Төрийн өмчийг шамшигдуулах хоёрдугаар хувьсгалыг эхлүүллээ
АН-ынхан анх удаа төрийн эрхэнд гарсан 1996-2000 онд өмч хувьчлал явуулах нэрийдлээр улс орны өнгөтэй өөдтэй бүхнийг хуу хаман авсан. Тэгвэл хоёр дахь удаагаа төрийн эрхэнд гарсан 2012-2016 онд мөн л төрийн өмчийг хувьчлах их аяныг эхлүүлээд байна. Барууны үзэлтэй улстөрийн намууд хувийн өмчийг шүтэх хандлагатай байдаг. Гэвч АН-ынханы хувьчлалын зорилго нь өнгөн талдаа онол барьсан боловч үнэн чанартаа өөрсдөө л ашиг хонжоо олох гэсэн өчүүхэн санаа агуулдагыг та бид харахгүй өнгөрч болохгүй нь. ”Ирэх сонгуульд бүрхэг боллоо, чадах ядахаараа элсээ атгаарай” гэсэн тэдний битүү тохиролцоо төр, түмний өмчийг дахин хуу хамах гэж үү? Ингээд хувьчлалын түүх хийгээд одоо хийгдэх гэж байгаа хуудуутай явдлыг тоймлон хүргэе.
АН: 1996-2000 онд 928 аж ахуй нэгжийг үнэгүйдүүлж хувьчилж байв
АН-ынхан ард түмнийг өмчтэй болгосон гэж их рекламддаг. Гэвч тэр их өмчийг хэн бий болгосон талаар огт ярьдаггүй. Үнэн хэрэгтээ “соц” нийгмийн захиргаадалтын дор тав таван жилийн төлөвлөгөө дэвшүүлж, илүү ашиг, элдэв хонжоо харалгүй зүтгэн байж бүтээсэн Монголын ард түмний өмч хөрөнгөд АН дэндүү хайран, яаран, хомхойн сэтгэлээр хандсанаас өнөөдрийнМонголын нийгмийн баян ядуугийн хэт ялгаа бий болсон гэвэл хилсдэхгүй. Улсын мэдэлд байсан үйлдвэр заводууд хаалгаа барьж, хэдэн сая бараа бүтээгдэхүүн экспортлодог камбинатууд зоорьны үнээр хувьчлагдаж ажилласан юмгүй төмөр түгжээтэй элэгдэлд зэвэрсэн гашуун түүх бий.1996-2000 оны хооронд тэд 928 аж ахуй нэгжийн 46.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хувьд шилжүүлсэн. Аж ахуй нэгжүүдийг үнэгүйдүүлэх, хөрөнгийг үнэлэхгүй хувьчлах, их хэмжээний өртэй байгууллагуудыг яагаад өр тавьсныг шалгаж нягтлалгүй хувьд шилжүүлэх, төрийн албан хаагчид сонирхолын зөрчилтэй хувьчлал явуулсан зэргээр төрд ихээхэн хэмжээний алдагдалтай хувьчлал явуулсныг хожим тогтоосон ч ямар нэгэн хариуцлагын асуудал яригдалгүй өнгөрсөн түүхтэй. Зарим эдийн засагчид өмч хувьчлалыг буруу явуулаагүй бол Монголын эдийн засаг өнөөдрийнхөөс өөр өнгө төрхтэй байх байсан гэж дүгнэдэг. Өнгөрсөн борооноос араас цув нөмөрдөггүй юмаа гэхэд одоо болох хувьчлалд туйлын анхааралтай хандаж засч, залруулах, арай хэтэрснийг нь зогсоох боломж байна.
Өмч хувьчлалыг МАН яагаад эсэргүүцсэн бэ?
1996-2000 оны их хувьчлалыг МАН эсэргүүцэж байсан. Үүнийг АН-ынхан “МАН ард түмнээ өмчтэй болохыг эсэргүүцэж байна” гэх мэтээр сурталчилсаар өмч хувьчлалыг түрээд явчихсан түүхтэй. Үнэхээр л МАН хувийн өмчийн эсрэг байсан бол газрын хувьчлалыг эхлүүлэх байсан уу? тэгэхээр МАН хувийн өмчийн эсрэг гэсэн улиг буруутгалаас ангижирч тэдний чухам яагаад эсэргүүцээд байсан шалтгаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй. 2015-2016 оны төрийн өмчийг хувьчлах жагсаалтанд эрчим хүч, уул уурхай, үндэсний агаарын тээвэр, харилцаа холбоо, газар тариалан, хөрөнгийн бирж, сургууль, цэцэрлэг эмнэлгүүд гээд үндсэндээ 1996-2000 оныхтой дүйцэхүйц өргөн салбарыг хамруулсан байгаа юм. Гэвч ийм өргөн хувьчлалынхаа үр дүнд улсын төсөвт 181 тэрбум орлого оруулна гэж тооцоолсон нь хачирхалтай. Тиймээс л улсын өмчийг хямралыг далимдуулж ямарваа онолын халхавчаар үнэгүйдүүлэх нь гэсэн хардлага төрж байгаа юм. Үүнээс ноцтой нь Засгийн газар нийгмийн салбарт өргөн хувьчлал явуулах санал гаргасан байдаг. УИХ дахь МАН-ын бүлгийн санаачилга шаардлагаар МУИС, ШУТИС, УБИС, ЭМШУИС, ХААИС гэх мэт томоохон их дээд сургууль, 1, 2, 3-р эмнэлэг, Халдварт, Хавдар гэх мэт улсын эмнэлгийг хувьчлах санаархлыг зогсоосон. МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилгаар нийгмийн салбарыг хувьчлахгүй гэж шийдвэрлэсэн. Мөн МАН-ын бүлгийн гишүүд “Хөрөнгийн бирж”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, ”Мэдээлэл холбооны сүлжээ” гэсэн улс орны суурь дэд бүтэц болсон зүйлсийг хувьчилж болохгүй гэсэн санаачлага гаргаж хувьчлахааргүй болсон билээ. Хэрвээ нийгмийн салбарт хувьчлал явуулсан бол ард иргэдийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ баталгаагүй байдалд орох нь тодорхой. Тухайлбал хавдар судлалын эмнэлэг хувьчлагдвал одоо үнэ төлбөргүй хийж байгаа мэс засал, эмчилгээний төлбөр 20-30 сая төгрөг болох тооцоо бий. Хүн амын дунд хавдрын өвчлөл их байгаа өнөө үед 20-30 сая төгрөг гаргаад эмчилгээ хийлгэх хүн хэд байгаа билээ? Энэ асуултад ард түмэн л хариулна.
Хувьчлах жагсаалтын цаана юу нуугдаж байна вэ?
Хувьчлалын асуудал маш нам гүм чимээгүй хийгдэхээр байна. Өмнө нь дуудлага худалдааг 30 хоногийн дотор зохион байгуулдаг байсныг 14 хоног болгож цөөрүүлсэн нь хардах шалтгаантай. Засгийн газар хувьчлах жагсаалт гаргаснаас гадна нийслэлийн их хэмжээний өмч хувьчлах шийдвэр гаргасныг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Мөн хувьчлах жагсаалтын үнэлгээг хэрхэн хийсэн нь тодорхойгүй байгаа. Хувьчлалын асуудал яригдах үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Манай аймгийн цахилгаан дамжуулах сүлжээ хувьчилна гээд юу болов? яав гээд судалж үзтэл хуучин үнэлгээтэйгээ, шинэ үнэлгээгээр үнэлбэл 10 дахин нэмэгдэхээр байсан. Хуучин үнээр нь хувьчлах гэж байсныг ингэж зогсоож байсан гэж ноцтой баримт дэлгэсэн байдаг. Үнэхээр улс орны эдийн засгийн амин чухал салбарууд болох дулааны 2, 3, 4-р станц “Багануур” “ЭрдэнэсТавантолгой” “Цахилгаан холбоо” зэрэг томоохон обьектуудыг хувьчлах болон өөрчлөн байгуулахад ямар үнэлгээ мөрдөгдөх нь тодорхойгүй байна. Ерөөс төрийн өмчийн хямралыг ашиглан хурдтай, хуудуутай хувьчлах нь АН-ынханы амь зогоох башир арга болсон нь үүнээс харагдаж байгаа юм. Төрд өмч байх хэрэггүй. хувийн өмч бол мундаг гэсэн хийсвэр онолоор бөөний аргаар явуулах уг хувьчлалын давалгааг хянана гэдэг хэцүү. Тухайлбал Чингис Бондоос 45 сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах асуудал тусгагдаад явж байна. Эргээд төлөх өрийг нь хэрхэн тооцож, хэн хариуцах, уг үйлдвэрийн үнэлгээ хүчин чадал ямар байгаа зэрэг бүх мэдээлэл тодорхой бус. Энэ мэтээр өмнөх хувьчлалын гашуун түүх давтагдах нь тодорхой болж байна. Бас Э.Бат-Үүл энэ жил Улаанбаатарын асар олдон объектийг хувьчлах шийдвэр гаргуулчихсан, хэрэгжүүлэх гэж байна. Үндсэндээ ардчилсан засаг ялсан учраас хувьчлал хийгдэнэ гэсэн зарчимаар л асуудалд хандаж байна.
Өмнөх хувьчлалын гашуун туршлагын талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Түрүүчийн хувьчлалын үлдэгдэл сүүл одоо болтол арилаагүй яваад байна. Цэнхэр ягаан тасалбаруудынхаа хувийг хүртэж чадаагүй хүмүүс их байна. Зарим нь бол хаана оруулахаа мэдэхгүй гар дээрээ үлдээчихсэн байдалтай байна. Тэгэхээр өмнөх алдаа оноогоо сайн харах хэрэгтэйг сануулсан бол гишүүн Ж.Энхбаяр: “хувьчлалын үр дүнд Монголын ард түмэн сэтгэл хангалуун бус байгаа. Хэт цөөнхид нийгмийн баялаг төвлөрсөн, Үүнтэй холбоотойгоор нийгэм дэхь зөрчилдөөн нэмэгдсэн. Нийгэм дэхь итгэлцэл суларсан. Нийгэмд бий болсон буюу өнөөдрийн гаргаж байгаа төр засгийн шийдвэрийг шударга бус гэж нийгэм үздэг болсон” гэж байр сууриа илэрхийлж байжээ. Энэ бүхнээс үзэхэд хувьчлалын ажил хуудуу дагуулах магадлал өндөр байна.
Г.Ган
URL: