Өврийн ганц хайлаас
Хадам аав Я.Жамц таньдаа
Сундалдан өнгөрсөн он жилүүдийн араас
Сөөлж, төөлсөн ч хорвоо давчуу л хэвээрээ шүү
Сөнгийн бор хундага дундарч хоосрохын төдийд
Согтож л болдоггүй юм шүү, миний буурал аав минь
Тогоруудын зэлнээс шүүдэр цайран унахад
Торгоны өнгө шиг гундаж л болдоггүй юм шүү
Тохомын чинээхэн үсэнд тань насны намба гялайхад
Туниж л болдоггүй юм шүү, хөөрхий муу аав минь
Уртынхаа дуундаа уярааж, хэн хэнийгээ үгүйлэн байсаар
Уйдаачихаж ч магадгүй шүү, энэ бүдэг орчлон
Ядарч байсан ч муулахын аргагүй тавилангаасаа
Яарч л болдоггүй юм шүү, миний сайхан аав минь
Дэнж нуурын шувууд зэгсэндээ тунин
Дэргэдүүр чинь дөрөө сэмэртэл ганганасан ч
Дэлхий таныг ямар даахгүй биш дээ
Дэргэд минь харагдаж л байдаг юм шүү, аав минь
Орчлон таньтай хамт өвгөрсөн юм шиг байвч
Одоо эргээд харах нь ээ орь залуугаараа үлдэж үү
Он жилүүд алган дээгүүр урсаад өнгөрсөн ч
Ойчиж л болдоггүй юм шүү, миний сайхан аав минь
Уулс өвгөрөх тусам орчлонд ижилссэн
Үүлс өтгөрөх тусам хорвоог энэлсэн
Өнчин зүрхийг минь түшиж нөмөр болох
Өврийн ганц хайлаас шиг та л үлдсэн шүү, охиндоо
2003 он 06-р сарын 12
Б.Урангоо
URL: