“Номын баярын өдөр” болно
“Номын баярын өдөр”-ийг энэ сарын 19-нд Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбайд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Энэхүү баярыг нийслэлийн бүх дүүргүүд, 21 аймаг, сумдуудад нэгэн зэрэг тэмдэглэхээр босон байна.
Өдөрлөгийн хүрээнд “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт болох юм байна.
Түүнчлэн номын 20-50%-ийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номон шагналтай тэмцээн уралдаанууд болох юм. Чингисийн талбай дахь Номын баярын өдөрлөг бямба гарагийн 10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нээлт 11.40 цагт болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном, эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.
М.Март
URL: