Эх хэлээрээ тусгаар тогтнолоо хамгаалсан монголчууд

Оросын эрдэмтэн Юрий Кручкин “Танай оросуудыг модны мөчир дээр сууцгааж байхад Гүрж Армен хоёр хэдийнээ бичиг соёлтой болчихсон байсан хэмээн нэгэн Гүрж хүн хэдий эвгүй ч гэсэн цаанаа сүрхий утгатай үг хэлж билээ. Гүрж Армен байтугай Монголын үсэг бичиг ч оросынхоос өмнө үүссэн, яагаад ч юм ихэнх нь саяхан л бий болсон гэж боддог” хэмээн хэдхэн жилийн өмнө телевизээр ярьж байсан билээ. Түүнийхээр бол, Кирилл номч багш 963 онд Болгар-Слав бичгийг зохион дэлгэрүүлэхээс өмнө монголчууд хэдийнэ үсэг бичигтэй болчихсон байжээ. Кручкин бол сайн боловсролтой эрдэмтэн.

Сүүлийн үеийн судалгааны байдлаас үзэхэд, монгол бичгийг тэр уйгур түшмэл Тататунга зохиосон гэх ч байтугай, ерөөс монгол үсэг бичиг Уйгураас уламжилсан гэдгийг ч эргэлзээтэй болгож байна. Хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Шагдарсүрэн “Монголчууд XIII зууны үед Согд үсгийг Уйгураас дам авч хэрэглэсэнгүй. Харин ҮI-ҮII зууны үед Монгол Уйгур хоёр одоогийн Тажикийн дээд өвгө Согд нараас нэг зэрэг /буюу ойролцоо/ үед үсэг бичиг авсан байж болох баримт гарч байна” гэжээ. Хэрэв Уйгурууд Ү зуунд Согдоос үсэг бичиг авсан гэж нотолж байгаа А. Махмутовын судалгааг дээрх баримттай холбон үзвэл, монголчуудын бичигтэй болсон он цаг даруй нэгэн зуунаар урагшилж одоогоос 1500-гаад жилийн өмнө болох юм.

Эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба гуай “Монгол үсгийн гарал үүсэл Нууц товчоог зохиохоос 1200-1500 жилийн урд буюу одоогоос 2000 гаруй жилийн өмнө үед холбогдоно гээд, харин XIII зууны үеэс уйгур бичгийн нөлөөнд орсон, өөрөөр хэлбэл, монгол бичгийг зориуд уйгур маягтай болгосон” гэсэн сонирхолтой гаргалгаа хийсэн нь доктор Шагдарсүрэнгийн дээрх дүгнэлттэй харьцуулж үзэхэд сонирхолтой байна.

Мөн монголчуудын үсэг бичигтэй болсон үеийг X зуунаар авч үзсэн Хятад эрдэмтэн Боушаны саналыг Чингис хааны XII дугаар үеийн дээд өвгө Боданчар мэргэнийг “Боданчарын улс иргэн маш олон болсонд бүгдийг Монгол Улс хэмээн нэрийдвэй. Сүн төр-лүгээ зохицон, судар бичиг эрдмийг туулвай. Соёлоор Монгол Улсын солигийг чин-дор хүргэвэй” гэсэн Урадын Мэргэн гэгээний “Алтан товч” түүхийн мэдээтэй харьцуулж үзэхэд он цагийн хувьд ойролцоо байгаа нь анхаарал татахгүй байж болохгүй юм. Боданчарыг нийтийн он тооллын 970 онд төрснийг заасан түүхийн мэдээ бэлхэнээ байна. Үүнээс үзвэл, юу боловч Боданчарын амьд ахуй үед монголчууд үндэсний бичиг үсэгтэйгээр барахгүй “Судар бичгийн эрдмийг туулах” гэдэг Монголын билэгтэй хөвгүүдийн оюуны их сорилго нэгэнтээ эхэлчихсэн байжээ.

Энэ нь зөвхөн уншиж бичих төдий биш, бичгийн утгачийн бүрэн боловсрол эзэмших гэсэн үг юм. Бичгийн эрдэмтэн, бичгийн утгач, бичгийн хүн гэсэн үг ухагдахуун, магадгүй энэ үеэс эхэлсэн ч байж болно. Ингэж үзвэл, монголчууд бичигтэй, бичгийн баялаг боловсон хэлтэй болсон цаг нь Боданчараас их өмнө байж таарна. Саяхан болтол монгол бичигтэй, сонгомол бичгийн хэлээ нийтээр мэдэж хэрэглэж байх цагт ерийн бичигтэн бичгийн боловсролтон хоёрын ялгаа их хол байлаа.

XIҮ дүгээр зууны их эрдэмтэн орчуулагч Чойжи-Одсэрийг хэлний эрхт, галиг үсгийг зохиосон эрдэмтэн дуун хөрвүүлэгч Харчины Аюуш ламтанг Ананда манжүшри гүүш, XҮII зууны их орчуулагч Гүүш цоржийг өгүүлэхүйн арслан, “Саран хөхөөний тууж” шүлэглэсэн роман зэрэг олон номыг яруу сайхан орчуулсан Агваандампилыг билэг танхай Дай гүүш, XҮIII зууны түүхч орчуулагч үзэмчин гүн Гомбожавыг дөрвөн хэлт, XX зууны эхээр “Юань улсын түүх”- ийн 210 ботийг хятад хэлнээс орчуулсан Дандаа хэмээх Чимиддорж агсаныг Дандаа шансан гэх мэтээр өргөмжлөн нэрлэж байсан баримт олныг дурдаж болно. Эдгээр бичгийн утгач нар бол үе үеийн соён гэгээрүүлэгчид байжээ.

Дундад зуун буюу XII-XII зууны үеийн монголчуудын бичгийн боловсрол ямар хэмжээнд байсныг илэрхийлэх гайхамшигт баримт бичиг бол 1228 /1240/ онд зохиосон Монголын нууц товчоо мөн. Монголчууд XIII зууны эхэн буюу 1206 он хүргэж байж сая тэр Тататунгагийн ачаар л үсэг бичиг гэгч юмны учрыг дөнгөн данган төсөөлөгчөө аядсан гэдгийг няцаах олон баримт байдгаас хамгийн ноцтой нь Монголын нууц товчооны хэл найруулга мөн болохыг судлаачид арга буюу хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээс ч аргагүй юм. Пагва ламын дөрвөлжин үсгийг улсын бичиг болгох гэж Хубилай хаанаас Тогоонтөмөрийг хүртэл 99 жил 11 хааны үе дуустал зүтгээд бараагүйтэй харьцуулахад 1228 онд Нууц товчоог зохиосон шиг тийм яруу тансаг, баялаг боловсон бичгийн хэлийг бүтээхэд ямар ч авьяаслаг ард түмэн байлаа гэхэд хорь байтугай хоёр зуун жил ч багадна гэдгийг ойлгоход нэг их ухаан хэрэггүй буйзаа. Дашрамд тэмдэглэхэд, Монголын нууц товчоог монгол хүн монгол бичгээрээ анх зохиосон гэдэг нь баталгаатай гэж болно. Түүнээс бүр хожим 1655 онд бичигдсэн Лувсанданзан гүүшийн “Алтан товч” түүхийн дотор МНТ-ны 282 зүйлээс 233 нь бараг үг үсгийн зөрөөгүй багтан орсон байдгаас үзэхэд тэр эрдэмтний гарт МНТ-ны монгол бичгийн бүрэн эх байсан гэдэг нь тодорхой юм.

Энэхүү их бүтээлийн нэр нь тодроогүй зохиогчоос гадна түүхэнд алдар гавьяагаа мөнхөлсөн тэр үеийн бичиг цэргийн гарамгай эрдэмтэн бол Татарын Шихихутаг мөн. Тэрбээр 1206 оноос Чингис хааны зарлиг тушаал, төрийн хууль цаазыг “Хөх дэвтэр”-т бичин тэмдэглэж байсан нь хожим алдарт “Их засаг” хуулийн эх суурь болсон гэдэг билээ.

XIҮ зууны үед зохиосон Рашид-Ад-Дины “Судрын чуулган”-ыг чухамдаа Болод чинсан тэргүүтэй зургаан монгол эрдэмтэн гардан бичсэн бөгөөд Ил хааны ордонд хадгалагдаж байсан “Алтан дэвтэр” хэмээх нууц түүхийг зохиолдоо ашиглажээ. 1343 онд Тогоонтөмөр хааны зарлигаар Тогтоо гэдэг бичгийн хүн Сүн, Алтан, Лео улсуудын түүхийг тус тус эрхлэн зохиосон бөгөөд тэрбээр алдарт Баян жанжны ач байсан гэдгийг судлаачид тэмдэглэсэн байна. Мөн зууны эхээр эрдэмтэн Чойжи-Одсэр Энэтхэгийн гүн ухааны зохиол ”Бодичарьяавадар”-ыг монгол хэлэнд орчуулж тайлбар хийснээс гадна “Зүрхэн тольт” хэмээх хэлзүйн зохиол бичиж монгол бичгийг боловсронгуй болгоход эргэлт гаргажээ.

Монголын бичгийн соёлд гарсан нэг томоохон амжилт бол Ойрадын Зая бандид Намхайжамц 1648 онд монгол бичгийг ойрад аялгуунд тохируулан тод монгол бичгийг зохиож богино хугацаанд асар олон номыг монгол хэлэнд орчуулсан болон өөрөө зохиосон явдал юм. Ерөөс Монголд бурханы шашин дэлгэрэхийн хэрээр монголчууд төвд хэлийг сурч судлах болон орчуулах ажил асар хурдтай хөгжсөн бөгөөд энэ нь яваандаа Монголын төвд хэлт утга зохиолыг бий болгосны зэрэгцээ монгол бичгийн хэлний өвөрмөц салбар болсон монгол сонгомол судрын хэл үүсэн хөгжсөн юм.

XIҮ зууны их гүүш Чойжи-Одсэрээс эхлэн, ялангуяа XҮI-XҮII зууны үеэс төвдөөр зохиол бичдэг, хоёр хэл рүү орчуулдаг бичгийн утгач нар олноороо төрөн гарчээ.

Монголын бичгийн мэргэд анагаах ухаан, одон зурхай, дуун ухаан, учир шалтгааны ухаан, гүн ухаан зэрэг тухайн үеийн шинжлэх ухааны бүх салбараар зохиол бүтээлээ туурвиж байсан боловч түүх бичих, ялангуяа улс үндэснийхээ түүхийг бүтээн туурвихад гойд анхаарч байсан нь цаанаа их нарийн учиртай юм. Монголын бичгийн утгач нар үүгээрээ монгол үндэстнийг харьд хайлан уусахаас хамгаалахад их гавьяа байгуулсан юм. Усны гурван зүрчид хэмээх Манж нар XҮII зууны эхээр Дорнод Азид хүчирхэг улсыг байгуулан, юуны өмнө 1624 онд Монголыг зүүн үзүүрээс нь залгиж эхлээд, 1636 онд Өвөр Монголыг, 1691онд Халх Монгол, Ховдын хязгаарыг, 1758 онд Амарсанаагийн бослогыг дарсаны дараа Ойрадыг эрхэндээ оруулж бүх монголчуудыг шороон түмэн хятадтай нэгэн гүрний харъяанд нэгтгэсэн билээ.

Энэ үеэс эхлээд Монголын бичгийн сэхээтэн эрдэмтэн мэргэд маань бага үндэстэн ястныг богино хугацаанд уусган устгах Хятадын аюулын эсрэг оюуны сөрөх довтолгоо хийсэн билээ. Тухайлбал: 1629 онд Лигдэн хааны зарлигаар Ганжуур хэмээх 108 боть бүхий их хүлгэн судрыг хөрвүүлэн дуусгаж 1636 онд Өмнөд Монгол, Манж Чин улсад арга буюу дагаар орсны дараахан 1640 оноос “Юань улсын түүх”-ыг 10 ботиор хураангуйлан орчуулж, улмаар 1655 онд Лувсанданзаны “Алтан товч“, 1662 онд Саган цэцэний “Эрдэнийн эрх”, Инжнаннашийн “Хөх судар” түүхэн романыг хүртэл манай түүх соёлын олон дорвитой бүтээл ар араасаа хөвөрч, 1691 онд Халх монгол харийн түрэмгийлэлд өртсөнөөс хойхно 225 боть Данжуурыг монголчлон барлаж, улмаар Хятадын алдартай бичиг зохиолыг олноор нь орчуулан гаргаснаар Хятад , Энэтхэг, Төвдийн утга соёлын урдаа барьдаг бүхнийг монгол хүн өөрийн хэлээр үздэг уншдаг болох тэр явц дунд монгол сонгодог бичгийн хэл бүрэлдэн тогтож хөгжин боловсорчээ.

Энэ бүхний дүнд монголчуудын үндэсний ухамсар сэргэн бадарч, харьд үл уусах оюуны дархлаатай болсон гэж зоригтой хэлж болно. Энэ бүхнээс эргэн бодвол, монголчууд төрөө алдаж төрсөн бие нь боол болсон ч үндэсний хэл бичиг, утга соёлоо улам эрчимтэй хамгаалан хөгжүүлж байсан нь тодорхой харагдана. Ингэсэн нь ер санамсаргүй тохиол биш, үндэсний өөрийгөө хамгаалах мухар сохор зөн совингийн төдий бус, харин ч эртний Хүннүгээс эхтэй Монгол төрийн алтан хайрцгийн бодлого, түүний эчнээ үргэлжлэл, хэл соёлоо хадгалж хамгаалж үлдсэн ард түмэн хэзээ нэгэн цагт сэргэн мандана хэмээх Монголын түүхийг нэвт сүлбэж гарсан асар холын тусалттай номт төрийн гүн ухаан гэвэл зохилтой.

Өнөөгийн даяаршлын эринд ялангуяа монгол шиг хүн цөөнтэй үндэстэн эх хэлээ, утга соёлын уламжлалаа хамгаалж үлдэх нь нэн чухалтай болжээ.

Ахмад багш: Д.Дамдиндорж


URL:

Сэтгэгдэл бичих