“Анод”-ыг дампууруулагсад биенийгээ илчилсээр байна
Одоогоос 11 жилийн өмнө “Анод” гэх арилжааны банк байгуулагдаж байсан түүхтэй. Байгуулагдсаныхаа дараа жилээс Монголбанкны удаа дараагийн шалгалтад бүдэрч, үйл ажиллагаа нь тогтворгүй байсан. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд нь Төв банкнаас зохих зөвлөмжүүдийг хүргүүлж байсан ч үйл ажиллагааг нь зогсоох, төлбөрийн чадваргүй болсон гэдгийг нь нийтэд зарлалгүй байсаар 2008 оны арванхоёрдугаар сард шаардлагатай арга хэмжээг авч, “Анод” банкны гэх 20847323 тоот хавтаст хэргийг нээсэн билээ. Энэ хэрэгт одоогоор сэжигтнээр дараах хүмүүсийг татан шалгаж байна.
Н.Уламбаяр: Уг банкны Тамгын газрын дарга Н.Уламбаярыг банкны дүрмийн сангаа нэмэгдүүлэх нэрийдлээр томоохон бизнес эрхлэгчдээр гарын үсэг зуруулж, Монголбанкинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгсөн болон хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулсан хэмээн буруутгаж байгаа юм.
Д.Энхтөр: Тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөрийг банкны хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулсан. Банкны нийт хөрөнгийн 20-иос дээш хувийг зээл хэлбэрээр олгосон. Ингэхдээ банкныхан дүрмийн санг нэмэгдүүлэх нэрийдлээр томоохон бизнес эрхлэгчдээр гарын үсэг зуруулж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм. Тус банкны удирдлагуудыг анх хэрэгт татах үед Эрүүгийн хуулийн 156.3 буюу Банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн буруутгаж байснаа өнгөрсөн гуравдугаар сард өөрчилж, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-өөр зүйлчлээд байгаа билээ. Энэ зүйл ангиар бол тэдэнд 10-15 жилийн хорих ял оноох ажээ.
Э.Гүр-Аранз: Тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранзыг энэ хэрэгт Н.Уламбаяр, Д.Энхтөр нартай адил зүйлээр буруутгаж байгаа. Үүнээс гадна 2008 оны сонгуулиар Завхан аймгаас бие даан нэр дэвших үедээ сонгогчдод нисдэг тэргээр нэг тэрбум орчим төгрөг тараасан. Энэ мэтчилэнгээр сонгуулийн ажилдаа хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөнөөс зүй бусаар ашигласан хэмээн буруутгаж байна.
Н.Даваа: “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Давааг хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг зүй бусаар ашигласан, дүрмийн сангаа нэмэгдүүлсэн хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх хэргээр хуулийнхан буруутгаж байгаа. Үүнээс гадна хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх хэрэгт холбогдуулаад байна. Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байсан юм.
Д.Баярсайхан: Дээрх хэрэгт албан тушаалаа ашиглан хуурамч IPO /хөрөнгийн зах зээл дээр анх удаа хувьцаа гаргах/ зөвшөөрөл олгосон хэргээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг сэжигтнээр татсан. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Хуурамч IPO гаргах шийдвэрийг би дангаараа гаргаагүй. СЗХ-ны удирдах зөвлөл хуралдаж, олонхийн саналаар шийдсэн” гэжээ. Энэ мэдүүлэг нь тус зөвлөлийн гишүүдийг сандаргаж магадгүй болоод байгаа. Тэрбээр мөн “Си Си Пи” брокер дилерийн компанийг 2007 оны наймдугаар сард байгуулж тус оны аравдугаар сарын 8-нд “Анод” банкыг хувьцаат компани болгохоор гэрээ байгуулж, хувьцааг борлуулсан гүйлгээнээс 2,5 хувийн шимтгэл авсан байдаг. “Анод” банк нийт 20 тэрбум төгрөгийн хувьцаа гаргасан гэхээр шимтгэлээс 500 сая төгрөг олсон байж таарах нь.
Р.Содхүү: “Анод” банкыг хувьцаат компани болгож IРО хийхэд хууль зөрчсөн хэмээн Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүүг буруутгаж байгаа. Тэрбээр Монголын хөрөнгийн биржийн Үнэт цаасны бүртгэлийн журмыг ноцтой зөрчжээ. Тодруулбал, “Анод” банкыг хувьцаа гаргах үед “Си Си Пи” брокер дилерийн компаниас Солонгосын “Шинань” банк стратегийн хөрөнгө оруулагчаар орж, 10 тэрбум төгрөгөөр хувьцаа авна гэж мэдээлжээ. “Шинань” банк нь энэ мэдээлэл худлаа болохыг албан ёсоор тус улсад суугаа манай улсын Элчин сайдын яамаар дамжуулан мэдэгдэж байжээ. Худлаа мэдээлэл түгээсэн тохиолдолд хувьцаа арилжихыг зогсоох эрх Р.Содхүүд байдаг ажээ. Гэтэл Р.Содхүү нь санаатайгаар СЗХ-ны дарга Д.Баярсайхантай хуйвалдаж хууль бус үйл ажиллагаа явуулсан нь хэмээн сэжиглэгдэж байгаа юм.
Ж.Ганбаатар: Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатарыг мөн энэ хэрэгт сэжигтнээр татаад байгаа. Монголбанкны Хяналт шалгалтын газар нь ажил үүргийн хувьд Тэргүүн дэд ерөнхийлөгчийн удирдлага дор хамаарагддаг ба арилжааны банкуудын үйл ажиллагаа, тайлан балансийг хянах үүрэгтэй ажээ. Гэвч хяналтад нь байсан “Анод” банк алдагдалтай ажиллаж, дампуурлаа зарлах хэмжээнд хүрсэн атал банкны үйл ажиллагааг зогсоогоогүй нь хувийн эрх ашиг байсан гэж сэжиглэхэд хүргэжээ. Ж.Ганбаатарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ЭХ-ийн 272 дугаар зүйл ангиар буруутгаж, АНУ-аас дуудан ирүүлээд байна. Тэрбээр “Анод” банктай холбогдох хэрэг дэгдэх үеэр мэргэжил дээшлүүлэхээр АНУ руу одсон ба тухайн үед түүнийг энэ хэрэгт албаныхан сэжиглэж байсан ажээ.
Н.Тогтохбаатар: Монголбанкны дотоод аудитын газрын дарга Н.Тогтохбаатарыг өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн “Анод”-ын гэх хэрэгт сэжигтнээр татаад байгаа. Түүнийг үүрэгт ажлаа хэр хангалттай явуулж байсан болон Төв банкнаас тогтмол явуулж байсан арилжааны банкуудын дүн мэдээг үнэн зөвөөр удирдлагууддаа хүргүүлж байсан эсэхийг нь хянаж байгаа ажээ.
Б.Энххуяг: “Анод” банкнаас хуурамч IРО гаргаж, хувьцаа эзэмшигчдийг хохироосон хэрэгт албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг сэжигтнээр татаад байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Энххуяг нь Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ “Анод” банкны хуурамч хувьцааг гаргахад хяналт тавиагүй, тус банк алдагдалтай ажиллаж дампуурах нь 2008 оны эхээр тодорхой болсон байхад банкны зөрчлийг арилгуулаагүй, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой байсан ч үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн. Энэ нь хувийн эрх ашигтай холбоотой байж болзошгүй гэж үзэхэд хүргэжээ.
Д.Дамба-Очир: УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Анод”-ын гэх тодотголтой энэ хэрэгт холбогджээ. Тэрбээр тус банкны удирдлагуудтай нийлж “Анод” банкны дүрмийн санг нэмэгдүүлэх буюу их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хэмээн холбогдох бичиг баримтад гарын үсэг зурсан гэгдэж байгаа юм. “Анод”-ын дүрмийн санг нэмэгдүүлэх гэж хөрөнгө оруулалт хигээгүй мөртлөө холбогдох бичиг баримтад гарын үсэг зурсан хэргээр буруутгагдаж байгаа аж.
Г.Алтан: “Алтжин” компанийн захирал Г.Алтан энэ хэрэгт томоохон зээлдэгчийн нэгээр татагдаад байгаа юм. Тэрбээр тус банкинд зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөөсөө илүү их хэмжээний мөнгө авч, банкны үйл ажиллагааг доголдуулсан гэх хэрэгг буруутгагдаж байгаа юм.
Дүүхээгийн Сүхээ: Монголын томоохон бизнесменүүдийн нэг энэ эмэгтэй ч мөн адил тус банкнаас их хэмжээний зээл авч, эргэн төлөлт нь удаашралтай байснаас банкны үйл ажиллагаа доголдоход хүрчээ.
М.Сонинпил: “Залуу Монгол” корпорацийн захирал М.Сонинпил энэ хэрэгт татагдаад байна. Тэрбээр тус банкны дүрмийн санг нэмэгдүүлэх нэрийдлээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Л.Чинбат: “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат тус банкнаас 5.5 тэрбум төгрөгийн зээл авсан ч уг зээлээ барагдуулсан хэмээн өөрт холбогдох хэргийг өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ утгаараа тэрбээр мөн л томоохон зээлдэгчдийн нэг болоод байна.
Ц.Мянганбаяр: Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард “Анод”-ын гэх энэ хэргээс салган шалгаж, одоогоос сарын өмнө прокуророос түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Б.Наранхүү: “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү энэ хэрэгт сэжигтнээр татагдсан ч түүнд холбогдох хэргийг эрүүгийн хэрэг биш. Хохирлын хэмжээ нь бага тул иргэний журмаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж шүүхийн шийдвэр гаргаад байгаа.
“Алтан Дорнод Монгол”: С.В.Паушок хэмээх орос эр манай арилжааны банкны дампуурлын хэрэгт мөн л оролцсон бололтой. Тэрбээр тус банкнаас их хэмжээний зээлийг өөрийн бие төлөөлөгчдөөр дамжуулан авсан тул түүний бие төлөөлөгчид энэ хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа юм. Энэ сарын 19-нд прокурорын хяналтаас нэмэлт мөрдөн байцаах ажиллагаанд буцсан “Анод” банкны энэ хэрэгт Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхжаргал болон СЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг татаж болзошгүй байгаа ажээ. Санхүүгийн зохицуулах хорооны зөвлөлд Сангийн яам, Монголбанкны нийт таван төлөөлөл багтдаг юм.
С.Энхзаяа
URL: