Н.Цэвэгням тайлбар хийж, өөрийн түүхээ хуучлав
Мэргэжлийн сүмогийн Аки башё найм дахь өдрөө үргэлжилж байна. Найм дахь өдрийн гол онцлох хүн нь түрүү сард зодог тайлсан Кёкүтэнхо Нямжавын Цэвэгням байлаа. Ошима ояката болсон тэрбээр өчигдөр Их аварга, Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноумигийн хамтаар тайлбар хийн. хүндэт зочноор уригдсан юм. Сүмо бөхийн тайлбарлагч Төмөрбаатарын дүгнэсэнээр уригдсан зочдоос “хамгийн их яриа зочин” хэмээн үнэлүүлсэн Кёкүтэнхогийн сүмогийн түүхэн дэх туулсан замнал нь үзэгчдэд сонин байсан бөгөөд Аки башё түүний төрсөн өдрөөр эхэлсэн юм.
Түүний анх мэргэжлийн сүмод орсон үеэс эхлэн зодог тайлах үе хүртэл бүх л түүхийг өчигдөр Их аварга Китаноуми, Кёкүтэнхо, NHK телевизийн тайлбарлагч нар хүүрнэсэн юм. Монгол бөхчүүдээс Их аварга Таканоханаг өвдөг шороодуулсан ганц бөх, Дээд зиндаанд барилдсан тоогоор 2-т, Дээд зиндаанд давсан тоогоороо нэгт гээд түүний тухай яриад байвал дуусашгүй байлаа. Их аварга Китаноуми түүнийг озеки болох боломжтой бөх байсан анх гарч ирэхэд нь Тайхо аваргатай адилхан байсан хэмээн үнэлж байснаа ярьсан юм.
Түүний талаар Их аварга Хакүхо “Монголд байхаас эхлээд хүндэлдэг байсан. Одоо Багш болоод олон мундаг шавь бэлтгэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилцлага өгсөн нь хүртэл гарсан юм. Мөн хамтдаа сүмод элсэж, хамт зодог тайлсан Ваканосатогийн тухай яриа ч нэвтрүүлэгийг чимж байлаа.
Ошима оякатагийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
URL: