Сэлгэн суулт хэзээ үнэгүй болох нь тодорхойгүй байна
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд иргэд “U Money” цахим карт ашигладаг болсон. Гол нь иргэд цахим карт авснаар хоёр болон түүнээс дээш удаа автобусанд дамжин суусан тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлэх байсан. Гэвч энэ хөнгөлөлт хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна.
Энэ талаар “Улаанбаатар смарт карт” компаниас тодруулбал, “Нийслэлийн удирдлагууд шийдвэрээ гаргахыг хүлээж байна. Бидний хувьд гүйцэтгэгч компани. Тиймээс нийслэлийн шийдвэр хэзээ, хэрхэн гарахаас шалтгаална” гэв.
Нийтийн тээврийн цахим шинэчлэлтэй холбоотойгоор долдугаар сарын нэгнээс автобусны маршрутыг богиносгосон билээ. Үүнээс үүдэн иргэд нэг автобусаар явдаг газарт дамжин суудаг болсон юм. Тухайн үед нийслэлийн удирдлагуудын зүгээс “30 минутын дотор дараагийн автобусандаа дамжин суусан тохиолдолд карттай иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ” гэж мэдэгдэж байсан. Гэвч энэ мэдэгдлээс 14 хоногийн дараа “Нийслэлийн тээврийн газар алдагдалтай ажиллаж байна. Ялангуяа нийтийн тээврийг цахим системд шилжих ажлын явцад их хэмжээний алдагдал үүссэн. Ийм үед дамжин суултыг хөнгөлбөл алдагдал нэмэгдэнэ” гэж мэдээлсэн.
Ямартай ч нэг автобусаар хүрдэг газартаа хоёр дамждаг гэж бухимдах иргэд багагүй байна. Хэдий тийм ч дамжин суултын хөнгөлөлт хэзээ эхлэх нь тодорхойгүй л байгаа аж.
URL: