Алексис Ципрас эргэж ирэв
Грекийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Алексис Ципрас эргэж ирэв. Грекийн парламентын ээлжит бус сонгуульд ялсан СИРИЗА намын лидер Алексис Ципрас Засгийн газраа байгуулахын тулд “Бие даасан грекчүүд” гэх барууны намтай эвсэл байгуулна гэжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын сонгуульд ялсны дараа СИРИЗА нам мөн дээрх намтай эвсэл байгуулсан ч тэдний танхим наймдугаар сар хүртэл тэссэн юм.
Сонгуулийн ялалтын дараа Афин хотын төвд намын дэмжигч нарын өмнө үг хэлэхдээ Алексис Ципрас “Бие даасан грекчүүд”-тэй нэгдэнэ гэж мэдэгдсэн байв. Түүнийг үг хэлж байхад “Бие даасан грекчүүд”-ийн лидер Панос Камменос дэргэд нь зогсож байв. Парламентын энэ удаагийн ээлжит бус сонгуульд СИРИЗА нам сонгогчдын 35,47 хувийн санал авсан бол сөрөг хүчний “Шинэ ардчилсан нам” 28 хувийн санал авчээ.
Ингэснээр СИРИЗА нам 300 суудалтай парламентад 145 суудал авч байна. Мөн сонгуульд ялсан нам болж байгаа учраас дахин 40 суудал ирнэ. “Бие даасан грекчүүд” нам 3,6 хувийн санал авч, парламентад 10 депутаттай болжээ. Өнгөрсөн сарын 20-нд Ципрас танхимын хамт огцорч буйгаа зарласан билээ.
СИРИЗА намын лидер Алексис Ципрас 1974 оны долдугаар сарын 28-нд Афин хотноо төржээ. Алексис Ципрас хүүхэд байхаасаа улс төр сонирхсон гэхэд болно. Тэрбээр Грекийн коммунист залуучуудын байгууллагын гишүүн ба Грекийн боловсролын шинэчлэлийн эсрэг үзэл бодолтой, Маркс, Ленин, Гегель, Грамши нарын зохиолыг судалж, Че Гевараг биширдэг нэгэн байв.
Тэрээр 1995-1997 онд Грекийн Үндэсний оюутны холбооны Төв хорооны гишүүнээр, 1999 онд “Синаспизмос” гэх залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгогдон 2003 он хүртэл ажиллажээ. 2006 онд Афин хотын мэрийн сонгуульд өрсөлдөж байв. “Синаспизмос” намын даргаар тэр 2008 онд анх сонгогдсон.
Алексис Ципрас Грекийн парламентад 2009 онд сонгогджээ. 2010 онд Ципрас Радикал зүүний хүчний эвслийн (СИРИЗА) дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байв. “Синаспизмос” нам нь энэ эвсэлд багтаж байсан юм. 2013 онд түүнийг СИРИЗА-гийн ерөнхийлөгчөөр сонгосон бол 2015 оны нэгдүгээр сарын 25-нд болсон парламентын сонгуульд СИРИЗА нам ялснаар Ципрас Ерөнхий сайд болсон юм.
М.Хүслэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: