Тэрбум ам.долларын мөрөөдөл

170172-18092015-1442558485-124812319-1-Монгол Улс жилд 100 мянган тонн мах бэлтгэх хүчин чадалтай-

Гурван сая хүн, 70 сая мал. Мал аж ахуй нь манай улсын экспортын салбар болохыг эдгээр тоо илтгэнэ. Тэр ч бүү хэл 700-гаад тэрбум төгрөгөөр тасарсан төсвийн цоорхойг нөхөх нэг арга нь махны экспорт гэж Засгийн газар үзэж байна. Тиймээс урд хөршид тэрбум ам.доллар, ОХУ-д үүнээс багагүй хэмжээний үнийн дүн бүхий мах экспортлох хүсэлтээ илэрхийлсэн. Улмаар хил дамнан мах худалдах асуудлыг ойрын үед шийдэж өгөхийг хоёр хөршөөсөө хүссэн юм.

Хэрэв энэ хүсэлтийг тэд ойрмогхон шийдэж, манайхаас мах авна гэвэл бид яах вэ? Бид ойрын үед мах экспортолж чадах уу гэсэн асуулт урган гарна.

Мэдээж, бидэнд хангалттай мал сүрэг бий. Мөн бэлчээрийн даац хэтэрсэн тул махаа гадагш худалдах шаардлага ч бий. Харин хэдэн малаа амьдаар нь хил тууж давуулахгүй тул түүнийг хүнсэнд бэлтгэх хэрэгтэй. Тэгвэл хүнсэнд бэлтгэх хүчин чадал маань хэр байна гэх дахин нэг асуулт тулгарч байна.

Монгол Улсад өдгөө мал төхөөрөх, мах боловсруулах 30 гаруй үйлдвэр бий. Мал төхөөрөх үйлдвэрүүд жилд 100 мянган тонн мах бэлтгэх хүчинтэй чадалтай.

Мал авах хөрөнгө хувийн хэвшлийнхэнд алга

Тэгэхээр бид бүрэн хүчин чадлаараа ажиллавал өмнөх онуудаа хэд нугалахаар мах экспортлох боломжтой.

Өнгөрсөн онд манай улс 2200 тонн мах хилийн чанадад экспортолж, долоон сая ам.доллар олжээ. Тэгвэл “20 жилийн өмнө 25 сая малтай, гурван үйлдвэртэй байхдаа бид 55 мянган тонн мах экспортолж байлаа. Тухайн үед 50 сая малтай, 10 үйлдвэртэй болохсон гэж мөрөөддөг байсан. Өдгөө малын толгой, үйлдвэрийн тоо хэд дахин өсөөд байхад экспортолсон махны хэмжээ итгэхийн аргагүй буурчээ” гэж энэ салбарт 30 орчим жил ажиллаж буй нэгэн ахмад халаглан ярьж байна.

Нэг үеэ бодоход манай махны чиглэлийн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, технологи дэлхийн жишигт хүрснийг салбарынхан онцолдог. Тэрчлэн технологиор тэргүүлэгчдийн нэг Японд хүртэл байхгүй тоног төхөөрөмжтэй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэр ч Монголд байдгийг арлын орны иргэд хэлж байсан юм. Гэвч энэ тоног төхөөрөмжөө ашиглалгүй, тоосонд даруулсаар байна. Аргаа барсан үйлдвэрлэгчид өнөө дэвшилт технологиороо муур, нохойн хоол үйлдвэрлэн, хилийн чанадад нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа учирлаж байсан.

Өөрөөр хэлбэл, их хэмжээний хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд нам гүмхэн завгүй намрыг өнгөрөөж байна. Хааяа нэг төрийн түшээд, гадныхан зочилж, үйлдвэрийн сайныг магтан, салхи оруулахаас цаашгүй.

Үүнтэй зэрэгцээд мах бэлтгэл ч оройтож байна. 2-3 компани л мал бэлтгэлээ эхлүүлсэн гэж Монголын махны холбооноос мэдэгдэж байсан.

Энэ дунд манай томоохон таван үйлдвэр төрөөс авах авлагаа хүлээн, махаа бэлтгэж чадахгүй байгаа аж. Тэд 2014, 2015 оны нөөцийн махны үйл ажиллагааны зардал болох 16 тэрбум төгрөгийг Засгийн газраас авах ёстой. Гэсэн ч төсөв хүндэрсэн гэх шалтгаанаар өнөөг хүртэл олгоогүй байна. “Санхүүжилт авч байж махаа бэлтгэж эхэлнэ. Есдүгээр сард багтаан шийдэж өгөхийг хүлээж байна” гэж “Мах маркет” компанийн гүйцэтгэх захирал Л.Болор хэлсэн.

Хааяа нэг төрийн түшээд, гадныхан зочилж, салхи оруулахаас цаашгүй

Хэдийгээр цөөн үйлдвэр боловч малын махаа худалдахаар ярьж буй Засгийн газар маань махны экспортод саад болж буйн нэг жишээ энэ.

Өмнө нь бид хоёр хөрштэй хорио, цээрээ тохирч чадаагүйгээс мах экспортолж чадахгүй байна гэдэг байсан. Харин өдгөө энэ асуудал бүрэн биш ч түр шийдэгдээд байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр хөршийн малын ерөнхий эмч нар Монголд ирсэн. Энэ үеэр хоёр улсын мэргэжлийн байгууллагатай тохиролцвол Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрлийг хүлээлгүй мах экспортлох боломжтой гэдгийг мэдэгдсэн.

Мөн мал эрүүлжүүлэх ажил ч урагштай байгаа. Хэдийгээр бүтэц, удирдлага, боловсон хүчин зэрэг шийдвэл зохилтой олон асуудал байгаа ч энэ чиглэлд ахиц дэвшил гарсныг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Мал эмнэлгийн бодлогын мэргэжилтэн С.Дивангар хэлсэн.

Мөн Улаанбаатар хотод болж буй Ази, Номхон далайн орнууд малын ерөнхий эмч нарын чуулганы үеэр Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Бернард Валлет “70 сая малын эрүүл мэндийг хамгаалах ажилтны тоо цөөн байгаа нь Монгол мал эрүүл гэдгийг батлах итгэл үнэмшил төрүүлэхгүй байна” гэж мэдэгдэж байсныг энд сануулъя.

Гэхдээ бидэнд хүчин чадал, худалдан авагч, түүхий эд гээд Монгол малын махыг экспортлох бололцоо бүрдэж байна. Гэвч үйлдвэрүүдийн агуулах хоосон хэвээр. Өөрөөр хэлбэл, малчдаас мах авах хөрөнгө хувийн хэвшлийнхэнд алга. Мөнгө олно гэж ярьж буй Засгийн газар эхлээд энэ салбартаа мөнгө өгөх хэрэгтэй болох нь. Урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох шаардлагатай байгааг Монголын махны холбооныхон уламжилж байна. Ингэж байж тэрбумаар тоологдох орлогоо бид бодитоор олох бололцоо бүрдэх нь.

Түүнчлэн улс төрийн түвшинд хэдэн ч саяар тоологдох тонн мах экспортолно хэмээн хэлэлцэж болно. Гэхдээ энэ нь яг ийм хэмжээний мах баталгаатай экспортолно гэсэн үг биш. Үүнийг өмнөх түүх ч гэрчилнэ.

Улс төрийн түвшинд мах экспортлох талаар бид хэдэн улстай, хэчнээн удаа ярьсан билээ. Ярьснаар болдог бол манай улс махны экспортоос тэрбум ам.долларыг давсан мөнгө олох байлаа.

Төрийн өндөр, дээд түвшний хэлэлцээрийн дүн нь хэрэгжихдээ хэд дахин буурдаг нь дотоодын боломжоо сайтар тооцоогүйтэй холбоотой хэмээн салбарынхан ярьж байна.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих