Бид хязгааргүй ертөнцөд ганцаардмал гэж үү?
Цэлмэг шөнөөр одот тэнгэрийг харах бүрдээ бид “ Бусад гараг дээр амьдрал байдаг болов уу? “ гэж өөрөөсөө асуудаг.
Орчлон ертөнцөд 10²² ширхэг од байдаг нь манай дэлхийн элсэн ширхэг бүрд 10 000 од ноогдоно гэсэн үг. Тэгвэл зөвхөн манай галактикт л 100 000 оюун ухаант амьдрал байх ёстой гэсэн тооцоо бий. Эдгээрийн ядаж хагас зарим нь ямар нэг дохио өгмөөр юм, гэтэл байдаггүй шүү. Орчлонгийн хэмжээсээр манай нар харьцангуй залуу од бөгөөд дэлхийтэй төсөөтэй гараг бүхий “ хөгшин “ одод ч бий. Биднээс 1000 жилээр түрүүлсэн мэдлэг, технологи гээд л бодохоор дундад зууны хүн орчин үед ирсэн мэт, бүр бидний соёл иргэншил сармагчингуудад хэрхэн ойлгомжгүй байдаг шиг л юм болох байх даа.
Кардашевын хэмжээс гэж нэг үзүүлэлт байдаг. Үүний дагуу соёл иргэншлүүдийг хөгжлийн түвшингөөр нь I, II, III зэргийнх гэж ялгана. Одоогийн бид арай хийж I түвшин шүргэж яваа билээ. Хэрвээ дээд түвшний соёл иргэншил байгаа бол түүнийг анзаарахгүй байх ямар ч арга байхгүй. Тэгвэл яагаад одоо хүртэл сураг ажиг гарахгүй байна вэ?
Өндөр хөгжилтэй соёл иргэншил байхгүй учраас чимээгүй байгаа
«Их шүүлтүүр» гэсэн онол бий. Энэ онол ёсоор соёл иргэншил III шатанд орохын өмнөхөн тодорхой нэг үед ямар нэг “хана”-тай тулгарч хувьслын процесс саатах буюу бүрмөсөн мөхдөг байна. Тэгвэл бид хэзээ энэ шүүлтүүрээр орох вэ? 3 хариулт байна.
1. Бид бол хосгүй бүтээл , Их шүүлтүүр бидний амьдралын эхэн үед таарч, (тэр ч бүү хэл дэлхий дээрх амьдралыг тэтгэсэн байж болох юм) одоо ард хоцорсон. Дэлхий дээр амьдрал үүссэн процессийг лабораторийн нөхцөлд давтах гэсэн эрдэмтдийн оролдлого амжилтанд хүрдэггүйн учрыг үүгээр тайлбарлаж болох юм. Ингэхлээр өөр амьдрал гэж үгүй.
2. Их шүүлтүүр бол энгийн прокариотик эс нарийн нийлмэл эукариотик эс болох үсрэлтийн процесс. Эс цөмтэй болж хувьсахад үнэхээр 2 тэрбум жил шаарддаг юм бол орчлонгоор дүүрэн поркариот байгаа. Бид болон бусад соёл иргэншлүүд цөм супер иргэншилд дөхөх замдаа л явж байна гэсэн үг.
3. Их шүүлтүүр бидний өмнө байгаа гэж үзвэл хүн төрөлхтнийг аюул хүлээж байна. Амьдрал зөвхөн тодорхой түвшинг хүртэл хөгждөг нь үнэн бол бид ч түүнээс мултарч чадахгүйсэн билээ. Ер нь өндөр хөгжилтэй соёл иргэншил өөрөө өөрийгөө устгадаг гэдэг нь батлагдаж болох онол.
Өндөр хөгжилтэй соёл иргэншил бий. Гэхдээ бид тодорхой шалтгааны улмаас мэдэхгүй байгаа юм
1. Бид тэдний дохиог хүлээн аваагүй байгаа гэдэг нь дохио байхгүйдээ биш, бид хүлээн авах чадваргүй байгааг харуулж байж болох. Бид ердөө л 100 гэрлийн жилийн зайтай дохиог хүлээн авах чадвартай. Энэ нь галактикийн 0,1% гэсэн үг. Түүнчлэн дараах таамаглалууд бий:
2. Өндөр хөгжилт соёл иргэншил биднийг бий болохоос өмнө, эсвэл эрт балрын үед дэлхийд ирсэн байж болно. Бичгийн соёл үүсээд дөнгөж 5500 жил болж байна, харин эртний анчин омгийнхон харь гарагийнхнаас олж авсан мэдлэг, туршлагыг хойч үедээ хэрхэн яаж үлдээхээ огт мэдэхгүй байсан шүү дээ.
3. Галактик колончлогдоод удаж байгаа бөгөөд бид бөглүү хязгаар “нутагт” аж төрдөг байж болно. Европчууд Хойд болон Өмнөд Америкийг аль хэдийн эзлээд авчихсан байхад Канадын инуит хэмээх бяцхан омгийнхон огт ойлгоогүй л байсан шүү дээ. Ер нь дээд иргэншлийн хувьд колони гэдэг ойлголт инээдтэй зүйрлэл болно . II түвшний соёл иргэншил гэхэд л бүх хэрэгцээгээ хангаж чадахуйц төгс орчныг бүрдүүлчихсэн байх ёстой шүү дээ.
4. Аймшигтай “махчин” иргэншил байж болно. Ийм бол бусад соёл иргэншил “хамраа ч цухуйлгалгүй” нам гүм, тайван амьдарч байвал өлзийтэй. Иймээс л сансарт илгээмж явуулах нь зөв эсэх талаар эрдэмтдийн дунд заримдаа ширүүн маргаан дэгддэг юм шүү дээ. Харь гарагийнхны айлчлал Колумб Америк тивийг нээсэн шиг үр дагаварт хүргэхээс сэргэмжлэх нь зөв байх.
5. Ганцхан дээд амьдрал оршин байдаг нь “ супер махчин “ соёл иргэншил байх. Тэд хөгжлийн тодорхой шатанд очсон бүхнийг устгадаг байж болзошгүй. Гэхдээ зарим хэлбэрийн амьдрал өөрөө мөхдөг тул тэр бүхэнд оролцоод байх шаардлагагүй. Энэ мэт галактикийн анхны соёл иргэншил хэзээ ч, хэнд ч боломж олгодоггүй байх магадлалтай.
6. Бид хоорондоо хэтэрхий ялгаатайгаас бие биеэ ойлгодоггүй байж болно. Жишээ нь тэд “сайн уу” гэж хэлэхийн тулд 12 жил болдог, бид түүнийг нь зүгээр л агаарын шуугиан мэтээр хүлээн авдаг байж болзошгүй еэ?
7. Харь гарагийнхантай хэдийн холбоо тогтоосон бөгөөд засгийн газар энэ тухай нууцалдаг. Энэ бол маш их яригддаг онолуудын нэг.
8. Өндөр хөгжилт соёл иргэншил бидний тухай мэдэж, биднийг ажиглаж байдаг. Уран зөгнөлт кинонд доод түвшний соёл иргэншил хөгжлийн тодорхой үед хүрэхээс нь өмнө дээд иргэншлийн төлөөлөгчид тэдэнтэй харьцахыг хориглосон байдгийг санаж байна уу? Энэ нь бүхнийг жамаар нь явуулах гэсэн туйлын зөв санаа гэдгийг хэлэх хэрэгтэй.
9. Дээд иргэншил биднийг хүрээлэн оршдог, харин бид тэднийг мэдрэх чадваргүй. Ойн цоорхойд шоргоолжны үүр байна. Түүний хажуугаар бид 10 урсгалт супер хурдны зам тавилаа. Энэ юу болохыг, хэн яах гэж барьсныг шоргоолжнууд ойлгож чадах уу? Үүнтэй яг адил зүйл байхыг үгүйсгэхгүй.
10. Эсвэл бид харь гарагийнхны тарьсан үр, туршлагын бүтээгдэхүүн байж болох. Эсвэл бүр өөр ертөнцийн шинжээчдийн компьютерийн дууриамал байвал яана!
Бид энэ мэт эрэл хайгуул хийсээр байгаа ч эцсийн үр дүн нь ойлгомжгүй. Өөрсдийгөө орчлонд ганцаардмал гэдгийг мэдрэх, өөр амьдрал байгааг олж мэдэх хоёр нь адилхан л аймшигтай зүйл биш гэж үү?
URL: