Бvтээгдэхvvн хуваах гэрээний цаана

Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээтэй ажилладаг компаниудын тухай бид бишгүйдээ сонсдог. Гэхдээ бүтээгдэхүүн хуваах гэрэний цаана чухам юу болж байдгийг хэн ч мэддэггүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэ талаар ойлголт өгч, үүний цаана өрнөдөг элдэв асуудлыг хөндөхийг зорив.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь Газрын тосны газар, гэрээлэгч компани хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, үүнийг нь Засгийн газар баталсан тохиолдолд хүчин төгөлдөр болдог.

Өнөөдрийн байдлаар манай улсад газрын тосны хайгуул олборлолтын 18 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээтэй 14 компани үйл ажиллагаа явуулж байгаа юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ нүднээс далдуур чухам юу болж байдгийг мэдэхээсээ мэдэхгүй нь олон.

Яг ямар гэрээний дагуу ажиллаад, тэр нь чухам хэнд ямар ашигтай байдаг юм бол гэсэн сониучхан бодол хэн бүхэнд л төрдөг байх. Гэрээлэгч компани Монгол Улсын газрын тосны хууль, түүнийг хэрэгжүүлэх журмын дагуу жил бүр талбайн дэнчин гэж Засгийн газарт төлдөг. “Талбайн дэнчин” гэдэг нь гэрээлэгч гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах онцгой эрх эдэлснийхээ төлөө гэрээт талбайн хэмжээгээр уг төлбөрийг төлдөг.

Монгол Улсын Засгийн газар болон Гэрээлэгчийн хооронд хуанлийн cap бүрийн гэрээт түүхий тосноос роялти болон өртөгт тосыг хасаад үлдэх хэмжээг хуваарилна. Энэ нь тухайн хуанлийн сард олборлосон түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээ хэдэн баррельтай тэнцүү байна гэдгээс хамааруулан хувь тогтоож хуваадаг юм.

Хуанлийн cap нэг нь аргын тооллын арванхоёрдугаар сарын 1-н бөгөөд энэ нь тухайн сарын эхний өдрөөс эхлэн, сүүлийн өдрийг хүртэл үргэлжилдэг аж. Харин өртөг тос гэдэг нь Гэрээлэгчийн газрын тостой холбогдсон үйл ажиллагааны зардлыг нөхөхөд зориулах гэрээт түүхий тосыг хэлж байгаа юм.

Хайгуулын ажлын эхний үе шатанд гэрээт талбайн нэг хавтгай дөрвөлжин километр талбайд /олборлолтын талбайг оруулахгүй/ 1.00 ам доллар, хайгуулын ажлын хоёр дах үе шатанд гэрээт талбайн нэг хавтгай дөрвөлжин километр талбайд /олборлолтын талбайг оруулахгүйгээр/ 2.00 ам доллар, хайгуулын ажлын гурав дахь үе шатанд гэрээт талбайн нэг хавтгай дөрвөлжин километрт /олборлолтын талбайг оруулахгүйгээр/ 4.00 ам долларыг тус тус төлөх ёстой.

Мөн эрэл хайгуулын ажлын хугацааг Засгийн газрын шийдвэрээр сунгасан хайгуулын хугацаанд гэрээт нэг хавтгай дөрвөлжин километрт ногдох / олборлолтын талбайг оруулахгүйгээр/ 10.00 ам доллар, олборлолтын талбайн нэг хавтгай дөрвөлжин километрт ногдох 50.00 ам долларыг тус тус төлөхөөр тооцсон байдаг юм байна.

Үүнээс гадна захиргааны шимтгэл, Монгол Улсын байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг ашигласны төлбөр /роялти/, олборлолтын урамшуулал зэргийг Засгийн газарт гэрээлэгч тал төлдөг аж. Ингэхээр манай улс газрын тосны хайгуул олборлолтоос нэлээд хэмжээний ашиг олдог гэсэн үг л дээ.

Нөгөө талаар гэрээндээ хариуцлагын тухай төдий л хангалттаи тусгадаггүи ажээ. Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын тухайд бүх зүйл гэрээний дагуу ямар нэгэн дутагдал зөрчилгүй байна хэмээн Газрын тосны газрынхан мэдэгддэг. Гэвч гэрээний заалтаа зөрчөөд байгаа юм биш үү гэсэн хардлагыг зарим талаар төрүүлсээр байдаг. Тухайлбал, гэрээнд гэрээлэгч нь байгаль орчныг нөхөн сэргээхэд төдий хэмжээний мөнгө зарцуулна гэсэн ганцхан өгүүлбэр дурдаад орхижээ.

Газрын тос байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялаг. Алтыг нь аваад авдрыг нь хаях үзэгдэл хаа сайгүй өрнөж буй нь ч нууц биш. Саяхан Дорнод аймгийн Тамсагийн “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоосон. 2005 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээг ил тод болгож, үүнтэй холбоотой зөрчлийг таслан зогсоохыг шаардсан хурал хүртэл өнгөрсөн оны гуравдугаар сард болж байсан.

Тухайн үед уг компанийн үйл ажиллагааг байгаль орчныг бохирдуулж, ард иргэдийн эрх ашгийг хөндөж байна хэмээн үзсэн гэх. Түүнчлэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Газрын тосны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам зэргийг зөрчсөн хэмээн үзсэн.

Мөн газрын тосны хайгуулын өрмийн шингэн хаягдлын 368, үйлдвэрлэлийн шингэн хаягдлын 20 гаруй санг саармагжуулж, хоргүйжүүлэлгүйгээр шороогоор булсан, газрын тосны өрөмдлөгийг шахуу өрөмдсөний улмаас гүний усны түвшинг 1500-2000 метр хүртэл доошлуулж цөлжилт үүсэх шалтгаан бий болгосон зэргийг ярьж хэлж байсан ч өнөө мартагдаад байна.

Гэрээ байгуулж зөвшөөрөл авсан л бол тухайн компани тээвэрлэлт, дэд бүтцийн асуудлаа өөрсдөө хариуцан байгаль орчинд хохиролгүй байлгах талаас үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл олон зам гаргаж, байгаль орчныг сүйтгэж байж болмооргүй зөрчлүүд гаргасаар байгаа. Гэрээлэгч гэрээг санаатай зөрчсөн, уг зөрчлийг тогтоосон хугацаанд арилгаагүй бу юу арга хэмжээ авч эхлээгүй, мөн гэрээ хэрэгжүүлэх үүднээс хөтөлбөрт болон төсөвт ажлаа эхлээгүй бол Засгийн газар гэрээг цуцлах эрхтэй байдаг.

Гэвч энэ чиглэлийн зарим компаниуд ашиг орлогоо бодохоос уг асуудал дээр ач холбогдол өгч ажиллахгүй байгаа нь сонин. Өнгөрсөн жил л гэхэд Дорнод аймгийн Баянтүмэн-XүII талбайд “Магнай трейд” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Бүтээгдэхүүн хуваалтыг Засгийн газар 40, Гэрээлэгч 60 хувиар эхэлж, цаашид Засгийн газарт ногдох хувийг нэмэгдүүлэхээр болж байсан.

Манай улсын хувьд газрын тосны ордуудаа ашиглах, орлого олох гол гэрээ нь энэ л дээ. Учир нь хөрөнгө оруулагч 100 хувь хөрөнгөө гаргаж , эрсдлээ хариуцдаг учраас бусад хөрөнгө оруулалтын гэрээнээс илүү давуу талыг Монгол Улсад олгодог юм. Гэвч монголчууд энэ давуу талаа ашиглаж чадахгүй байна гэхэд хилсдэхгүй. Харин ч Монгол Улсад биш, харийнханд давуу эрх олгосоор байгаа нь үнэн биш гэж үү. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр халхавчлагдан бүрэн улсын эрх ашиг ч зөрчигдсөөр байгаа нь нууц биш билээ.

Ц.Жаргалцэцэг
Эх сурвалж: “Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих