УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын ХХ-ын ХЗ-ийн дарга В.И.Матвиенкотой хэлэлцээ хийв

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээ хийхийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.В.И.Матвиенко: Орос Монголын эдийн засгийн харилцааг

олон тулгууртай болгох шаардлага тулгарч байна

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко уулзалтын эхэнд, УИХ-ын дарга З.Энхболд болон Монголын төлөөлөгчдийг ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлэв. Монгол Улсад өнгөрсөн жил миний хийсэн айлчлал үр дүнтэй байсан бөгөөд тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улс хэдхэн хоногийн өмнө ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганыг амжилттай, өндөр хэмжээнд зохион байгуулсанд тань баяр хүргэе. Энэ чухал арга хэмжээг өндөр дээд хэмжээнд зохион байгуулсан нь олон улсын тавцанд танай улсын нэр хүндийг өсгөсөн хэрэг боллоо. Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх нь ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэгд ордог. Монгол Улс газар зүйн хувьд  зөвхөн манай улсын хөрш төдийгүй бид ойр дотно харилцаатай, олон жилийн түүхт сайн хөршийн харилцаанд тулгуурладаг олон талын хамтын ажиллагааг хөгжүүлж чадсан  гэдгийг онцлох хэрэгтэй. Цаашид ч  Монгол Улстай гадаад бодлогын хувьд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байна. Сүүлийн хоёр жил манай хоёр орны хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэхийн тулд хоёр улс идэвхтэй хүчин чармайлт гаргаж ирсэн. Хоёр орны төрийн тэргүүн нар хэд хэдэн удаа биечлэн уулзсан. Гэхдээ манай хоёр орны харилцаанд цөөн боловч тохиролцоонд хүрээгүй асуудал бий. Нэгэн жишээ дурдахад 2009 онд шийдэгдсэн Монгол Улсын нутаг дэвсгэр дэхь оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлын талаар бид тохиролцоонд хүрсэн боловч энэ асуудлыг шийдэхгүй байгаа нь Монгол Оросын  стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрийг зурахад саад болсоор ирлээ. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэхэд Парламентыг анхаарлаа хандуулахыг хүсч байна. Сүүлийн үед хөрөнгө оруулалтын салбарт томоохон төсөл хэрэгжихгүй байгаагийн зэрэгцээ  хоёр улсын худалдаа эдийн засгийн хувьд жилээс жилд буурсан  статистик үзүүлэлттэй байна. Миний хувьд, хоёр орны хооронд зайлшгүй анхаарах ёстой  эдгээр асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал худалдаа, эдийн засгийн харилцааг олон чиглэлтэй, олон тулгууртай болгох шаардлага байна.

Хоёр орны харилцааг улам өргөжин хөгжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал юм. Цаашид бид чиглэл чиглэлийн байнгын хороодын хамтын ажиллагаа болон мөн түүнчлэн ИТХ-ын харилцааг хөгжүүлэх нь ч чухал. Манай танхим бол ОХУ-ын бүх бүсийг төлөөлсөн төлөөлөгчдөөс бүрддэг. Тиймээс ОХУ болон Монголын хил орчмын харилцаанд анхаарах шаардлагатай байдаг.

В.И.Матвиенко: Эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг

өргөжүүлэх нөөц бололцоо их

Мөн эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн нөөц бололцоо байна. Бид монгол улсад нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байна. Худалдаа эдийн засгийн харилцааг олон улсын тавцанд хөгжүүлэх хэрэгтэй юм. Манай хоёр улс Евроазийн эдийн засгийн санамж бичигт гарын үсэг зурсанд баяртай байна. Монгол Улс Евроазийн санамж бичигт өнгөрсөн зургадугаар сард гарын үсэг зурснаар хоёр улсын худалдааны хэмжээ нэмэгдэнэ гэж найдаж  байгаа болохоо ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко онцлон тэмдэглэв.

В.И.Матвиенко: Эх орны дайны үед ЗХУ-д үзүүлсэн Монголын

туслалцааг хэзээ ч мартахгүй

Эх орны дайны үед Монгол Улсаас ЗХУ-д асар их туслалцаа үзүүлснийг ОХУ өндрөөр үнэлж, талархаж явдагаа дахин илэрхийлье. Мөн Аугаа эх орны дайнд ялалт байгуулсаны 70 жилийн ойн баярт Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголын цэрэг армийнхан оролцсон нь чухал байлаа. Эрхэм хүндэт Улсын Их Хурлын даргаа, манай хоёр орны хооронд байгаа шийдэгдээгүй асуудлууд тийм ч ноцтой биш, манай улсын зүгээс бүхий л талаар Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна. Шийдэгдээгүй байгаа асуудлуудыг шийдэхийн тулд цаашид харилцаагаа шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд бид үргэлж бэлэн байдаг хэмээн ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко хэлэлцээний үеэр хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд: Монгол, Оросын худалдааны хэмжээ 1,6 тэрбум ам.доллар, үүнд манай экспорт зөвхөн 3 хувь байна

УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцээ хийх үеэр хэлсэн үгэндээ, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенког элэгсэг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлье. Бид ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд манай хоёр орны хооронд хөгжүүлж буй стратегийн түншлэлийг цаашид бодит агуулгаар баяжуулах нь чухал. Сүүлийн жилүүдэд хоёр орны өндөр дээд хэмжээний айлчлалууд тогтмолжиж байгаа нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлж байна. Тав хоногийн өмнө Улаанбаатар хотноо болсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганд  ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинаар ахлуулсан томоохон бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа тун чухал.  Би таны хэлсэнчлэн, Засгийн газарт тавих Парламентын хяналтыг нэмэгдүүлэх талаар хэлсэн үгтэй 100 хувь санал нэг байна. Хамгийн наад захын жишээ бол 2009 онд тохиролцсон үл хөдлөх хөрөнгийн асуудлыг одоо болтол шийдээгүй байгаа нь манай гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа хир удаан байгааг харуулж байна. Энэ асуудлыг урагшлуулахын тулд анхаарах болно гэлээ. Манай улсаас ОХУ руу экспортлох бараа бүтээгдэхүүний тухайд уламжлалт мах, консерв, нэхий дээл болон зарим бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлоход тарифын асуудал саад болж байна. ОХУ-ын зах зээлд манай улсын бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх таатай орчин бүрдүүлэх нь чухал. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд С.Л.Левинтэй уулзахад нааштай шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн байна гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд: Бид эдийн засгийн  гол зүтгүүр болсон  хамтарсан гурван үйлдвэртэй

Манай хоёр улсын хамтын ажиллагаатай гол гурван зүтгүүр бол  “Эрдэнэт” ХХК, “УБТЗ” ХНН, “Монголросцветмет” ХХК юм. Эдгээр үйлдвэрүүд бүгд 1990 оноос өмнө байгуулагдсан. Цаашид тулгарсан асуудлыг шийдвэрлэж, хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Протоколыг УИХ соёрхон батлахаар ажиллаж байна хэмээн УИХ-ын дарга З.Энхболд хэллээ.

Хоёр улсын иргэд харилцан визгүй болсон нь

иргэд хоорондын харилцаанд чухал

Өнгөрсөн оны 11 сараас хойш хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсон нь хоёр орны иргэд хоорондын харилцаанд чухал нөлөө үзүүлж байна. Мөн цаашид ОХУ-д тэтгэлэгт сургалт болон мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдагсдын тоог  нэмэгдүүлэх, ОХУ-ын их дээд сургуулиудтай суурь, судалгааны чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна гэв. УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой хийсэн хэлэлцээний үеэр мөн улс төр, эдийн засаг, боловсрол, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой хэлэлцээ хийх үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ОХУ-ын парламентын бүлгийн гишүүн Н.Батбаяр,  С.Одонтуяа, Г.Уянга, Б.Чойжилсүрэн, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих