Дорноговьд Чингисийн Есэн хөлт цагаан туг, 800 жилийн тэртээх хатны бунхан бий
“I Love Mongolia 2015″ түншлэлийн багийнхан Дорноговь аймгийн Сайншанд хотод зочиллоо. Манай сурвалжлагын багийнхан аймгийн музей сургалт судалгааны төвөөр зочилсон юм. Монгол улсын эдийн засгийн чөлөөт бүс, урд хөрштэй харьцах гол үүд хаалга болсон тус хотыг бид Эрээнтэй холбох гүүр гэж харж байснаас бус Монгол улс төдийгүй дэлхийн цорын ганц хосгүй ховор үнэт олдвортой, давтагдашгүй өв соёлын өлгий нутаг гэдгийг тэр бүр мэддэггүй байсан аж.
Мөн Дорноговь аймгийн музейд тус нутгаас олдсон үнэт эрдэнийн чулуунууд, үлэг гүрвэлийн олдворууд, угсаатан ястны хувцас хэрэглэл зэрэг олон үзмэр хадгалагдах аж. Хамгийн сонирхолтой нь Чингис хааны Их Монгол Улсаа байгуулахдаа шүтээн болгож ирсэн Есэн хөлт цагаан тугийн дагуул найман тугийн нэг музейн гол танхимд байсан билээ. Энд 6000 орчим үзмэр байдаг ажээ.
Дорноговь аймгийн музей, сургалт судалгааны төвийн захирал Г.Цагаандэрэм: Чингисийн 9 хөлт цагаан тугийн дагуул 8 тугийн нэг манайд бий
- Дорноговь аймгийн музей, сургалт судалгааны төв нийтдээ хэчнээн үзмэртэй вэ? Түүнээс хэчнээн үзмэрийг ил гаргаад байна вэ?
- Манай музейн хувьд 6000 орчим үзмэртэй. Үүнээс 60 орчим хувийг нь ил тавиад байна. Түүнчлэн манай музейд Монгол Улс төдийгүй дэлхийн хосгүй ховор үзмэрийн тоонд багтах 10 гаруй үзмэр бий. Ялангуяа 2005 онд олдсон 800-аад жилийн өмнөх хатны булшыг дурдахгүй байхын аргагүй. Мөн Чингис хааны есэн хөлт цагаан тугийн дагуул 8 тугийн нэг ч манайд бий. Манжийн хаант улс хүчирхэгжих үест язгууртнууд уг гарвалаа гээхгүйн тулд тугийг нэг, нэгээр нь салгаж байршуулсан бөгөөд тэдгээрийг нэгийг 1600-аад оны сүүлээр Хутагт уул орчимд 100 орчим дагуулын хамт авчирч суурьшуулсан байдаг.
Тугийг дагаж ирсэн 100 гаруй өрхийн үр хүүхдүүд нь ч одоо байна. Гэвч 1930-аад оны төрийн их үймээний үеэр шатаагдсан байдгаас тугийн орой зэсэм, ишэнд нь байсан амь оршуулга бурхан, сэлэм далайж, алтадсан дүртэй хамгаалалтын баатар үлдсэн байдгийг тугийн дагуулын үр хойч нарын аман яриагаар ахин сэргээж, гол танхимдаа байршуулаад буй.
Түүнээс гадна XIX зууны сүүл, XX зууны эхэн үеэр бүтээгдсэн задгай утсан хатгамал байна. Энэ задгай утсан хатгамал нь Монгол улсад үлдсэн 7, 8-хан хатгамлаас хэмжээгээрээ хамгийн том нь юм. Үүнийг бүтээсэн хүн нь одоогийн Дэлгэрэх сумын гарвалтай Нямбуугийн Амайхүү бөгөөд 1910 онд бүтээсэн гэгддэг.
Хүннүгийн үеийн сэргээх малтлагаар гарч ирсэн өдгөөгөөс лавтайяа 5000 орчим жилийн өмнөх үед хамаарах аяга гарч ирсэн нь мөн л манай музейд хадгалагдаж байна. Тус олдвор бол Түүхийн хүрээлэнгийн баталснаас манай улсын хамгийн эртний үед хамаарах олдвор юм. Ингээд үлдсэнийг манай музейтэй танилцах үедээ харах биз ээ.
О.Цэвэгсүрэн: Эмээ нь чаддаг ганц юмаараа ч болов залуучууддаа үлгэрлэхийг хичээдэг
- Би уул нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат хүн. Гэхдээ аймгийн төв дээр үзэсгэлэнд оролцох гээд ирчихсэн байна. Залуучуудыгаа монголынхоо уламжлалт өв соёлыг таньж, хадгалж үлдээсэй гэсэндээ л өдий хүртэл үүнийгээ хийгээд сууж байна даа. Одоо нас 82 зооголж явна.
- Таны эдгээр бүтээл бусад ноосон урлалаас юугаараа оцнлог вэ?
- Манай говьд тэмээний ноос хамгийн элбэг зүйл. Эрчтэй сайхан тоноод өгвөл маш бат бөх, хэдэн үеэ дамнаж ирнэ. Монгол ахуйд хамгийн тохиромжтой зүйл бол тэмээний ноосон урлал гэдэг. Иймд манай дарга миний хийсэн урлалуудыг үзэсгэлэнд тавьж, залуучуудад дэлгэн үзүүлж, таниулах их сонирхолтой. Гэхээ одоо үед тэмээний ноосон урлалаар дагнаж байгаа хүн бараг алга даа.
- Тэгвэл таныг дагаж, тэмээний ноосоор урлаж сурах сонирхолтой олон залуус байдаг байх даа?
- Залуу байхад гайгүй олон хүнд зааж өгсөн. Гэхдээ төвд ирээд намайг хүн танихгүй, би хүн танихгүй болохоор тэр болгон заагаад байж чаддаггүй. Ямартай ч үзэсгэлэнд ирээд ор гэдэг. Би ч үзэсгээнд оролцоод хүүхэд багачуудад үзүүлж таниулах дуртай байдаг юм. Ер нь Монголоо Монголоор нь авч үлдэнэ гэдэг өнөө цагт их чухал байх шиг байна. Тийм ч учраас эмээ нь чаддаг ганц юмаараа ч болох залуучууддаа үлгэрлэн дуурайхыг хичээж ирлээ. Гэхдээ цаашид хэр удаан наслахыг хэлж мэдэхгүй болохоор суръя заалгая гэсэн болгонд л амжиж заахаар хичээж явна.
С.Нүрмаа: Шоронгоос гараад ирэхэд нь нутгийнх нь бүх лам нарыг бариад явчихсан байсан гэдэг
- Би бол Дорноговь аймгийн Дэлгэр сумын уугуул, Сайншанд сумын суугуул иргэн. Миний ээжийн аав Ойдов тайж гэж хүн байсан. Түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг өдгөө шүтэж, хамгаалаад явж байгаа хүн. Түүний хүү нь хувилгаан Гүнд гэж хүн байсан. Ингээд тайж, хувилгаадын үр сад болох бид тэдний эдэлж хэрэглэж явсан эд өлгийг хамгаалж дээдлээд шүтээд явж байна даа.
- Хэлмэгдүүлэлтийн үед хутагт хувилгаадыг барьж хорих, эдлэл хэрэглэлийг нь хураах, шатаах үзэгдэл түгээмэл байсан гэдэг. Тэр хүнд хэцүү цагийг яаж даван туулж, өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн юм бол оо?
- Тэр үед лам нарт их татвар, төлөөс ноогдуулдаг байсан юм билээ. Гэтэл манай нагац тэр татварыг нь төлөхгүй гэж явсаар баригдаад, шоронд явчихсан гэдэг. Ингээд Хэнтийн Бэрлэгийн шоронд 2 жил хоригдоод гарч ирэхэд нь бүх лам нарыг бариад явчихсан байсан гэдэг. Ингээд хар хүн болж бурхан тахилаа ууланд гарч нуугаад амьд үлдсэн гэдэг юм.
Иймд тэр хүний удам угсааг залгаж яваа хүний хувьд эцэг, өвгөдийнхөө үлдээсэн эд өлгийн зүйлсийг үр хүүхэддээ хадгалан үлдээж, цаашид ч нандигдан шүтэж явахыг чухалчлан захих нь зүйтэй.
Б.Мөнхбаатар: Морь болгон тухайлсан нэг амьтны шинжтэй байдаг
- Сийлбэр гэдэг дотроо олон янз байдаг. Гэхдээ миний хувьд монгол гэрт төрж өссөн хүн болохоор ч тэр үү монгол ахуйгаа тусгахыг хичээдэг. Тэр дундаа монгол морины зан авир, явдал гишгээ, байр байдал зэргийг нарийн тусгахыг хичээдэг хүн. Тухайлбал морь болгон амьтны шинжтэй байдгаас шувуун шинжтэй, бөхөн шинжтэй, тахь шинжтэй гээд нэрлэж болно. Тэр болгоныг нарийн гаргаж өгөх нь зүйтэй байгаа юм. Түүнчлэн нэгэнт өдий насалсных монголынхоо нэг өв соёл болох сийлбэрийг дүү нартаа зааж сурган, монгол ухаанаа авч үлдэхийг хичээдэг.
Бэлтгэсэн: Б.Хишигдэлгэр
Гэрэл зургийг: Э.Ганзориг
URL: