Дахин зээл авбал Монгол Улс дампуурна !!!
Монгол Улсын эдийн засаг энэ байдлаараа байвал тун удахгүй туйлдаа хүрэх бололтой. Үр ашиггүй хэрэгжиж буй төсөл хөтөлбөр болон найр наадам, зугаа цэнгэлд зориулж татвар төлөгчдийн цөөхөн хэдэн төгрөгийг хайр гамгүй цацаж байна.
Оны эхээр Хятадын Синхуа агентлага манай улсыг 2017 онд дампуурна гэж дүгнэсэн. Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэсэн уриатай Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд ч нөхцөл байдал дээрдсэнгүй. Бараг л дордов. Төлбөрийн тэнцлийн хямрал хэмээн ард түмний тайвшруулж байсан цаг саяхан. Харин одооо гишүүд болон эдийн засагчдын амнаас энэ маягаараа удвал тун удахгүй эдийн засаг маань “элгээрээ хэвтэж” магадгүй гэсэн үгс унагаж эхлэв.
Ам.долларын үнэ ахиад өдрөөс өдөрт өсч эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт хоёр мянган төгрөг даваад байсан ам.доллар хоёр, гуравхан төгрөгөөр буурлаа. Ойрын өдрүүдэд дахин нэмэгдэхгүй гэх баталгаагүй. Ерөнхий сайдын өнгөрсөн хавар долоо хоногийн дотор олж ирсэн найман тэрбум ам.доллар хаачсан бэ. Яагаад ам.долларын ханшийг “хазаарлаж” чадахгүй байна вэ. БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын зээл өгөх болсон. Оюутолгой төслөөс 6 тэрбум ам.долларын асуудал шийдэгдсэн. Мөн Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Дубай хотын CIB гэх банк санхүүгийн томоохон групптэй гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Монгол Улсад Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Ингээд долоохон хоногийн дотор манай эдийн засаг руу 8 тэрбум ам.доллар орж ирэхээр болоод байгаа юм.
Одоо яах вэ. Яаж эдийн засгаа эргүүлэн сайжруулах вэ гэтэл дахин зээл авах арга байгаа гэнэ. Тийм зөвшөөрлийг өгсөн аж. Нөгөө дахиж зээл авахгүй гэж ам тангараг өгөлцсөн УИХ дахиад 5 тэрбумын зээл авахыг зөвшөөрчээ. Их хурлын даргын хэлж буйгаар үүнийхээ 1.5 тэрбумыг нь авсан байна. Тиймээс үлдсэн 3.5 тэрбум төгрөгийн зээлийг авах боломжтой аж. Нөгөө өрийн тааз хэд эд хүрэх вэ. Одоогийн байдлаар Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2.36 тэрбум ам.доллар байгаа. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурсаны улмаас ашигт малтмалын экспорт өдрөөс өдөрт буурч эхэлсэн. Үүнийг дагаад манай орны гадаад валютын нөөц багассаар байна. Монголын экспортын 90 хувь нь зэс, нүүрс, бусад ашигт малтмалаас бүрддэг. Эдгээр ашигт малтмалуудын ханш нь цаг ирэх тусам буурч байна.
Тун удахгүй эхлэх намрын чуулганаар хамгийн түрүүнд хийгдэх зүйл бол төсвийг тодотгол. Өнгөрсөн жил хийсэн бүх тооцоолол нуран унасан. Дахин “танаж, хасч, тайрахгүй” бол болохгүй нөхцөл байдалд хүрсэн. Үүнийг ч Сангийн сайд Б.Болор зөвшөөрсөн. Тиймээс ажлаа аваад хамгийн түрүүнд төсвийн тодотголоо хийнэ гэсэн юм. Мөн дээрээс нь нэмэгдээд намрын үр тарианы ургац тааруу байгаа. Муугаар бодоход өвөлдөө зуд турхан ч болох магадлалтай байгаа. Хэрэв тэгвэл манай эдийн засаг улам л дордоно гэсэн үг. Тиймээс үр ашиггүй зардлаа танаж, зээл авахаас өөр арга бодохгүй бол Монгол Улс магадгүй 2017 он гэхэд дампуурж ч магадгүй юм. Дампуурна гэсэн дүгнэлтийг УИХ өрийн таазыг 58.3 хувь болгож төсвийн тогтвортой байдлын хуулиа батласаны дараа мэдээлсэн гэдгийг санах нь зүйтэй. Одоо дахин зээл авбал өрийн тааз энэ дүнгээс өсөх нь тодорхой.
Г.Ган
Эх сурвалж: Zaluu.com
URL: