ итгэе гэсэн улстөрчид ч байна. Намрын улстөр одоо л эхэлж байна.
Ц.Ургамал
URL: