Хорих 421-р ангийн хүмүүжигчид 1100 гаруй айлын орон сууц барьжээ
Хорих 421-р ангийн 50 жил энэ онд тохиож байна. Анх 1965 онд ногооны зоорь барих, засварлах зориулалтаар тухайн үеийн сайд нарын зөвлөлийн хурлын тогтоолоор байгуулагдсан тус хорих ангийнхан ойн баяраа энэ өдрүүдэд тэмдэглэж байна.
Өнөөдөр тус хорих ангид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан болон одоо үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
Ажиллаж хөдөлмөрлөж байсан байгууллагынхаа 50 жилийн ойгоор “онц тээвэрчин” болж, “Дайчин алдар”, “Эх орны төлөө” медалиар энгэрээ цоолуулсан, салбарын яамны жуух бичгээр шагнуулж байгаа эдгээр ахмадууд хоригдлуудыг хянаж, цагдах ажлын хажуугаар бүтээн байгуулалтын томоохон ажлуудад гар бие оролцож явснаа дурсаж байна. Тэдний хувьд 500-1500 тоннын багтаамжтай ногооны зоорь 30 гаруй, 5000-8000 тоннын багтаамж бүхий махны мөсөн агуулах 10 орчмыг барьжээ.
Ял эдлэгсдийг нийгэмшүүлж, хөдөлмөрөөр хүмүүжүүлэн мах, ногооны зоорь барьж эхэлсэн хорих 421-р анги хүмүүжигчдээ 30-аад жилийн өмнөөс орон сууц, цэцэрлэг, сургуулийн барилга барих ажилд оролцуулдаг болсон юм байна. Өнгөрсөн хугацаанд томоохон цогцолбор барилга 100 гаруйг, орон сууцны 1100 орчим барига барьж ашиглалтад оруулснаас гадна “Улаанбаатар их сургууль”-ийн байр, Мөнххаан оргил компанийн зочид буудал, Толгойтын хүнсний бараа бааз зэрэг олон барилгын ажилд хүмүүжигчдээ ажиллуулсан байна. Ийм хэлбэрээр төмөр торны хаалга татаж, алдсан нэгнийг засан хүмүүжүүлэх, ажилд жуучлах ажлууд хийгдэж байна.
Эх сурвалж: New.mn
URL: