Н.Энхбаяр: Хэрэв би 2009 оны сонгуульд ялсан бол Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд 100 хувь өгөх байсан

МАХН-ын нэрийг өмчлөхийг анхнаас нь дэмжээгүй, энэ намд хэвээр үлдэх гишүүд болон шинээр тус намд элсэх хүсэлтэй дэмжигчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зохицуулагчдыг өнгөрсөн баасан гаригт сургалтад хамруулжээ. Мянгатын зохицуулагчид Монголын өнөөгийн улс төрийн байдал, нийгэм эдийн засгийн талаар үнэн бодит мэдээллийг сургалтаар сонсч нэгдсэн ойлголттой болсон байна. Энэхүү сургалтын эхэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ардчилал ба МАНАН” сэдвээр илтгэл тавьжээ. Тэрээр илтгэлдээ, гадныхан Тавантолгой, Оюутолгойд хөрөнгө оруулж, хамтран эзэмших санал тавихад төрийн тэргүүнээр ажиллаж байх үедээ эх орныхоо баялаг, ард түмнийхээ өмчийг иргэдэд ашигтай хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулах санал тавьж байснаа дурдсан байна. Оюутолгойн ордыг гадаадынхантай хамтарч ашиглахдаа яваандаа монголчууд 51-ээс дээш хувийг эзэмших саналыг нь гадаадын хөрөнгө оруулагчид тухайн үед хүлээж аваагүйг Н.Энхбаяр өгүүлжээ. Хэрэв тэрээр 2009 оны сонгуульд ялсан бол Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд 100 хувь өгөх байсан гэнэ. Түүний бодлоор одоо ч Оюутолгой, Тавантолгойг буцааж авах арга зам байгаа аж. Ингэхдээ 2008 оны сонгуулийн луйврын шалтгааныг илрүүлж, 2012 оны сонгуульд МАХН болон бусад улс төрийн хүчнүүд ялж байж буцааж авч чадахыг тэрээр өгүүлжээ. Хэрэв 2008 оны сонгуулийн булхайг илрүүлж чадвал Оюутолгойн ордыг ашиглах тухай шийдвэрийг хүчингүй болгож болно, түүнийг МАХН хийх ёстой гэнэ.
Д.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих