Ж.Лхагва: Нутгийн айраг
Жолооч ах маань будаа зөөхөөр нутгаас ирж , их ажлын эргэлтэд тэрэгнийх нь дугуй хөрч амжилгүй нэгэн сар болно. Ах маань энэ жил бас л ирж надад нэг хөхүүр айраг авчрав.
Ээжийн явуулсан айрганд аавын адуу багтаад ирсэн мэт санагдана. Цээлийн нууранд олон адуу шаагин ороход Хангийн булагаас зорьж ирээд амарч амжаагүй лам шувуунууд усаа харамлах мэт орь дуу тавин нисч, адуун дээгүүр хэдэнтээ өнгөрөхүй , усны захад хулган зогссон хэнз халтар унага тэдний сүүдрээс цочрон давхийж , түүнийгээ булзааруулахын тулд эргийн ногоон зүлгэн дээгүүр монгочин давхина. Хөгшин хонгор , уснаас зайдуу нарлан зогсож бодолд дарагдана. Тэрбээр ирэх намрын нарыг үзэх билүү? үгүй билүү? Гэж энэхүү холдож байгаа нарны цацрал бүхнийг тийнхүү хүндлэх бүлгээ.
Хэнз халтрын эх улаан хээгч гүү ус өвчүүнд хүрэхэд эргэн үүрсэж , орж болохгүй гэсэн дохио өгнө.
Aагаа багтааж ядсан тарган байдаснууд нуурын гол руу их л лав ороход адууны зах барьдаг асман зээрд хойноос нь очмоор санагдавч хээр азарганаас баахан эмээнэ. Тэгээд азаргыг хялалзан “ энэ муу хөгшин хээр норсон дэлээ даахгүй” гэж сэм бодовч , ноднин жилийн хазуулсан хөндүүр гараагүй тул албаар ус цавчлан бодлоо сарниулж нүглийг умартана.
Хөгшин хонгор дөш мэт толгойгоо данхагнуулан үүрэглэнэ. Түүнд сумын наадамд түрүүлсэн жилийн нь баяр зүүдлэгдэнэ. Сүүлийн үед зүүдлэх бүрийдээ энэ л намрыг зүүдлэх бөгөөд наран улам холдох тусам түүний зүүдний араас нь нэхэн хөөх морьдын төвөргөөн улам ойртон сонсогдох болжээ.
Энэ удаа арын морьдод хариугүй гүйцэгддэгийн даваа нь дээр бахардан сэрвэл адуу хураах хүн гуагчин давхиж айсуй.
Олон адуу уснаас шаагин гарч саамын зэл рүү цувахад сагагнаас нь ус дуслан онгож байгаа өвсөнд адууны мөрөөр шүүдэр үлдэнэ.
Сэлэнгийн шар намар: замын тоос , ажлын цуурай тэнгэрт хадаж ахын авчирч өгсөн хөхүүртэй айраг усанд орж байгаа адуу шиг шаагина.
Сүхбаатар хот. 1969 он
URL: