Боксчдын ДАШТ-ий эрх хасагдаж магадгүй болжээ

f7ecd3772aa1ea4c849d8d2f7e824635bigAIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрэм боксчдод тун хатуу шаардлага буюу ирэх аравдугаар сард болох ДАШТ-д өрсөлдөхийн тулд эхлээд тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх болзлыг тавьж байгаа. Энэ болзлын дагуу Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын эхээр болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 66 тамирчин ДАШТ-д оролцох эрхээ авсан бөгөөд тэдэн дунд Монголоос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/,  Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин багтаад байсан юм.

Сонирхогчдын боксын ДАШТ Катарын Доха хотноо 10 сарын 05-18-нд болно. Ердөө 12 хоногийн дараа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна.

Дахин тодотгоход, AIBA-гийн дүрэм шинэчлэгдэж, тивийн аваргад амжилт гаргасан эхний долоон тамирчин ДАШТ-д оролцох эрх авсан бөгөөд дүрмээр манай улсаас дөрвөн тамирчин оролцох ёстой байлаа. Гэвч 56 кг-ын жинд өрсөлдөх Э.Идэрхүүгийн нэр Катараас Монголын боксын холбоонд ирүүлсэн урилгад багтаагүй аж. Учрыг тодруулбал, Катар улс зохион байгуулагч орныхоо давуу эрхийг эдэлж 56 кг-ын жинд өөрийн тамирчнаа оруулж, Э.Идэрхүүг хасчээ.

Энэ талаар шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн “Эцсийн байдлаар хариу гараагүй. Тиймээс бид бэлтгэлээ хийгээд л байж байна. Ирэх сарын 1-нд бэлтгэлээ дуусгаад 2-нд Дохаг зорих байх. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг цагаан хуудсаар оролцож магадгүй гэсэн ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна” гэлээ.

Харин Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олимпийн аварга Э.Бадар-Ууган “Катарын тал зохион байгуулагч орны давуу эрхээ эдэлж, бүх жинд тамирчнаа өрсөлдүүлнэ. Бид AIBA руу албан бичиг илгээсэн. Хариу хүлээж байна” гэв.


Монголын боксчид хамгийн анх 1978 оны ДАШТ-ий рингэд гарсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй оролцож байгаа юм. Анхны медалийг гавьяат тамирчин Р.Отгонбаяр авсан бөгөөд тэрбээр 1982 оны ДАШТ-ий дэд аварга болж байв. Тэгвэл түүнээс хойш 11 жилийн дараа буюу 1993 онд гавьяат тамирчин Э.Цогтжаргал Финландад болсон дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ. Тэрбээр тус ДАШТ-д медаль авсан цорын ганц ази боксчин болсон түүхтэй. Харин 1997 онд Унгарын Будапештаас гавьяат тамирчин Т.Үйтүмэн мөнгө, 2007 онд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган мөнгө, 2009 онд  Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2011 онд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба хүрэл, 2013 онд У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртэж байлаа.

Б.ЭНХ


URL:

Сэтгэгдэл бичих