“Удирдлага”-гүй худалдааг Эрдэс баялгийн бирж “зална”

167216-06082015-1438819594-2063106540-uurxai-Эрдэс, түүхий эдийн өрсөлдөх чадвар дээшлэх боломж-

Нүүрсээ борлуулахын тулд олборлодог. Олборлосон нүүрсээ үнэд хүргэх шаардлага бидний өмнө тулгарч эхэлсэн. Хямд үнээр хоорондоо өрсөлдөх урьдын “болхи” худалдаа одоо явц муутай болсныг Эрдэс баялгийн эдийн засагч Д.Галсандорж хэлж байна. Манай улсын хувьд эрдэс түүхий эдийн худалдаа нэгдсэн зохион байгуулалтгүй явж ирсэн гэх. Энэ байдал үргэлжлэх тусам худалдааны үр өгөөж буурч, гадаад худалдааны алдагдалд нэрмээс болж байгаа юм. Тиймээс нэг цонхны бодлогын хүрээнд Эрдэс баялгийн бирж байгуулахаар болоод байна.

Учир нь, уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулахад зах зээлийн шударга өрсөлдөөний зарчим үйлчлэхгүй байгаа явдал. Үүнээс болж бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур тогтох болсон. Экспортын голлох бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Гэвч хямд үнэ ноёрхсон хэвээр байгаа нь дотоодын аж ахуйн нэгжийг туйлдуулах болов. Дэлхийн эрдсийн зах зээлийн ханшийн уналт дээрх байдлаас болж улам хүчтэй ч нөлөөлж байна.

“Уул уурхайн салбарт металлын бирж чухал үүрэг гүйцэтгэж ирсэн” хэмээн салбарын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү онцоллоо. Тэрбээр “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт бирж байгуулах асуудлыг тодорхой тусгасан. Биржийг хувийн хэвшлийн хөрөнгөөр дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийн түншлэлд тулгуурлан байгуулна” гэж тодотгов. Монголын хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн биржийн дараа орох Эрдэс баялгийн бирж ирэх оны эхний улиралд туршилтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөжээ.

Түлхүүр гардуулах нөхцөлөөр бирж байгуулах бөгөөд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ оны дөрөвдүгээр улиралд зохион байгуулахаар Ажлын хэсэг товлоод байна. Уул уурхайн яам болон Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яам, мэргэжлийн холбоодоос бүрдсэн Ажлын хэсэг Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хамтран боловсруулжээ. Энэхүү хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, УИХ-ын ирэх Намрын чуулганд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Мөн Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг боловсруулж байгаа аж.

Эрдэс, түүхий эдийн нөөц багатай Зүүн Европын далайд гарцгүй орнуудын нэг нь Беларусь. Тус улсын Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагаа өдгөө жигдэрч, арилжааны жилийн үзүүлэлт нь хоёр тэрбум ам.доллар давчихаад байна. Энэ нь амжилттай ажиллаж буй биржийн сайн жишээ.

80 гаруй төрлийн ашигт малтмалын 1470 орд, 8240 орчим илэрц бүртгэгдээд байна

Хамгийн ойрын жишээ гэвэл БНХАУ-ын Тяньжин, Шанхайн биржийг ч нэрлэж болох юм. Манай орны хувьд эрдэс баялгийн арвин нөөцтэй тул бирж амжилттай ажиллах боломжтой гэж Д.Галсандорж үзэж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг идэвхжүүлэх боломжит арга хэрэгслүүдийн нэг нь Эрдэс баялгийн бирж гэж тодорхойлсон байдаг. Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцүүлэх эрэлт, хэрэгцээ бий. Түүнчлэн шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулна гэж хуулийн төсөлд дурджээ.

Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх “Зах зээлд түүхий эдийн үнэ тааруу байна гээд бирж байгуулах ажлаа орхигдуулж болохгүй. Бирж үр ашигтай ажиллахын тулд удирдлагын багийн менежмент чухал” хэмээн сануулсан юм. Харин “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран “Эрдэс баялгийн бирж байгуулах гэж байгаа нь цагаа олоогүй ажил. Манайд бирж байгуулах нөхцөл бүрдээгүй. Зарим орны биржүүд татан буугдаж байна” гэж өөрийн байр сууриа илэрхийлэв. Манай улс дэлхийд эрдэс баялгийн нөөцөөрөө эхний аравт багтаж байгаа талаарх статистик бий. Одоогийн байдлаар 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1470 орд, 8240 орчим илэрц бүртгэгдээд байна.

Уул уурхайн яамны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Эрдэс баялгийн бирж байгуулах Ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаяр “Зах зээлийн жишгээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг Эрдэс баялгийн бирж олгодог. Экспортын үйл ажиллагааг нэгдсэн нэг цонхны бодлогоор зангидах шаардлага гарч байгаа. Биржийн нийт арилжааны 80 орчим хувийг санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжааны дүн эзэлнэ. Үлдсэн хувьд нь эрдэс түүхий эдийн биет худалдаа зонхилно. Түүхий эдийн үнэ уруудах тусам манай экспортын бүтээгдэхүүний үнэ дордож байна” гэж ярьсан юм.

Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааг хуульчлах юм. Ингэснээр эрх зүйн орчин бүрдэхээс гадна нийлүүлэгч, худалдан авагчдыг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтоно гэж судлаачид үзэж байна. Үүнээс гадна арилжааны болон ханшийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарласнаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах давуу талтай гэнэ. Улмаар Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшлэх боломж үүгээр бий болно гэж Н.Энхбаяр тайлбарлалаа.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих