Сэтгэл нь хэтэвч шигээ хоосорлоо гэж үү, монголчууд минь дээ…
Бүсгүйг адгийн хараалаар хараагаад зогсохгүй, “хүчиндэнэ” хээмэн хоолойн хэрээр хашгирах залуу, гэм зэмгүй атлаа бүхий л адгийн үд сонссондоо итгэж ядан алмайрах бүсгүй… шуудхан хэлэхэд өнөөдрийн нийгэмд хаа сайгүй таарах болсон дэндүү харамсмаар гаж зүйлүүдийн нэг гэж хэлэхэд нэг их буруудах зүйлгүй санагдана. Анзаараад байхад сүүлийн үед монголчууд маань их ууртай, бухимдуу, бас асч боссон араншинтай болчихож. Эргэхийн зуургүй асгарч дэвэрдэг сүү шиг, эгээ л эвийн сэтгэлгүй ассан араншинтай хурц хүмүүс байж болж… Уурлаж бухимдалгүй яах вэ. Гэвч аливаа зүйлд хэм хэмжээ байх ёстой санагдана. Ийн хэлэх болсон нь учиртай. Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээллийн дийлэнх нь уураа барьж ухамсараа жолоодож сураагүй монгол залуусын талаар байх болов. Тогоо хэдий хумбан ч дэвэрч асгарсан сүүг тогтоож үл дийлнэ гэдэгсэн монголчууд. Яг л үүн шиг, өөрийгөө барьж үл дийлсэн аагтай ууртай залуус хотын гудамжаар нэг хөлхөлдөх болсон бололтой.
Бороотой өдөр замын дэргэдүүрхэн алхвал бодлогогүй ойворгон залуусын машины дугуйнд цацрах шалбаагтай усанд цохигдох энүүхэнд. Гэтэл энэ багадсан юм шиг замын голд нэгнийгээ мөргөх шахаж тулж зогсчихоод л хоолойныхоо хэрээр аманд орсон хараал бүхнийг урсган, нэгнийгээ заамдан авсан залуус олширов. Ийм дүр зураг хаа сайгүй болсоныг цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа өдөр бүхний мэдээллээс харж болно.
Тухайлбал, өнгөрсөн хоногт цагдаагийнханы хэлээр бол бусдын биед гэмтэл учруулсан, иргэн бидний энгийн ойлголтоор бол гэм зэмгүй нэгэндээ гарын бяр, амны хараалаа үзүүлсэн хэрэг 10 бүртгэгдсэн байв. Бүртгэгдэн шалгагдаж байгаа хэргийн дийлэнх нь архи уугаагүй атлаа уурандаа согтож, аашиндаа бахардаж, нэгнийхээ эрх чөлөөнд халдсан хэрэг эзэлж байх юм. Мэдээж аашийг нь барж, авирыг нь тодруулсан гол буруутан байж таарна. Тиймээс би вээр тэрхүү буруутанг эрж хайснаар олсон нь “замын түгжрэл, эсвэл нэг л өглөө 700 болж 200 төгрөгөөр тэнгэрт хадан, хаданд авирсан таксины километрийн үнэ” байх аж…
Өнгөрсөн өдрийн 90.00 цагийн орчим 10 дугаар хорооллын автобусны буудал дээр зүс таних Ганбаатар гэгч УБТ 23-19 дугаатай микробусаар гүйцэж түрүүлж ирээд “яагаад шахаад байгаа юм бэ” гээд нүүрэнд цохиж, гэмтээлээ” гэж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн “Тайж-Бус“ ХХК-ний жолооч А.Батнасан гэгч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байв. 40 настай энэ эр хүнийг цохиж зодсон залуу нь дөнгөж 20 гаруйхан насны залуу байсан нь харамсал төрүүлэв. Гэтэл энэ өдөр мөн л цагдаагийн байгууллагад нэгэн хэрэг бүртгэгдсэн нь Сонгинохайрхан дүүрэгт. Тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг Жанцангийн буудал дээр 23:00 цагийн үед УБТ 57-60 дугаартай машины жолооч бусадтай бүлэглэн “Таксины мөнгө дутуу өгсөн байна хэмээн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэн 25 настай залуу Ч.Гантулгыг зодож, гэмтээжээ. Монголчууд ялихгүй юмнаас ямааны гарз гэдэгсэн… Энэ үгийг санаж явахад буруудахгүй л санагдах, яана даа, ууртай омогтой, бэл нь ч сэтгэл нь ч ядуурсан монгол зон минь дээ…
Б.Мандухай
URL: