УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын чуулганы чөлөөт цагаар тойрогтоо ажиллаж байх хугацаандаа Улсын Их Хурлаас батлагдан гарсан хууль, тогтоол, бусад шийдвэрийн талаар иргэдэд танилцуулга хийж, мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байгаагаа тэрээр хэвлэлийн хурлын эхэнд танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, иргэдээс олон санал, санаачилга, өргөдөл, гомдол ирж байна. Миний бие өнгөрсөн 7 хоногт эрүүл мэнд, эмнэлэгтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн саналуудыг багцлан салбарын сайдад нь уламжилж, тодорхой асуудлуудыг шийдэх амлалт авсан. Өнөөдөр иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Баянзүрх, Налайх дүүрэг дэх зам засварын хүсэлт, иргэдээс гарсан авто замын төлөвлөлттэй холбоотой саналуудыг уламжлах, гэрэлтүүлэг, хурд сааруулагч, замын тэмдэг, тэмдэглэгээний асуудлыг яаралтай шийдүүлэхээр Замын цагдаагийн газрын холбогдох мэргэжилтнийг ирүүлээд байна. Түүнчлэн нийтийн тээврийн зарим маршрутыг уртасгах, чиглэл нэмэх иргэдийн хүсэлтийг Нийслэлийн авто замын газарт хүлээлгэн өгч, шийдүүлэх хүсэлт хүргүүлж байна гэлээ.

Энэ үеэр Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын тасгийн дарга н.Батзориг, Нийслэлийн авто замын газрын Зам ашиглалтын байцаагч н.Энхбаатарт нар сүүлийн 3 жилийн хугацаанд Налайх, Баянзүрх дүүрэгт хийгдсэн замын ажлууд, бүтээн байгуулалт, тохжилтын ажил хийснээ танилцуулсан юм.

Баянзүрх дүүрэг 330 мянган хүн амтай бөгөөд Монгол Улсын 10 хүн тутмын нэг нь Баянзүрх дүүргийн оршин суугч гэдгийг анхаарахыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хүслээ. Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрээр Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 11 хэсэгт зам засварын ажил хийх, Баянзүрх дүүргийн 4 байршилд нийтийн тээврийн маршрут сунгах, чиглэл нэмэх хүсэлтийг Нийслэлийн авто замын газрын Зам ашиглалтын байцаагч О.Энхбаатарт хүлээлгэн өглөө. Мөн тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт 9 байрлалд хурд сааруулагч, 8 хэсэгт гарц тэмдэглээг нэн яаралтай хийлгэх хүсэлтийг Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын тасгийн дарга Б.Батзоригт хүлээлгэн өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих