Монголын тэнгэрийн үзэл ба Хубилай хаан

Академич XIII-XIV зуунд үзэгдсэн монголчуудын ер бусын гэнэтийн их өрнөлт бол хэрэг дээр тэдгээрийн тэнгэрийг тахих шүтлэгтэй нь шууд учир холбогдолтой байсан бөгөөд чухамхүү тэрхүү шүтлэг л хөгжин хөгжсөөр эцсийн бүлэгт нэгэн бүхэл бүтэн улс төрийн үзэл буй болгосон ажээ. Тэнгэрийн үзэл хөгжтөлөө гурван үндсэн үеийг дамжсан болой.

Үүнд: Нэгдүгээр үе нь: Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан анхны үе. Энэ үед тэнгэрийн үзэл нь Монголын Евразийн нүүдэлчдийн их эзэнт гүрний засаг төрийг бишрэн шүтэж, ёсчлон дээдлэх зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэж байжээ.

Хоёрдугаар үе нь:Чингис хааны дараах залгамжлагч хаадын үе. Энэ үед тэнгэрийн үзэл тэнгэр доорх бүхнийг монголчуудын эрх мэдэлд нэгтгэх ёстой хэмээх нэг ёсны тэнгэрчлэх тухай ертөнц дахины шинж чанартай тун нарийн чинад үзэл суртал болон хувирав.

Гуравдугаар үе нь: Хубилай хааны хаанчлалын үеэс эхэлдэг бөгөөд тэрбээр бүх Хятадыг дайлан дагуулж улмаар Монголын даяар ертөнцийн эзэнт улсыг төвхнүүлэн байгуулсан болой. Энэ үед Хубилай хаан байлдан дагуулахаас илүүтэй ертөнцийн эзэнт гүрнээ номхтгон түвшитгэхийг эрхэмлэж байв. Миний бие эхний хоёр үеийн талаар өмнө нь бичиж байсан учир одоо гурав дахь үеийн талаар дэлгэрүүлэн бичье.

Гагцхүү Хубилай хааны хаанчлалын 35 жилд л Монголын тэнгэрчлэх бодлого оргил үедээ хүрч, Монголын эзэнт улс үнэхээр даяар ертөнцийн шинж чанартай болов. Дэлхий ертөнц хэрэг дээрээ нэгэн улс төрийн ноёрхолд нэгдэв. Улс орнууд Монголын морин өртөөгөөр холбогдон, харилцаа холбооны түргэн шуурхай өргөн сүлжээтэй болов.

Энэхүү сүлжээгээр дамжин хүмүүс, үзэл санаа, мэдээлэл болон арилжаа худалдааны идэвхтэй урсгал хөдөлгөөн чөлөөтэй явагдаж байв. Жишээ нь, дөрвөлжин үсэг хэмээх нэг ёсны олон улсын бичиг үсэг буй болгосон нь олон улс үндэстний хооронд соёлын нэгдэл нягтралыг (integration) үүсгэн бэхжүүлэх зорилготой байжээ. Мөн Азербайжаны Марагхах хотод одон орон судлалын газар байгуулж, одон орон судлагч их эрдэмтэн Насир ад-Дин ад-Түси (1201-1274)- гаар удирдуулж байв.

Тэнд Араб, Ираны болон Хятад зэрэг олон улс орны судлаачид хамтран ажиллаж байв. 1267 онд Хубилай хаан Ираны одон орон судлагч Жамал ад-Динийг Ханбалиг нийслэлд урьж ажиллуулжээ. Уг хүн Ил хаан Хүлэгүгээс ах Хубилай хаанд явуулсан одон орон судлалын багаж төхөөрөмжийг авчран өгчээ. Хятадын алдарт одон орон судлагч Гүо Шоу-жин (1231-13160) Ираны Жамал ад-Динтай хамтран эзэнт гүрний нийслэлд одон орон судлалын газар үндэслэн байгуулж, үр бүтээлтэй ажиллаж байв.

Чухамхүү Монголын Их язгуур (Да Юан) улсын үед монголчууд Хятад, Энэтхэг-Түвэд, Араб-Ислам ба Төв Азийн зэрэг төрөл бүрийн соёлтой шууд харилцаа холбоотой болов. Буддагийн утга зохиолыг янз бүрийн хэлнээс монгол хэлэнд орчуулж эхлэв. Цөөнгүй монгол хүн хятад хэл бичиг эзэмших болов. Тэд бичиг номын болон орчуулгын ажилд идэвхтэй оролцож байсан бөгөөд зарим нь хятад хэлээр ном зохиол бичиж байв.

Уйгур, Тангад, Түвэд, Хятад, Төв Азийн хүмүүс монголчуудтай нягт хамтран ажиллаж байв. Бичгийн зөвлөлийн бичээч Болодтөмөр “Зурхайт ном” хэмээх Күнзийн сургаалын номын монгол орчуулгыг дөрвөлжин үсгээр бичиж, Хайсан хаанд өргөж байжээ. Монголчууд алдарт Сулхархайн домогтой ч танилцав. Тэрхүү зохиолын мусульман хувилбараас мэргэн сайд Махмуд Ялавач Мөнх хаанд ярьж өгөхөд хаан ихэд таашаан болгоосон хэмээдэг.

Яваандаа Сулхарнайн домог монголчуудын дунд алдартай болж XIV зууны эхээр монгол хэлээр орчуулсан ч хэдхэн тасархай хуудаснаас өөр бүхлээрээ үлдээгүй ажээ. Оюуны бүтээлийн ололт амжилтын солилцоо нийт Евразийн хэмжээгээр идэвхтэй явагдаж байсны нэг тодорхой гэрч бол “Судрын чуулган” (Жами ал-Таварих) хэмээх дэлхийн анхны түгээмэл түүхийг Ираны түүхч Рашидад Диний удирдлагаар Монголын алдарт түүхч Болод (Пулад) чинсян зэрэг олон улсын түүхчдийн бүлэг анх удаа зохиосон явдал мөн.

Рашид-ад Дин ба Болод чинсян хоёрын ойр дотно хамтын ажиллагаа бол Дорно, Өрнийн эрдэм, соёлын ойртон нягтралын тод бэлгэдэл болон түүхэнд орсон болой. Энэ талаар Томас Олсен (Thomas Allsen) тэмдэглэсэн нь: “Ерөөс Болодыг Монголын бичгийн их хүн, Рашид-ад Динийг мэдээ баримтаар хангагч хэмээн ихэвчлэн тодорхойлдог нь үндсэндээ зөв боловч тэр хүн хэрэг дээрээ үүнээс ч үлэмж илүү их ач холбогдолтой байжээ.

Түүнийг Монголын том сэхээтэн, бичгийн хүн, ертөнцийн хүн, их бүтээлч хэмээн тодорхойлбоос илүү зохистой. Тэрээр гадаадын соёл, түүний тэргүүлэх төлөөлөгчдийн нөлөөнд үргэлж өртөж байсан ч монгол уламжлалаас хэлхээ холбоогоо огтхон ч таслаагүй юм. Хэдийгээр Хятад, Персийн соёлыг сайн мэдэж байсан ч Болод насан эцэс болтлоо Монголын ёс заншил, удам угсааны түүхийн “мэрэгжилтэн” хэвээр үлдсэн болой”.

Би энд зөвхөн оюун ухааны талын үйл ажиллагаатай холбогдолтой зарим баримтыг дурдав. Тэр үеийн эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн харилцаа холбооны талаар илүү олон баримт мэдээ дурдаж болно. Эдгээр баримт мэдээ бол эвдрэл сүйрэл, аллага хядлагаас өөр юу ч авчраагүй нүүдэлчин “зэрлэгүүдийн” цэрэг дайны байлдан дагууллаас ихээхэн өөр төрлийн том үйл явдал цаагуур нь бас өрнөж байсныг харуулж байна.

Өөрөөр хэлбээс, дэлхий ертөнцийг бүхэлд нь хамарсан их үйл явцын зарим нэг илрэл үзэгдэж байсан бөгөөд түүнийг нь зарим талаар эдүгээгийн дэлхийчлэлийн үйл явцтай (glo-balization) зүйрлэн авч үзэж болмоор байгаа юм. Жишээ нь, хүмүүс соёл болон улс орнуудыг хэзээ хэзээнээс ч улам илүү ойртуулан нягтруулж байсан асуудлыг авч үзэж болно. Хубилай хаан бол Монголын уламжлалт тэнгэрийн үзэл суртлыг шинэчлэн өөрчлөгч мөн байжээ.

Тэрээр нүүдлийн иргэншлийнхээ зэрэгцээгээр Күнз, Буддагийн болон Араб-Ислам, Европ-Христийн иргэншлийг ч сайн мэддэг байсан хийгээд тэдгээрийн ололт амжилтыг хэрхэн өөрийн тэнгэрчлэх бодлогын зорилгод тохируулан амжилттай сонгон авах талаар ч бололцоотой бүхнийг хийж чаддаг байжээ. Хубилай хаан өөрийн шашны бодлогын талаар “Хүн бүр шүтдэг дөрвөн бурхан байдаг. Тэдгээр нь христийхний Есүс Христ, иранчуудын Мохаммед, еврейчүүдийн Моусис ба Будда Чандамани. Миний хувьд бүгдийг нь хүндэтгэмүй.

Гэвч чухам хэн нь тэнгэрт хамгийн агуу их бөгөөд хамгийн шударга нь л намайг өршөөгөөсэй хэмээн хүсмүй” гэж айлдаж байжээ. Түүхээс үзэхэд Монголын хаан эцсийн бүлэгт буддизмыг бусад шашны дотроос илүү төвийг сахигч ба илүү ертөнц дахины шинжтэй хэмээн болгоон таалжээ. Хубилай хаан өөрийн улс төрийн прагматик үзэл санааны үүднээс үзэхдээ буддизмын ертөнц дахины хийгээд аливаа үндэстний ашиг сонирхлоос дээгүүр байдаг шинж чанар нь олон үндэстэн угсаатныг нэгтгэсэн даяар ертөнцийн эзэнт гүрний нь хэв маягт илүү тохиромжтой хэмээн болгоон таалсан болно.

Аль эртнээс аваад буддизм нэгэн их өвөрмөц үзэл суртлыг үүсгэн хөгжүүлж ирсэн бөгөөд түүнд нь Чакравартинража буюу Хүрдэн эргүүлэгч хааны тухай үзэл баримтлал гол байр эзэлдэг байжээ. Тэрхүү үзэл суртал ёсоор бол дэлхий ертөнц буддизмын ялгуулсан орунга (туг)-ын дор нэгдэж, Номын хүрдэн эргүүлэгч, ертөнцийн гагц хаанаар удирдуулах ёстой ажээ.

Хубилай хааны буддын шашныг талархсан бодлогыг боловсруулах үйлст Түвэдийн Саж хийдийн алдарт хамба Пагва лам шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэвээс зохино. Буддын шашинт Түвдийн талаар баримталж байсан Хубилай хааны бодлого бусад орны талаар явуулж байснаас нь ихээхэн ялгаатай байсан билээ. Энэ нь буддизмын талаар хааны баримталж байсан өвөрмөц бодлоготой учир холбогдолтой байсныг гэрчилнэ. Монголчууд Түвдийг үнэндээ дайлан эзлээгүй юм. Харин үүний оронд өглөгийн эзэн хаан ба Тахилын орон лам хэмээгдэгчдийн хооронд шашин номын харилцааг голчлон тогтоох аргаар Түвдийг Монголын эзэнт гүрэнтэй нэгтгэсэн болой.

Өөрөөр хэлбээс тэрхүү харилцаа нь тухайн цагийнхаа ойлголтоор ертөнцийн төр болох өглөгийн эзэн хаан ба Номын эзэн багш лам хэмээх “хоёр ёсны” холбооны номын нандин утга учрыг илэрхийлсэн зүйл байсан хэмээдэг байжээ. Гэхдээ үнэн хэрэг дээрээ өглөгийн эзэн ба Тахилын эзэн хоёрын харилцаа нь төрийн хоёр толгойлогчийн бүрэн адил тэгш эрх дархыг илэрхийлж байгаагүй билээ. Энэ нь буддын шашинт хаант улсын тухай Энэтхэг-Түвдийн хуучны уламжлалт үзэл баримтлалыг үнэн хэрэг дээрээ Монголын тэнгэрийн үзлийн үндсэн дээр монгол маягаар ухааран ойлгож өөрчилсөн хэрэг болсон байв.

Хубилай хаан, Пагва лам хоёр анхны уулзалтаараа нэлээдгүй хурц маргалдсаны дүнд хүрсэн тохиролцооны дагуу үнэн номын засаг, хүнд хааны ертөнцийн засаг хэмээх уламжлалт хоёр ёсны тухай сургаалд томоохон өөрчлөлт хийгдсэн хэрэг болжээ. Хубилай хаан номын ёсон ертөнцийн ёсноос дээгүүр байдаг буддын үзлийн уламжлалт давуу байдлыг хязгаарлан өөрчилж чадсан бөгөөд харин Пагва лам өөрийн оронд Монголын эзэнт гүрний шашин номын төвийн онцгой эрхт байдлыг олж авч чадсан байна.

Чингээд тэр цагийн Түвд одоо цагийн Ватикан маягийн улсыг тодорхой хэмжээнд санагдуулахаар эрх зүйн байдалтай болжээ. Хубилай хаан өөрийн урьдах хаадын даяар ертөнцийн тухай үзэл сурталд эрс шийдэмгий өөрчлөлт хийв. Тэрээр бөө мөргөл, түүний үзэл суртлаас бүрэн татгалзаагүй. Харин буддын даяар ертөнцийн үзлээс гол баримтлалуудыг нь авч тэнгэрчлэх бодлогодоо хэрэглэхийг зорьжээ.

Хулгана жилийн (1264 он) зуны дунд сарын шинийн нэгний өдөр Дээд нийслэлд буулгасан “сувдан жаса” хэмээх зарлигт “Мөнх тэнгэрийн хүчин дор, хааны суу залийн ивээл дор” хэмээн уламжлал ёсоор эхлэн өгүүлэхийн хамтад доорх зүйлсийг онцлон айлдсан нь “Энэ насны хотлоо төгсгөхийг Чингис хааны ёсон журмаар явбаас болон бөгөөтөл хойд наснаас чинагшийг бурхны номын ёсноо шүтэх хэрэгтэй хэмээсэн утгыг сайтар шинжилж Шигэмунийн (Шакьямуни бурхан-Ш.Б.) мөр чухам үнэн мөр хэмээн мэдээд тэр мөрийг өөрөө сайтар онон бусдадаа буруу үгүй сайтар үзүүлэгч энэ миний багш Пагва лам мөний тул би бан (абишег-Ш.Б.) аваад Гүшри (Го-ши буюу улсын багш-Ш.Б.) зэргийн цол өргөж хурлын хувраг, бүгдийн итгэл болгон таалсан…” хэмээжээ.

Тэрхүү жаса зарлигт цааш нь өгүүлэхдээ Пагва ламыг шашны тэргүүнээр тунхаглаж, түүнд бүрэн захирагдахыг Түвдийн бүх хуврагт зарлиг болгож, бурхны сургаал ёсоор зөвхөн шашин номын мөр хөөж явахыг дурьдахын хамтад “Миний шашин гөрөөсдийн (гөрөөсүүдийн-Ш.Б) хаан арслан лугаа адил буй. өөрийн биеийн дотроос хор эс болбоос гаднаас хор хийж эвдэн чадагч хэн-бээр үгүй” хэмээн бурхан багшийн айлдсаныг онцлон сануулжээ.

Чухамхүү номын ёсоор явсан нөхцөлд хаан алагчаалалгүй өргөл хүндлэлийг сайтар өргөн, хуврагуудыг аливаа цэрэг, алба, үйл (өртөөний-Ш.Б) хэмээх гурван үүргээс чөлөөлөхийг тунхаглав. Энэхүү жаса зарлиг Хубилай хааны тэнгэрийн үзэл сурталд эргэлтийн чанартай том өөрчлөлт гарсныг гэрчилнэ. Тэрээр буддизмыг эзэнт гүрнийхээ төрийн шашин болгон зарлаж, Пагва ламыг улсын багшаар томилов.

Үүний хамтад тэнгэрийн хүчин, хааны суу зальд үнэнч болохоо мөн онцлон тунхаглаж засгийн эрх дархыг шашнаас нэг ёсондоо тусгаарлан, хааны засгийн давуутайг эрхэмлэн заажээ. Энд нэг зүйл тусгайлан тэмдэглэхэд Буянт хаан зэрэг Хубилай хааны дараачийн хаад, Мангала, Дхармапалагийн бэлбэсэн хатагтай, Ананда зэрэг хааны удмынхны бараг бүх зарлигт “Мөнх тэнгэрийн хүчин дор, хааны суу залийн ивээл дор” хэмээхийг үргэлжид давтан дурьдсан байдаг нь уламжлалт Тэнгэрийн үзэлд үнэнч хэвээр байснаа тодорхой илэрхийлсэн хэрэг мөн байжээ.

Тэдгээр баримт бичигт будда, христ, даос зэрэг төрөл бүрийн шашны лам нарыг Чингис хаанаас эхлээд бүх монгол хаад алба гувчуураас чөлөөлж байсныг сануулан, “Тэнгэрт залбирч”, “хааныг ерөөж” байхыг зарлиг болгон онцолж байв. Тухайн цагийн монгол хаадын зарлиг зэрэг баримт бичгүүдээс үзэхэд Монголын тэнгэрийн үзэл нь Хубилайн үеэс буддын шашныг дээдлэх болсон хэдий ч өмнөх хаадын үед христ, исламын шашинтай тэрсэлдэж байсан шиг бусад шашныг гадуурхан үзэж дайсагнаж байгаагүйг зориуд тэмдэглэвээс зохино.

Тэр ч бүү хэл тэнгэрийн үзэл нь буддын үзлийн суурь баримтлалуудын нөлөөгөөр үлэмж өөрчлөгдөн хувирсан болой. Ялангуяа Түвд зэрэг сурвалж бичгүүдээс үзэхэд Монголын хаан Пагва ламын идэвхтэй оролцоо, тусламжтайгаар буддизмыг өөрийн даяар ертөнцийн эзэнт гүрний үйлс сонирхолд захируулан ашиглаж, бүрэн чадаж байжээ. Ийнхүү дэлхий ертөнцийг тэнгэрчлэх монголчуудын бодлогыг зөвтгөн дэмжих зорилготой улс төрийн нэгэн төрлийн шинэ гүн ухаан үүсэн буй болов.

Хубилай хаан, түүний удам угсаатнуудад зориулан бичсэн өөрийн олон зохиолдоо Пагва лам Монголын эзэнт улсын даяар ертөнцийн шинж чанартай болохыг үндэслэх, монгол хаад нь Номын хүрдэн эргүүлэгч хаад мөн болохыг номчлон батлахыг ихэд чармайж байжээ. Жишээ нь, тэрээр “Мэдэгдэхүүнийг сайтар тодруулагч” (түвдээр shes-bya rab-gsal) хэмээх зохиолдоо буддист түүх бичлэгийн үүднээс Монголын эзэнт гүрнийг даяар ертөнцийн шинж чанартай болохыг нотлохын тулд ихээхэн чармайсан байдаг.

Тэрхүү зохиолоо Хубилай хааны ханхүү Чингим тайжийн захиалгаар шороон барс жил буюу 1278 онд зохиожээ. Улсын багш Монголын эзэнт гүрнийг буддын шашны ертөнцийн түгээмэл түүхийн маягт анх удаа оруулан тооцож, Чингис хааныг номын хүрдэн эргүүлэгч хаан хэмээн өргөмжлөв. Энэ бол тухайн цагийнхаа буддист түүх бичлэгт огт шинэ санаачилга болсон юм. Зохиогч Монголын эзэнт гүрний товч түүхэн тоймыг хоёр их буддист орон болох эртний Энэтхэг, Түвдийн түүхийн дараа оруулан бичжээ.

Ийнхүү урьд өмнө миний бичсэнчлэн Энэтхэг, Түвд, Монголын буддын шашинт гурван улсын түүхийн өвөрмөц нэг маягт Түвд, Монголын түүх бичлэгт анх үүсэн буй болжээ. Тэрхүү маягт ёсоор Монголын эзэнт улсын түүх буддын шашны ертөнцийн түүхийн нэг хэсэг болон орж, улмаар Чингис хаан ба түүнийг залгамжлагч хаад нь буддын ертөнцийн бүх хааны домогт өвөг эцэг болох Олноо өргөгдсөн хаан (Махасаммади)-аас язгууртай Энэтхэг, Түвдийн буддын шашинт их хаадын ариун нандин удам угсааны хэлхээстэй төрөл садны учир холбогдолтой болов.

Үргэлжлэл бий

Академич Ш.Бира


URL:

Сэтгэгдэл бичих