“Зурагчин” сайд
УИХ-ын түшээдийн дунд байгаа байдал, ажил үйлээрээ содон хүмүүс байх. Тэдний нэг нь Мөнхчулууны Зоригт хэмээх эрхэм. Саяхан Засгийн газрын зургаан сайдыг нөхөн томилоход тэрээр Зам тээврийн сайд болсон.
М.Зоригт сайдад нэр дэвшлээ гэх мэдээтэй зэрэгцэн “Тэр яаж сайдад тохирох юм” гэсэн эргэлзээтэй үгс хөвөрч байсан. Энэ бүхэн саад болсонгүй.
М.Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдаар томилсугай гэсэн УИХ-ын тогтоол батлаатхав.
Ингээд л Монгол Улсын хөгжлийн гол түүчээ зам тээвэр гэсэн том салбар шинэ эзэнтэй болов.
Эрхэм сайдын намтрыг сонирхлоо. Нийслэлийн унаган хүүхэд. Чехословак улсын Прага хотын техникийн их сургууль, Монголдоо ШУТИС-ийг инженер, эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ.
Анхны алба нь Залуучуудын байгууллагаас эхтэй. Дараа нь “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал. “Бодь” группийн ерөнхийлөгч байж.
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажилласан бол 2012 оноос дахин төрийн түшээ болж. Басхүү “Зүүн хойд Ази” нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, МоАХ-ны дэд тэргүүн гээд олон нийтийн сонгуультай үйлийг амжуулж яваа гээд хэлэх үгтэй, хийсэн ажилтай нэгэн. Англи, орос, чех хэлээр чөлөөтэй ярьдаг.
Өмнөх ажил үйлээ сайн гүйцэтгэж байсан болоод тэр байх энгэрт нь “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон” хоёр гялалзаж харагддагийм. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай жинхэнэ гар нийлж ажилладаг. Тиймдээ ч тус аймгийг улсын тэргүүний болгож чадсан.
Эрхмийн “Нүүр ном”-оор нь аялж үзлээ. Элдэв гэрэл зургаар л дүүрэн юм билээ. Морь мал, хөдөө нутгаас эхлээд хотын гудамжны өнчин сандал, тавагтай ширээ, тогоотой хоол, автозамын ганц хашлага гээд байхгүй юм алга. “Кофе shop”-д тааралдсан хүүхнийхээ зургийг ч байршуулахаа мартсангүй. Гэрэл зураг сонирхох хүсэлтэй хүнд бол санаа авах юм тэнд их байна.
УИХ-ын гишүүн, төрийн түшээ хүн байж дандаа аппарат бариад зураг авч харагдах юм гэж шүүмжлэх хүн цөөнгүй байдаг. Тэгвэл төрийн том хүн гэрэл зураг авч цахим ертөнцөөр аялж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ.
Тийм гэдгийг М.Зоригт сайд “Нүүр ном”-доо нэг л зургаар “хэлчихэж”. ОХУ-ын Ерөнхийлөгч байсан, одоо Ерөнхий сайд Д.А.Медведевийн онгоцны цонхоор зураг авч байгаа зургийг тавиад “Орост ч бас нэг хүн бий” гэсэн тайлбар өгчээ. Медведев сайд ч бас зураг авах дуртай юм байна л даа.
Ингээд шинэхэн сайдын ажил, алба руу өнгийж үзье.
Тэр сайдын сэнтийд заларсан даруйдаа яамныхаа ажилтнууддаа ажлын цагаар “сошиал медиа”-гаар оролдохыг хатуу хоригложээ. Энэ шийдвэрийг “эрх хаслаа” гэж тайлбарлах хүн байсан ч төрийн байгууллагад ажиллагсдын үндсэн дутагдлыг олж харсан нь ажлын зөв эхлэл байсан ч байж магадгүй. Өмнөх зарим сайд шиг халаа сэлгээ мэтээр эхэлсэнгүй. Ажилтайгаа танилцах нэрээр хэн нэгэнтэй ганцаарчлан уулзсангүй.
Сайдын шуурхай ч заавал танхимд хийх шаардлагагүй, харъяа агентлаг газрын төвшинд явуулын маягаар хийнэ гэж. Анхны шуурхайгаараа яамныхаа өндөр албан тушаалтнуудын унадаг дөрвөн “жип” машиныг хөдөө ажиллагсдад шилжүүлэхээр шийдэж. Мөн “МИАТ” компанийн “БИОНГ-767” онгоцны өр төлбөрийн үлдэгдлийг энэ онд багтаан шийдвэрлэхийг холбогдох дарга нарт үүрэгдэв.
Хамгийн сонирхолтой нь “МИАТ”-ийн онгоцоор үнэгүй зорчсон нөхдийн нэрийг албан тушаалтай нь зарлахыг чухалчлав. Бас автозамын ажил хөдөө орон нутагт зогсонги байгааг гойд анхаарч байгаа. Сайдын ажлын эхлэл ийм л эрч хүчтэй. Хэлж буй үг, хийж буй ажлын эхлэл түмэнд нь ил байдаг нь нэг онцлог.
Тийм болохоор “шилэн данстай, шилэн сайдтай боллоо” гэсэн нөхөрсөг үг өөрт нь дуулдсан л биз. Ер нь эрхэм гишүүн М.Зоригтод “давхар дээл” зохисон бололтой дог. Гэхдээ хэрхэн ажилласныг цаг хугацаа л харуулна. Зам, тээврийн салбарт хөрөнгө, мөнгөний учир начир нь бүдэг асуудал нэг биш. Тухайлбал, төмөр замтай холбоотой 280 сая ам.долларын хувь заяаг сайд яахаа төлөвлөж байгаа биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: