48 сая төгрөг зарцуулж хэвлэлүүдийг тагнасан байна

80566    С.Чинзориг хөдөлмөрийн сайдаар ажиллаж байх үедээ Хөдөлмөрийн яам Мониторингийн компанид 48 сая төгрөгийн өртөгтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй мэдээлэлийг тагнах гэрээ байгуулсан байжээ.

Тодруулбал, Хөдөлмөрийн яамны 2015 онд гэрээгээр гүйцэтгүүлэх ажил төсөл арга хэмжээний жагсаалт, тэдгээрийн төсвийг баталсан Хөдөлмөрийн сайдын тушаалд С.Чинзориг нэмэлт өөрчлөлт оруулж, нэр бүхий зарим байгууллагуудтай гэрээ байгуулах тушаал гаргасан байна. Ингэхдээ тус гэрээний зардлуудыг Хөдөлмөрийн яамны зарим хөтөлбөр болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мэргэжлийн боловсрол сургалтын сангуудаас гаргахыг зөвшөөрчээ.

Хачирхалтай нь дээрх сангуудаас гарсан мөнгөний зарим хэсэг нь Хөдөлмөрийн яам болон сайд С.Чинзоригийн тухай хэвлэлд гарч буй мэдээлэлд медиа мониторинг хийх, захиалагчид энэ тухай мэдээллийг хүргэх ажилд зарцуулагдахаар гэрээлэгдсэн байна. Ийнхүү хэвлэлүүдэд гарч буй мэдээлэлд мониторинг хийх ажлын таван сарын зардалд 48 сая төгрөг гаргаж, 2015 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэх гэрээг “Максима медиа” гэх компанитай байгуулсан байна.

Хөдөлмөрийн яам, “Максима медиа” гэх компанийн хооронд байгуулсан тус гэрээний “Медиа мониторингийн цар хүрээ” гэсэн хуудаст нэр бүхий 20 телевиз, 25 вэб сайт, 12 сонинг тодорхойлоод, түлхүүр үг гэсэн хэсэгтээ Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг гэх зэргийг тусгажээ. Чухам энэ хэсгээс С.Чинзоригийн тухай хэвлэлд гарч буй мэдээлэлд дүн шинжилгээ хийхээр гэрээ байгуулсан нь харагдаж байгаа юм.

Тус гэрээний 4.2-д нийт үнийн дүнгийн 60 хувийг ажил эхлэхийн өмнө урьдчилгаа болгон шилжүүлэх бөгөөд үлдсэн 40 хувийг ажлын гүйцэтгэлийн тайлан ирүүлж тайланг холбогдох мэргэжилтэн хянан үзэж, дүгнэлт гарган, удирдлагад танилцуулан зөвшөөрсний үндсэн дээр шилжүүлнэ гэж заажээ. Харин тус гэрээний урьдчилгаа төлбөр болох 20 сая төгрөг энэ сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн яамнаас “Максима медиа” компани руу шилжсэн байна

Харин С.Чинзориг наймдугаар сарын 06 өдөр огцорч, есдүгээр сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайхан томилогдсон. 48 сая төгрөг бага мөнгө биш, аль нэг МСҮТ-ийг боломжийг тоног төхөөрөмжөөр хангачих төсөв. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Хөдөлмөрийн яам болоод тэдний удирдлагуудын талаар хэрхэн мэдээллэж байгааг хянуулж байгаа нь төсвийн мөнгө даанч үр ашиггүй ажилд зарцуулагдаж байна гэж хэлж болохоор байгаа юм.

1 2 3 4

Эх сурвалж: Мэдээ.мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих