Тавдугаар ноён хутагт Равжаагийн зохиосон сэтгэлийг амраагч хэмээх сургаалиас
Арван хоёр цагын явдал халуунтай хүйтэнтэй
Аж төрөх хүмүүний явдал энд тэндээн жимтэй
Үзэл явдал санаа таарвал ганц хүмүү ч нөхөр
Үг үгээн эс даавал олон хүн ч дайсан
Морь унах хүнд жолоо хэрэгтэй
Бичиг эрдэм сурах хүнд самбаа хэрэгтэй
Урт мод огтлох хүнд хөрөө нөхөр болох
Улс олонтой ханьлах хүнд сэрэмж нөхөр болох
Саруул тал байвч шаврыг нь мэдээрэй
Сайхан янаг байвч санааг нь таниарай
Элгэн уул байвч гуу жалгыг нь мэдэлгүй бүү давш
Янаг амраг боловч итгэлийг ололгүй үг бүү хэл
Унасан морь гижгээн хүрвэл эс үргээвч өшиглөх
Унаган ханилсан нөхөр уураан хүрвэл эс ноцолдовч хэрэлдэх
Дайсны дэргэд амаргаан битгий магт
Янагийн дэргэд дайснаан битгий нуу
Ус хар ч сүүний өнгийг эс харлуулмуй
Сүү цагаан боловч уснаас үл ялгарах
Ус ч сүүг аривтагмой
Сүү ч усыг цагаан болгомуй
Алдартай хулгайчийг явбал шөнө байтугай өдөр ч хардмуй
Атаач хүнийг мэдвэл муухай байтугай сайхан загнавч үл үнэмшмой
Эв тангарагтай хоёр хүн хөгшин залуу хоёр боловч ханилж болмой
Хөгшин нь залуудаа санаагаа үл хармалмой
Залуу нь хөгшиндөө аль бүрийг үл нуумуй
Мэргэн мунхаг хоёр хүн ч ханилж болмой
Мэргэн нь мунхагийн урмыг тэжээн явж нөхөртэй болмуй
Мунхаг нь мэргэний тааллыг олж явсаар ухаантай болмуй
Хоёр түшмэл эвтэй бол хааныг ч чадах
Хоёр хаан эвтэй болвол даян улс амгалан
URL: