“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 35 дахь дугаарын тойм
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолыг тус тус нийтлэв.
Мөн дугаарт, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолыг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталжээ. Үүгээр, нийт аймгийн хэмжээнд 29454 тонн өвс, 11115 тонн тэжээл бэлтгэхээр тогтоожээ.
Түүнээс гадна цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах зорилгоор БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлсэн бага оврын тракторыг орон нутгийн иргэд, хоршоод, аж ахуйн нэгжийн захиалгыг авсны үндсэн дээр хөнгөлөлттэй зээлээр олгох, эргэн төлөлтийг банк, санхүүгийн байгууллагатай хамтран зохион байгуулах, аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, түргэн тусламжийн машин, багаж хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх, нутагтаа болон отроор өвөлжиж хаваржих малчдад эрүүл мэндийн явуулын үйлчилгээ үзүүлэх хуваарь гарган аймаг, сумын эмнэлгийн бэлэн байдлыг хангах арга хэмжээ авч ажиллах зэрэг үүрэг, даалгаврыг холбогдох албаны хүмүүст өгсөн байна.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор “Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журам”-ыг баталжээ. Энэ журмаар урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөл ямар байх, орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргуулах иргэнд ямар шалгуур үзүүлэлт тавигдах,, иргэний хүсэлтийг хэрхэн хянан шийдвэрлэх, орон сууцны ипотекийн зээлийн баталгааг яаж тайлагнах, хяналт тавих зэрэг асуудлыг журамлажээ.
Мөн тогтоолоор, Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын 2.2-т “Ипотекийн зээлийн хугацаа нь 20 хүртэл жил байна.” гэсний дараа Засгийн газрын 2015 оны 256 дугаар тогтоолд заасны дагуу худалдан авсан орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувь нь зээлийн баталгаанд хамрагдсан иргэний ипотекийн зээлийн хугацаа нь 30 хүртэл жил байна.” гэж нэмсэн байна.
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ.
Энэ заалтын “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах…” гэсний ”…томилогдсон…огцруулах…” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргажээ.
URL: